2017
Их Эзэний цэрэг
June 2017


Их Эзэний цэрэг

Зохиогч нь Мексикийн Мехико хотод амьдардаг.

Би асуудлыг өөрөө шийдэх үү эсвэл Их Эзэний мутарт даатгаад, номлогчийн үйлчлэлдээ анхаарах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болсон юм.

soldier for the Lord

Camouflage image from Getty Images; цэргийн зураг, Krista Rossow/Getty Images

Олон жилийн өмнө би Мексикийн Монтэррэй хойд номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн юм. Номлогчийн үйлчлэлийг хийх нь үнэхээр гайхалтай боломж гэдэг мэдрэмж надад төрж билээ.

Би номлолдоо гарахдаа нэг асуудлыг шийдвэрлээгүй орхисон байв. Би цэргийн алба хаасан лавлагаагаа хараахан хүлээж аваагүй байлаа. Энэ лавлагаа маш чухал байсан бөгөөд залуу эрэгтэйг албан ёсоор цэргийн алба хаасан бөгөөд ажиллаж, сурах эрхтэй гэснийг илтгэдэг юм. Тэр хүн Мексикийн иргэн гэж тооцогдох болно.

Лавлагаа гарах өдөр ойртоход би санаа зовж эхэллээ. Би эцэг эх рүүгээ захидал бичин, цэргийн алба хаасан лавлагааг маань авах боломжтой эсэхийг асуулаа. Дараагийн захидлыг хүлээн аваад, улам бүр санаа зовов. Үүнийг зөвхөн эзэнд нь л өгөх боломжтой гэдгийг аль эрт хэлснийг тэд надад дуулгасан юм.

Би Их Эзэнд хандан залбирч, юу хийх ёстойгоо асуух нэн шаардлагатайг мэдэрсэн. Хариулт тэр даруй ирээгүй ч намайг номлолын ерөнхийлөгчдөө энэ тухай тайлбарлах хэрэгтэй гэсэн хариулт ирлээ. Би түүнтэй ярилцахдаа хоёр сонголтын талаар ярилцсан. Нэг нь зүгээр л “Их Эзэнд итгэж найдах” байсан. Хоёр дахь нь өөрийн биеэр очиж лавлагаагаа авах байлаа. Шийдвэр надад үлдэв.

Би юу хийхээ сайн мэдэхгүй байлаа. Би асуудлынхаа талаар хамтрагчдаа хэлж, бид хамтдаа дараах судрыг уншин хүчирхэгжсэн юм. “Бурханы мутарт гэдгээ та нар мэдэхгүй гэж үү? Тэрбээр бүх хүчийг эзэмшдэг, мөн түүний агуу удирдлагаар газар дэлхий хуйлмал бичиг лугаа адил хуйлагдах болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү?” (Moрмон 5:23). Энэ судар эргэлзээний мананг сарниулсан. Үүнийг уншсан үеэс эхлэн би номлолын ажилд бүх хүч чадлаа зориулах үүрэгтэй гэдгээ ойлгов. Асуудал маань Их Эзэний гарт байсан.

Хэсэгхэн хугацааны дараа би эцэг эхээсээ өөр нэгэн захидал хүлээн авлаа. Аав маань дараах захидлыг бичсэн байв.

“Хүү минь, би Батлан Хамгаалах Яаман дээр дахин нэг очиж, асуудлыг чинь шийдэж өгөх хүнийг хайсан. Би маш олон хүнтэй уулзсаны эцэст нэг газар руу очихоор болж чиглүүлэгдсэн. Аав нь тэр үед нэлээд сэтгэлээр унаж, арга тасраад байлаа. Би хамгийн түрүүнд дэлгээстэй маш том хаалгыг харсан бөгөөд хоёр сүрлэг цэрэг хажууд нь хамгаалж байв. Би зориг гарган, хаалгаар орохдоо очихоор болж чиглүүлэгдсэн нөгөө ажлын өрөөгөө олсон юм. Би хаалгыг тогшихдоо сандарч байсан ч Их Эзэний Сүнс намайг удирдаж байв.

Намайг орох үед нэгэн офицер ширээний ард сууж байлаа. Тэрээр энгэртээ нэлээд олон одон зүүсэн байсан бөгөөд хананд нь өнгө өнгийн батламж өрөөстэй байв. Тэр гарыг минь чанга гэгч атгаад, ‘Та ямар хэргээр ирэв?’ гэж асуулаа.

‘Манай хүү номлолд үйлчилж байгаа учраас цэргийн алба хаасан лавлагаагаа авахаар өөрийн биеэр ирж чадсангүй. Би түүний өмнөөс авч болох эсэхийг мэдэхээр ирсэн’ гэж хариулав.

‘Үгүй ээ. Та болохгүй. Үүнийг зөвхөн эзэн нь л авч болно’ гэж офицер хэллээ.

Тэр үед Их Эзэн намайг Сүнсээрээ гэгээрүүлж, би ‘Үүрэг хариуцлагаараа таны өмнө хариуцлага хүлээсэн олон цэрэг танд байгаа. Үүнтэй адил хүү маань энэ цаг үед Их Эзэний сайн мэдээг тунхаглах өөрийн үүргийг биелүүлж байна. Яг одоо тэр бол Их Эзэний цэрэг’ гэж хэлсэн юм.

Ингэж хэлэхэд офицер суудлаасаа босоод, ‘Танд ямар нэгэн бичиг баримт байна уу? Таны хүүг хэн гэдэг вэ?’ гэж асуув.

Намайг асуултад нь хариулсны дараа тэр нарийн бичгээ дуудаад, ‘Энэ залуу номлогчийн бичиг баримтыг надад аваад ирээч’ гэж хэллээ.

Тэр тэдгээр дээр гарын үсгээ зураад, лацдан, надад өгөв. Өөр юу ч шаардлагагүй байлаа. Би түүний гарыг талархалтайгаар чанга гэгч атгасан. Хүү минь, бичиг баримт чинь бэлэн боллоо. Чи Их Эзэнд жинхэнэ цэрэг ёсоор үйлчилж талархлаа харуулах ёстой шүү.”

Энэ захидлыг хүлээн авсныхаа дараа би миний өмнөөс ажил хэргийг маань зохицуулахын тулд Өөрийн хүчийг ашигласанд болон залбирлын маань хариуг өгсөнд мөн аавыг минь гэгээрүүлсэнд Их Эзэнд талархсан юм. Бид бүхэн Их Эзэнд бүхий л итгэл найдвараа тавин, Түүний өгсөн дараах амлалтыг хэзээ ч мартахгүй байх болтугай хэмээн би залбирч байна. “Гуй, тэгвэл энэ нь та нарт өгөгдөх болно; эрэлхийл, тэгвэл та нар олох болно; тогш тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно. Учир нь гуйсан болгон хүлээн авдаг; мөн эрэлхийлэх тэр нь, олдог; мөн тогшсон түүнд энэ нь нээгдэх болно” (3 Нифай 14:7–8).