Мартины сонголт
Зохиогчид нь АНУ-ын Юта мужид амьдардаг.
Мартин цай уух ёсгүйгээ мэдэж байлаа. Тэр юу хийх ёстой вэ?
“Үнэнч бай. Үнэнч бай. Зөв зүйлийн төлөө зогс” (Children’s Songbook, 159).
Мартин аажуухан босов. Ээж нь түүний мөрийг сэгсрэн,
“Мартин, сэрэх цаг болчихлоо” гэж хэлэв.
Мартин нүдээ нухан, сэргэх гэв. Гадаа харанхуй хэвээр байсан ч тэр хэдэн цаг болсныг мэдэж байлаа. Гэр бүл нь Мормоны Номыг хамтдаа уншихаар өглөө бүр 5:30-д сэрдэг. Ийм эрт босох нь үргэлж сайхан байдаггүй.
Мартин орноосоо босоод, зочны өрөө рүү удаан гэгч алхав. Тэр суниаж, томоор эвшээлээ. Ах, эгч нар нь ч бас нойрмог харагдаж байсан ч бүгд тэнд байв.
Хүн бүр 5 минут уншдаг. Эхлээд Мартин буцаад унтахыг хүсэж байлаа. Гэхдээ тэр сонссоор л байв. Шүлэг бүр түүнийг илүү сайн сэрээж байгаа мэт санагдав. Тэднийг уншиж дуусахад Мартин сүнслэг байдлаараа хүчирхэг болсноо мэдэрчээ.
Мартинд сүнслэг хүч чадал өдөр бүр хэрэгтэй байдаг. Кени улсад Мартины насны цөөхөн Сүмийн гишүүн байдаг бөгөөд бүгд алс хол амьдардаг. Хичээлийн дараа Мартин Католик сүмээс зохион байгуулдаг хөвгүүдийн клубт явдаг байлаа. Нэг долоо хоногт клуб аялалд явахаар болжээ.
Мартин цагийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөв. Тэр аяллын дуу дуулж, мод хагалав. Тэр бас түүдэг гал асаахад тусаллаа.
Гэхдээ хоёр дахь өдөр нь нэг удирдагч цайны данх барин ирж, “Бүгдээрээ одоо сайхан цайлцгаана” гэв.
Хөвгүүд догдолж байлаа. Тэд заримдаа онцгой үйл явдлаар гэртээ цай уудаг байв. Тэд бүгдээрээ аягаа шүүрээд, удирдагчийнхаа цай аягалж өгөхийг хүлээж байлаа.
Мартин бага зэрэг сандрав. Тэр цай уух ёсгүйгээ мэдэж байлаа. Гэхдээ тэр найзуудаа гомдоохыг хүссэнгүй.
Тэр зарлигуудыг сахих үед ямар мэдрэмж мэдэрдгээ санав. Гэр бүл нь бошиглогчийг даган, Мормоны Номыг хамтдаа унших үед тэр аз жаргалтай болдог. Тэд эдгээрийг хийгээгүй үед тэр ийм аз жаргалыг мэдэрдэггүй.
Мартин юу хийх ёстойгоо мэдэж байлаа.
Удирдагч Мартинд цай аягалж өгөхөөр ирэхэд “Би уухгүй. Баярлалаа” гэж хэлэв. “Би цай уухыг хүсэхгүй байна.”
Удирдагч гайхсан байдалтай байсан ч бусад хөвгүүнийг цай уух хооронд ус уухыг Мартинд зөвшөөрөв. Зарим хөвгүүн Мартины цай уугаагүй шалтгааныг мэдэхийг хүссэн ч хэн нь ч түүнийг шоолсонгүй. Мартин аз жаргалтай байлаа. Мэргэн ухааны үг түүний бие махбодыг хүчтэй болгодог гэдгийг тэр мэдэж байв. Тэр мөн зөв зүйл хийх хангалттай хүчтэй байгаадаа баяртай байлаа.