2017
Тэнгэрлэг Эцэг маань харж хандаж байгаа
June 2017


Эргэцүүлэл

Тэнгэрлэг Эцэг маань харж хандаж байгаа

cowboys

Гэрэл зургийг Tobias Keller/Unsplash

Альцхаймерын өвчин оюун санааг нь гэмтээхээс өмнө аав маань үргэлж хүүхдүүддээ түүх ярьж, дуу дуулж өгдөг байсан. Тэр дүүг маань өвөр дээрээ суулгаад, өсвөр насандаа муураа мөрөн дээрээ суулган, үхэр хариулж явснаас эхлээд АНУ-ын Юта мужийн Эскалантын улаан хадан дээрээс гулгаж байсан түүхээ хүртэл хуучлах үед намуун дуу хоолой нь өрөөгөөр нэг хүнгэнэдэг байсныг би санадаг. Дүүгийн маань нүд анилдаж эхлэхэд түүхээ ярихаа больж, нөгөө л үхэрчний бүүвэйн дуугаа аялдаг байсансан.

Унтамхай нүдээ аниарай, бяцхан үхэрчин минь

Тэнгэрлэг Эцэг чинь чамайг харж халамжилж байгаа.

Дахин нэг өдөр өнгөрч, унтах цаг боллоо.

Одоо ингээд нойрс доо, бяцхан үхэрчин минь.1

Одоо дүү маань эцэг хүн болж, аав минь АНУ, Калифорнийн Сан Диего дахь эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Тэр дал моддыг харж байгаа ч өөрийгөө эрдэнэ шиш, улаан лооль, ногоон буурцагны талбайг усалж буй хөвгүүн гэж боддог. Гэхдээ тийм биш. Тэр энэ хорвоогоос явах гэж байна.

Ээж, ах, эгч, дүү нар маань өдөр бүр түүний орыг тойрон цуглардаг. Намайг АНУ-ын Ютагийн уулс дундах гэртээ байхад ээж минь залгаад, аавд хуучны гэр бүлийн зургуудыг үзүүлэх үед енхгөр нүүрэнд нь инээмсэглэл тодордог тухай ярьдаг. Бусад үед аль эрт нас барсан ах нар нь түүний оюун санаа, зүрх сэтгэлд хоногшин үгүйлэгдэж байдаг юм. Ээж маань түүнд хоол идүүлэхийг хичээдэг ч тэр татгалздаг. Тэр түүнд ах нарынхаа хэдэн загас барьсныг болон оройн хоолоо идэхээс өмнө морьдоо харж хандах ёстой гэж хэлдэг байна.

Бид аав минь энэ мөнх бус амьдралаас явсны дараа “өөрсдийн бүх бэрхшээлүүд мөн санаа зоволт хийгээд харамслаасаа амрах диваажинд … өөрсдөд нь амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигдах болно” гэдэг мэдлэгтэйгээ ээлж дараалан эвлэрч эхэлсэн юм (Алма 40:11–12).

Намайг ээж рүү залгахад тэр аавд утсаа өгдөг. Гайхалтай нь, тэр надад “Унтамхай нүдээ аниарай, бяцхан үхэрчин минь. Тэнгэрлэг Эцэг чинь чамайг харж хандаж байгаа” гэж дуулж эхэлдэг юм.

Аав маань үнэхээр намайг таньж байгаа эсэхэд би эргэлздэг. Тэр танихгүй байж болох ч энэ дуу зүрх сэтгэлийг маань баярлуулдаг бэлэг шиг санагддаг. Би Тэнгэрлэг Эцэгээс маань ирэх энэхүү нигүүлсэлд мөн Түүний авралын төлөвлөгөөнд талархан нулимс унагадаг. Төд удалгүй бүүвэйн дуу дуусахад аавын минь нүд анилдаж эхэлж байгааг би төсөөлдөг. Энэхүү мөч дуусдаг ч би үхэл бол биднийг Өөр дээрээ авчрах Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг гэдэгт найддаг. Би энэ амьдралд хагацал үзэх явцдаа Бурханы төлөвлөгөөнд мөн бид бүгдийн төлөөх Түүний хайранд итгэдэг. Би “Сайхан амраарай, ааваа. Одоо унт даа. Тэнгэрлэг Эцэг маань таныг харж хандаж байгаа” гэж шивнэдэг юм.

Эшлэл

  1. Жак Сколл, М.К.Жэромэ, “My Little Buckaroo” (1937)-г үзнэ үү.