2017
Шашны дэлхий дахинд үзүүлэх чухал нөлөө
June 2017


Шашны дэлхий дахинд үзүүлэх чухал нөлөө

Ахлагч Өүкс 2016 оны 6-р сарын 9-нд Английн Оксфордын их сургууль дээрх шашны эрх чөлөөний чуулган дээр энэ үгийг хэлжээ.

Бид бүх эрх чөлөөгөө ноцтой эрсдэлд оруулалгүйгээр нийгэм дэх шашны нөлөөнөөс ангижирч чадахгүй.

religious scenes

© Getty Images-ийн гэрэл зураг

Би 30 гаруй жилийн турш Есүс Христийн Арванхоёр төлөөлөгчийн нэг байлаа. Бид Тэргүүн Зөвлөлийн зааж чиглүүлснээр 16 сая шахам гишүүнтэй 30 000 гаруй цуглаан бүхий дэлхий дахины Сүмийг удирддаг. Бид Есүс Христийн тэнгэрлэг байдал, санваар, сургаалынх нь бүрэн байдлын талаар зааж, гэрчилдэг. Бурхан илчлэлт хүлээн авч, өнөөгийн нөхцөл байдалд Өөрийнх нь зарлигуудыг хэрхэн хэрэгжүүлж дагахыг заах бошиглогч, төлөөлөгчдийг дуудсаар байгаа хэмээх бидний мэдлэг манай сургаалын онцлог билээ.

1. Дэлхий даяарх шашны ач холбогдол

Шашны эрх чөлөө нь амьдралын маань туршид миний дуртай сэдэв байсаар ирсэн. 54 жилийн өмнө Чикагогийн их сургуульд залуу хуулийн профессор байхдаа хянаж хэвлүүлсэн анхны ном маань Нэгдсэн Улс дахь сүм, төр засгийн хоорондох харилцааны тухай байсан юм.1

Өнөөдөр бидэнд улс төр, маргаан шийдвэрлэлт, эдийн засгийн хөгжил, хүмүүнлэгийн тусламж зэрэг өөр олон зүйл дэх дэлхий даяарх шашны ач холбогдол тэр үеийнхээс ч илүү их үгүйлэгдэж байна. Дэлхийн хүн амын наян дөрвөн хувь ямар нэгэн шашин шүтдэг2 боловч дэлхийн хүн амын 77 хувь нь шашны эрх чөлөөг өндөр эсвэл маш өндөр хязгаарладаг улс орнуудад амьдарч байна.3 Шашин болон дэлхий дахины санаа зовоосон асуудлууд, засгийн газартай шашин нь ямар хамаатай зэргийг ойлгох нь амьдарч буй дэлхийгээ илүү сайхан газар болгоход нэн чухал.

Хэдийгээр шашны эрх чөлөө нь дэлхийн ихэнх хэсэгт мэдэгдэж танигдаагүй мөн төрөөс сүм хийдийг тусгаарлах үзэл, хэт туйлшрал зэрэгт заналхийлүүлж байгаа ч мөн шашны хамгаалахыг эрэлхийлдэг эрх чөлөө нь Бурханаас өгөгдсөн зайлшгүй байх ёстой зүйл хэдий ч иргэдийнхээ сайн сайхан байдлыг эрэлхийлдэг засгийн газрын хамтын ажиллагаагаар дамжин хэрэгждэг гэдгийг би хэлмээр байна.

Иймээс засгийн газар иргэдийнхээ төлөө шашны эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18-р зүйлд заасанчлан “Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана.”4

Дагагчдаараа дамжуулан хүлээдэг шашны нэмэлт үүрэг хариуцлага бол шашны эрх чөлөөгөө хамгаалдаг улс орны хууль, соёл уламжлалыг дагах явдал юм. Энэ нь шашны эрх чөлөө хамгаалагдсан үед баяр талархалтай хийх ёстой зүйл мөн.

Хэрэв эдгээр ерөнхий зарчмыг нийтээрээ хүлээн зөвшөөрч, дагадаг байсан бол шашны эрх чөлөөний тухай эдгээр хэлэлцүүлгийг явуулах хэрэгцээ гарахгүй байсан биз ээ. Гэвч бидний мэдэж байгаачлан энэ дэлхий маань эдгээр ерөнхий зарчмын талаарх зөрчилдөөн тэмцлээр дүүрэн байна. Жишээлбэл, нөлөө бүхий хүмүүсийн дуу хоолой шашинд үзүүлэх онцгой хамгаалалтыг тэр чигээр нь үгүйсгэж байна. Нэг ном Шашнаас ирэх эрх чөлөө гэсэн гарчигтай байхад өөр нэг ном Шашныг яагаад хүлцэх ёстой вэ?5 гэсэн гарчигтай байна.

Бусад дуу хоолой сүм, синагог, лалын сүм хийдэд заах шашны эрх чөлөөг хязгаарлан, олон нийтийн өмнө шашны зан үйлийн ёслол үйлдэхийг хориглосноор шашныг болон итгэгчдийг үлдэн шахаж гаргахыг эрэлхийлж байна. Эдгээр оролдлого түгээмэл тунхаглалын “нийтийн өмнө болон хувийн журмаар” шашнаа эсвэл итгэл үнэмшлээ тунхаглах эрхийг зөрчиж байгаа нь ойлгомжтой. Шашны зан үйлийн ёслол үйлдэх эрх чөлөө нь олон нийтийг хамруулан боловсрол, анагаах ухаан, соёл гэгээрлийн салбарт гаргадаг итгэгчдийн хүчин зүтгэлд ч хамаатай.

2. Нийгэм дэх шашны үнэ цэн

Шашны итгэл үнэмшил, зан үйл нь мунхаглал ба засгийн газрын болон нийгмийн чухал зорилтуудтай харшилдаг гэсэн шүүмжлэл хүртдэг. Би шашныг нийгэмд маш их үнэ цэнтэй гэдэгт итгэдэг. Нэгэн шашингүй үзэлтэн сүүлийн үеийн нэг номон дээр “Барууны соёл иргэншлийн гол үнэ цэн шашин дээр үндэслэсэн гэдгийг мөн шашин шүтэх байдал багасах нь тэдгээр үнэ цэнийг сулруулна гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнд санаа тавихын тулд аливаа хүн шашны итгэгч байх шаардлагагүй” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.6 Тэдгээр “гол үнэ цэнийн” нэг нь хүн төрөлхтний байгалиас заяасан үнэлэмж, үнэ цэнийн тухай ойлголт юм.

historical figures

Нийгэм дэх шашны үнэ цэнийн өөр бусад долоон жишээг доор хуваалцъя.

1. Барууны соёл иргэншлийн ёс суртахууны хамгийн чухал олон хөгжил дэвшилд шашны зарчмууд нөлөөлж, тэдгээрийг хүлээн зөвшөөрүүлэхэд шашны сургаал номлол чухал үүрэг гүйцэтгэсэн. Жишээ нь, үүнд Их Британийн эзэнт гүрэн дэх боолын худалдааг халах, Нэгдсэн Улс дахь Боолчлолоос чөлөөлөх тунхаг, сүүлийн хагас зуун жилийн Иргэний эрхийн хөдөлгөөн орно. Эдгээр ахиц дэвшил нь шашнаас ангид ёс зүйгээр удирдуулж, урагшлаагүй харин үүнд ёс суртахууны хувьд зөв болох зүйлийн талаар шашны талаас тодорхой ойлголттой хүмүүс гол үүрэг гүйцэтгэсэн билээ.

2. Нэгдсэн Улс дахь энэрлийн ажлын хамгийн том хувийн хэвшил болох боловсрол, эмнэлэг, ядуусыг халамжлах болон өөр тоолж баршгүй олон агуу үнэ цэнтэй энэрлийн ажлууд нь шашны байгууллага, шашны санаачилгаар үүсгэн байгуулагдаж мөн шашны байгууллагаас ихээхэн хэмжээний дэмжлэг авсаар байна.

3. Барууны соёл иргэншил нь зөвхөн хуулийг дагаж мөрдсөнөөр оршин тогтнодоггүй, ингэх нь ч биелшгүй зүйл бөгөөд харин зөв зан авирын дотоод хэм хэмжээгээр сайн дурын үндсэн дээр дуулгавартай дагадаг хүмүүсийн ачаар оршин тогтнодог. Олон хүний хувьд буруу зөвийн талаарх шашны итгэл үнэмшил, Бурханы өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нь сайн дурын ийм хувийн сахилга батыг бий болгодог юм. Үнэндээ шашны үнэ цэн, улс төрийн бодит байдал хоёр Барууны үндэстнүүдийн гарал үүсэл, цаашдын ирээдүйтэй нягт холбоотой учраас бид бүх эрх чөлөөгөө ноцтой эрсдэлд оруулалгүйгээр нийгэмдээ байх шашны нөлөөнөөс салж чадахгүй.

4. Хамтын үүрэг хариуцлагаас гадна шашны байгууллагууд засгийн газрын хувь хүн, хувийн байгууллагуудад үзүүлэх хүчийг сааруулж, хязгаарлахад зуучлалын үүрэг гүйцэтгэдэг.

5. Шашин нь олон олон итгэгчийг бусдад үйлчлэхэд урамшуулснаар энэ нь эцэстээ улс нийгэмд агуу ашиг тусаа өгдөг.

6. Шашин нийгмийг хүчирхэгжүүлдэг. Рабби Жонатан Саксын зааснаар “[Шашин] нь нийгмийг бүтээн байгуулах дэлхийн хамгийн хүчирхэг зүйл байсаар байна. … Шашин нь хэрэглээг эрхэмлэсэн цаг үеийн индивидуализмын эсрэг хамгийн сайн ерөндөг юм. Нийгэм шашингүйгээр оршин тогтнож чадна гэдэг үзэл санаа бол түүхтэй зөрчилдөж буй хэрэг.”7

7. Эцэст нь, бизнесийн удирдлага, инновацын чиглэлээр дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэн бодогч хожмын үеийн гэгээнтэн Клэйтон М.Кристэнсэн8 “шашин бол ардчилал, хөгжил дэвшлийн үндэс” гэж бичжээ.9 Шашны эдийн засгийн хөгжилд оруулах эерэг хувь нэмрийн талаар үүнээс ч илүүг хэлж болох байх.

Би шашны сургаал, шашнаар өдөөгдсөн итгэгчдийн үйлдэл эрх чөлөөтэй, баялаг нийгэмд нэн чухал бөгөөд хууль ёсоор онцгой хамгаалуулах эрхтэй хэвээрээ байх болно гэдэгт итгэдэг.

3. Шашны харилцан үүрэг хариуцлага

Би зөвхөн засгийн газрын шашны итгэгчид, шашны байгууллагуудын өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар ярилаа. Харин одоо шашны болон үүний итгэгчдийн засгийн газрын өмнө хүлээх үүрэг хариуцлагын талаар ярих гэж байна.

Засгийн газар нь хамгаалж буй хүмүүсээсээ хуулиудыг дагаж, соёл уламжлалыг хүндэтгэхийг хүсэх эрхтэй гэдэг нь тодорхой. Засгийн газар улс орныхоо хилийг хамгаалах, иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад хамгийн их ач холбогдол өгдөг. Засгийн газар нь шашны байгууллагыг оролцуулан бүх байгууллагаас үзэн ядалтыг номлохгүй байх, хүчирхийлэл эсвэл гэмт хэргийн шинжтэй бусад үйлдлийг өдөөх үйлдэл гаргахгүй байхыг шаардах эрхтэй. Ямар ч улс орон терроризмыг дэмждэг байгууллагад орогнох байр олгож болохгүй. Шашны эрх чөлөө нь эдгээр нөхцөл байдалд засгийн газарт саад болдоггүй.

Өнөөдөр шашин ба засгийн газар хоорондын харилцан чиг үүрэг нь Европт маш ноцтой эрсдэлд ороод байна. Ихэнх нь лалын шашны уламжлал соёлтой асар олон тооны дүрвэгч өөр соёл, шашинтай улсуудад нүүн ирж байгаа нь улс төр, соёл, нийгэм, санхүү, шашин шүтлэгийн хувьд ноцтой бэрхшээлүүд үүсгэж байгаа нь тодорхой.

refugees

Шашин ба шашны байгууллагууд дүрвэгчдэд болон тэднийг хүлээж авч буй улс орнуудад урт болон богино хугацаанд ямар тусламж үзүүлж болох вэ? Зарим мэргэжилтэн эдгээр асуудалд үзүүлэх шашны байгууллагын ач холбогдолд эргэлздэг бол зарим нь бүр шашныг нэмэр болохоосоо нэрмээс болж байна гэж үздэг. Би өөрийнхөө сайн мэддэггүй баримтууд дээр үндэслэсэн үзэл бодлуудыг үгүйсгэх гэсэнгүй. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн бодлого, туршлагаас хуваалцаж, энэ нь шашны байгууллагуудын урт болон богино хугацаанд үзүүлж чадах мөн үзүүлэх хэрэгтэй эерэг нөлөөг харуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хожмын үеийн гэгээнтэн буюу Мормон гэдгээр танигдсан бид өлссөнийг хооллон, харь хүнийг гэртээ оруулах Христийн сургаалыг шууд утгаар нь хүлээж авдаг (Матай 25:35-ыг үзнэ үү). Бид мөн “ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдыг бүх зүйлд санаж байгтун, учир нь үүнийг үл хийдэг тэрээр, мөнхүү тэр нь миний шавь биш бөлгөө” (С ба Г 52:40) хэмээх адил эх сурвалжаас ирсэн орчин үеийн илчлэлтээр удирдуулдаг.

Ядуус хийгээд гачигдагсдыг халамжлах нь манай Сүмийн дуртай үедээ хийдэг эсвэл ач холбогдол багатай зүйл биш билээ. Бид үүнийг дэлхий даяар хийдэг. Жишээлбэл, 2015 онд бид 56 оронд яаралтай тусламжийн 177 төслийг хэрэгжүүлсэн. Бид мөн цэвэр ус, дархлаажуулалт, хараа зүйн тусламж зэрэг долоон өөр чиглэлээр нэг сая гаруй хүнд ач тусаа өгсөн хэдэн зуун төслийг хэрэгжүүлсэн. 30 гаруй жилийн турш эдгээр ажил нь жил тутам 40 сая ам.доллартай тэнцэж байна.

Бид хүмүүнлэгийн ажлаа дэлхий даяарх номлолын ажлаас тусгаарласнаар итгэл үнэмшил дээр үндэслэсэн байгууллагуудад тулгардаг эсэргүүцлээс зайлсхийж чадсан. Бид номлогчийн ажлыг маань албан шахалт, хоол хүнс эсвэл бусад төрлийн тус дэм бүхий нөлөөнөөс салгаж ойлгож, хүлээж аваасай гэж хүсдэг учраас хүмүүнлэгийн тусламжийг ямар нэгэн шашин харгалзахгүйгээр өгдөг юм.

4. Сүмүүд юу хийж чадах вэ?

church service

Нэгдсэн Үндэстний Байгууллага эсвэл аливаа нэг улс орны хийж чадахаас өөр ямар зүйлийг сүмийн байгууллагууд хийж чадах вэ? Би дахиад л Сүмийнхээ туршлагаас хуваалцана. Манай гишүүдийн тал хувь нь Нэгдсэн Улсад, бусад нь өөр газруудад байгаа бөгөөд тусламж үзүүлэх цар хүрээ маань хязгаарлагдмал боловч бидэнд нөлөөллийн хүрээг маань тэлдэг гурван том давуу тал байдаг.

Нэгдүгээрт, гишүүдийн маань үйлчлэлийн хэлбэр нь бидэнд бие сэтгэлээ зориулсан, туршлагатай сайн дурынхан гэсэн эх сурвалж болж өгдөг. Үүнийг тоогоор илэрхийлбэл, 2015 онд сайр дурынхан маань халамжийн болон хүмүүнлэгийн мөн Сүмийн ивээн тэтгэсэн бусад төсөлд 25 сая цагийг зориулсан байна10. Үүнд гишүүдийн хувьдаа зарцуулсан цаг ороогүй болно.

Хоёрдугаарт, бид гишүүдийнхээ хүмүүнлэгийн үйлст үзүүлдэг санхүүгийн тусламжаар дамжуулан санхүүжилтээ өөрсдөө хангадаг. Бид засгийн газрын бүтэц, хөрөнгө төсвөөс хамаарахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах чадвартай ч өөрсдийн хичээл зүтгэлийг засгийн газруудтай болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчидтэй нэгтгэн илүү агуу үр нөлөөг бий болгохыг хүсдэг. Бид шашны байгууллагуудын хүч чадалд илүү их ач холбогдол өгөхийг уриалдаг.

Гуравдугаарт, бидэнд нэн даруй дайчлах боломжтой дэлхий дахины энгийн иргэдийн байгууллага байдаг. Жишээлбэл, дэлхий дахиныг хамарсан дүрвэгчдийн асуудал дээр 2016 оны 3-р сард Тэргүүн Зөвлөл, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчид дэлхий даяарх гишүүдэд өөрсдийнхөө дунд байгаа ядуус болон “харь хүмүүст” туслах Христийн шашинтны үндсэн зарчмыг сануулсан захиасыг хүргэсэн билээ (Матай 25:35). Тэд бүх насны охид, эмэгтэйчүүдийг орон нутагтаа байгаа дүрвэгчдэд туслахад урьсан.11

2016 оны 4-р сарын нэгэн орой Европ дахь бидний төлөөлөл болсон Германы 200 гаруй мормон цугларагчид болон тэдний найзууд сайн дураараа Хэссэн, Рэйнланд-Пфальц мужууд дахь дүрвэгчдийн зургаан төвд амьдарч буй хүүхдүүдэд зориулан “тавтай морилохыг урьсан боодолтой бэлэг” 1061 ширхэгийг бэлдсэн юм. Боодолтой бэлгэнд шинэ хувцас, эрүүл ахуйн хэрэгсэл, хөнжил болон уран зургийн хэрэгслүүд байсан. Уг сайн дурын үйл ажиллагааг удирдаж байсан нэгэн эмэгтэй “Дүрвэгчдийг гэрээсээ дүрвэхэд хүргэсэн хүнд хэцүү нөхцөл байдлыг би өөрчилж чадахгүй ч тэдний амьдарч буй нөхцөлд байдалд өөрчлөлт авчирч, амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэж чадна” гэж хэлжээ.

Дэлхий даяар албан ёсоор зохион байгуулдаг хүмүүнлэгийн үйлсийн хоёр жишээг та бүхэнтэй хуваалцъя. 2015 онд ХҮГ энэрлийн байгууллага Их Британид төвтэй AMAR сантай хамтран Ирак, Сирийн Исламын улс бүлэглэлийн бай болсон хойд Ирак дахь язиди үндэстэн ястан хүмүүст зориулан эрүүл мэндийн анхан шатны тусламжийн төвүүд барьж өгсөн. Лаборатори, яаралтай тусламж, эмийн сан, хэт авиан оношлогоогоор бүрэн тоноглогдсон эдгээр эрүүл мэндийн төв нь бие махбодын болон сүнсний аль алиных нь хувьд зовж шаналж байгаа ард түмэнд эдгэрэл, тайтгарал авчирч байна. Тэд язиди үндэсний эрүүл мэндийн мэргэжилтэн, сайн дурынхныг соёл уламжлалын хувьд нүдээ олсон арга замаар туслуулахаар ажилд авсан.

Elder Holland and Emma Nicholson

2004 онд 12-р сарын 26-нд Азийн зүүн өмнөд хэсэгт болсон аймшигт газар хөдлөлт, цунами 14 улсын 230 000 хүний аминд хүрсэн билээ. ХҮГ энэрлийн байгууллага маань гамшиг болсноос хойш нэг өдрийн дараа газар дээр нь ирж, таван жилийн турш идэвхтэй хөдөлмөрлөсөн. Гамшигт хамгийн их нэрвэгдсэн Банда Аче хотод манай энэрлийн байгууллага байнга оршин суух 900 орон гэр, тосгоны 24 усны систем, 15 бага сургууль, 3 эрүүл мэндийн төв, лалын шашны 3 сүм хийд болсон олон нийтийн төв барьж өгчээ. Мөн бид хүмүүсийн шүтлэг бишрэлд туслахын тулд ариун коран судар болон залбирлын дэвсгэрээр хангасан.

Эдгээр нь нийгэмд шашны үнэ цэнийг харуулах зөвхөн цөөн хэдэн жишээ билээ. Шашин бүхий нийгэмд амьдарч буй бид зүгээр л нэг нийгэм дэх шашны үнэ цэнийг дэмжигчид биш, харин хамгийн чухал эрх чөлөө болох шашны эрх чөлөөг шаарддаг.

Эшлэлүүд

  1. The Wall between Church and State, ed. Dallin H. Oaks (1963)-ыг үзнэ үү.

  2. Pew судалгааны төв, “The Global Religious Landscape: A Report on the Size and Distribution of the World’s Major Religious Groups as of 2010,” 2012 оны 12-р сар, 9, 24, pewforum.org-ийг үзнэ үү.

  3. Pew судалгааны төв, “Latest Trends in Religious Restrictions and Hostilities,” 2015 оны 2-р сарын 26, 4, pewforum.org-ийг үзнэ үү.

  4. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1948 оны 12-р сарын 10-нд гаргасан Нэгдсэн Үндэстний Байгууллагын ерөнхий ассамблей батлав, un.org. Шашны зан үйлийг хамгаалах уг цуглуулга нь олон улсын болон орон нутгийн хүний эрхийн баримтад өргөнөөр тусгагдсан байдаг. Жишээлбэл, “International Covenant on Civil and Political Rights,” 1966 оны 12-р сарын 16, Article 18; “Declaration on the Elimination of All Forms of Intolerance and of Discrimination Based on Religion or Belief,” 1981, Article 1; “European Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms,” 1950, Article 9; “American Convention on Human Rights” 1969 оны 11-р сарын 22, Article 12; and “African Charter on Human and People’s Rights,” 1981 оны 6-р сарын 27, Article 8-ыг үзнэ үү.

  5. Амос Н.Гуйора, Freedom from Religion: Rights and National Security (2009) and Brian Leiter, Why Tolerate Religion? (2012).

  6. Мэланий Филлипс, The World Turned Upside Down: The Global Battle over God, Truth, and Power (2010), xviii.

  7. Жонатан Сакс, “The Moral Animal,” New York Times, 2012 оны 12-р сарын 23, nytimes.com.

  8. Жэнэ Макгрэгор, “The World’s Most Influential Management Thinker?” Washington Post, 2013 оны 11-р сарын 12, washingtonpost.com.

  9. Клэйтон Кристэнсэн, “Religion Is the Foundation of Democracy and Prosperity,” 2011 оны 2-р сарын 8, mormonperspectives.com.

  10. Энэ нь номлогчдын Сүмийн үйлчлэлд зарцуулсан 14 сая цаг, халамжийн болон хүмүүнлэгийн сайн дурын ажилтнуудын 8 сая цаг, тойргууд дахь халамжийн ажлын 4 сая цагийн нийлбэр дүн юм.

  11. 2016 оны 3-р сарын 26-ны Тэргүүн Зөвлөлийн захидал болон Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн захидлыг үзнэ үү.