Жинхэнэ найзаа олж мөн жинхэнэ найз байх нь
Английн Оксфордын өсвөр үеийнхэн жинхэнэ нөхөрлөлийн талаар бодол санаагаа хуваалцжээ.
Таван настайгаасаа эхлэн найзалсан хамгийн сайн найзаас эхлээд тооны хичээл дээр танилцсан шинэ сурагч гээд сайн найзуудтай байх нь чухал байдаг. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд дурдсанаар “Хүн бүрд үнэнч, сайн найз нөхөд хэрэгтэй. Тийм найз нөхөд та нарын агуу хүч мөн адислал байх болно” ([2011], 16).
Гэхдээ та нар хэрхэн сайн найзуудыг олж мөн сайн найз хэвээр байх вэ?
Бид Англи дахь өсвөр үеийнхнээс жинхэнэ нөхөрлөл гэж тэдний хувьд юу гэсэн утгатай болохыг асуусан юм. Жинхэнэ найзуудын хэд хэдэн түүхийг мөн тэдгээр найз нь хэрхэн тэднийг хүчирхэгжүүлсэн тухай уншина уу. Та нар найз нөхөд тань агуу хүч чадал авчирдаг болохыг олж мэдэж болно.
Сайн найз ямар байдаг вэ?
Аарон М.: Та нар найзуудаа харахдаа баярлаж хөөрдөг байх хэрэгтэй. Та нар тэдэнд санаа тавьж мөн тэд ч бас та нарт санаа тавьдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Та тэдэнтэй хамт байхдаа тайван тухтай байж чадна. Та тэдэнтэй хамт байхдаа хуурамч дүр эсгэх шаардлагагүй гэдгийг мэдэрдэг.
Лэйтон Х: Та нарыг дэмжиж, тайтгаруулдаг хэн нэгэн.
Мэдди Х: Та нарын итгэдэг хэн нэгэн.
Рэчел П.: Хэн нэгэнд санаа тавин, дэмждэг байх нь сайн найзын гол шинж юм.
Эмма Ф.: Миний хамгийн сайн найз тусламж хэрэгтэй үед үргэлж надтай хамт байж, тусалдаг. Би гэрээрээ сурахаар ахлах сургуулиа орхих үед тэр над руу мессеж бичиж эхэлсэн. Тэр “За сонин сайхан юу байна даа? Бид уулзаж ярилцах хэрэгтэй байх” гэж бичсэн. Тэр үед надад тийм ч их найз байгаагүй учраас бид хамгийн сайн найзууд болсон юм. Тэр намайг гунигтай байгаа үед үргэлж мэддэг. Би яаж гэдгийг мэдэхгүй ч тэр үргэлж мэдчихсэн байдаг.
Та нарын найз хэрхэн та нарыг дэмждэг вэ?
Ханна П.: Найзууд маань намайг найрал дуу дуулдаг байхад үзүүлбэрийг маань үзэхээр ирдэг байсан.
Андрю С.: Найз минь надад хөл бөмбөг тоглож сурахад үнэхээр их тусалсан.
Бэлла Ф.: Шашин судлалын ангиараа бид Сүмийн цуглааны байруудаар хамт аялсан бөгөөд тэр үед бүх номлогч тэнд байсан. Үнэхээр хөгжилтэй байсан. Бусдын шашныг үнэн сэтгэлээсээ хүндэтгэж байгаа хүнийг хараад л таньж болох учраас энэ нь сайн найзуудыг сонгоход маш сайн арга шиг надад санагдсан. Тэд “Чи хараал хэлдэггүй юм уу? За за, сайн байна. Би чиний хажууд байхдаа хараал хэлэхгүй” гэх мэт зүйл хэлсэн. Бид кофе уудаггүй тухай ярилцахад тэд “Ойлголоо. Бид кафе явах шаардлагагүй юм байна” гэж хэлсэн. Тэд бүгдээрээ маш хүндэтгэлтэй байсан.
Эмма Б.: Найзууд маань манай шашны тухай маш нээлттэй ярилцдаг бөгөөд “Чи мэдэж байгаа байх. Би чиний итгэдэг зүйлд итгэдэггүй. Гэхдээ чамд итгэлдээ хүчтэй байхад чинь туслахын тулд мэддэг мөн итгэдэг зүйлийг чинь мэддэг болохын тулд ойлгоход бэлэн байна” гэж хэлсэн.
Кэлвин Б.: Гэр маань нүүснээс хойш сургууль дээр таньдаг хүн нэг ч байхгүй байв. Миний таньдаг бүх хүн сүмийнх байсан. Өсвөр үеийнхний үйл ажиллагаан дээр тэд надад сайн ханддаг.
Эмма Ф.: Намайг анх энд нүүж ирэхэд манай тойрогт тийм ч олон залуу эмэгтэй байгаагүй учраас ХҮГ найзгүй байсан. Би ХҮГ өсвөр үеийнхний чуулган дээр нэг найзтай болсон бөгөөд энэ нь үйл ажиллагаанд ирэхэд маань маш их нөлөөлсөн. Тэр намайг найзууддаа танилцуулж, эцэст нь би ХҮГ найзуудтай болсон нь надад тус болсон.
Нөхөрлөлийг хэрхэн бий болгох вэ?
Виллиам С.: Хэн нэгэн хүн сайн уу гэж мэндэлснээр яриа өрнөж, эцэст нь та нар найзууд болдог.
Жэймс П.: Миний хувьд үйл ажиллагаагаар дамжуулан найзуудтай болдог. Би Америк руу амралтаараа явахдаа Бригам Янгийн Их Сургуулийн хөл бөмбөгийн зуслан руу явсан бөгөөд тэнд хэнийг ч таньдаггүй байсан. Эхний өдрийн орой бараг хүн бүр миний нэрийг мэддэг болсон байв. Тиймээс зүгээр л үйл ажиллагаанд оролц, үдийн хоолоо ид, нэг нэгэндээ тусал.
Сэт Х.: Адилхан сонирхолтой байх буюу та хэн нэгэнтэй адилхан зүйл сонирхдог байж болно. Хамтдаа ямар нэгэн үр ашигтай зүйл хийх нь нөхөрлөлийг үүсгэдэг.
Жинхэнэ нөхөрлөл ба олны танил байх хоёр юугаараа өөр вэ?
Сэт Х.: Нөхөрлөл бол хувийн зүйл, харин олны танил байх нь хоосон зүйл. Сургууль дээр бид хүмүүсийг спортын ур чадвараар, магадгүй залуучуудын хувьд хэдэн найз охинтой байсан зэргээр нь “олны танил” гэж ангилах дуртай. Гэхдээ чи олон сайн найзтай байж болно. Хэрэв чи сайхан зантай бол олны танил л гэсэн үг. Хэн хамгийн урт хугацаанд олны танил байна, тэгвэл сайн найзууд гэж би боддог.
Эмма Б.: Энэ нь та нарын хүмүүст хандаж байгаа хандлага юм. Учир нь би маш бүдүүлэг, олны танил олон хүнийг харж байсан. Тэд тийм ч олон хүний сайн найз байгаагүй. Гэхдээ би бас бүх хүнд сайхан ханддаг олны танил хүмүүсийг харж байсан. Энэ бол үнэхээр том ялгаатай. Энэ нь зүгээр л хандлага гэж би бодож байна. Чи хүмүүсийг өөрөөсөө дорд үзэж болохгүй. Учир нь чи тэднээс илүү биш.
Исаак П.: Хэрэв чи сайн найзуудтай бол бусад хүн чамайг юу гэж бодох нь хамаагүй, тэд чиний сайн найз хэвээрээ байх болно. Энэ бол найзуудын хийдэг зүйл.
Грэйс С.: Найзууд нэг нэгэндээ үнэнч байж, итгэл дааж чаддаг.
Та нар жинхэнэ найзуудаасаа юу сурсан бэ?
Аарон М.: Өөрөө өөртөө үнэнч байхыг. Та нар өөрөөрөө байж чадахгүй бол жинхэнэ найзуудтай болж чадахгүй. Хэрэв тэд чиний жишгүүдэд дургүй бол жинхэнэ найз биш. Мөн чамайг дэмжиж чадахгүй.
Исаак П.: Тэдний юу хэлж байгааг сайн сонс. Тэднийг ярьж байх үед битгий үл тоомсорло. Зүгээр л тэдэнд анхаарлаа хандуулж, тэднийг дэмж.
Эмма Б.: Сайн найзуудын хийдэг нэг зүйл нь чамайг ямар нэгэн зүйлд урих явдал юм. Эсвэл зүгээр л чамайг сайн байгаа эсэхийг асууж болно. Мөн энгийн хэдэн асуулт тавьж ч болно. Эдгээр жижиг зүйл бол чухал зүйлс юм.
Жэймс П.: Чи мөн арай илүү нээлттэй байж болно. Найзуудынхаа хүрээнд хүмүүсийг урьж, бусад найзтайгаа уулзаж болно. Та нар сайн найз хэвээрээ байж чадна.
Жинхэнэ найз …
Грэйс С.: Жинхэнэ найз чиний талаар мэддэг.
Андрю С.: Жинхэнэ найз үргэлж итгэл даадаг.
Жэймс П.: Тэд чамайг ойлгодог.
Лэйтон Х.: Тэдэнтэй хамт байгаа үед чи өөртөө итгэлтэй байдаг.
Кэлвин Б.: Жинхэнэ найз дэмжиж тусалдаг.