Таны хувийн луужин
Хэрэв та нар өөрийн гэсэн сүнслэг GPS-тэй байсан бол сайхан биш гэж үү? Та нар патриархын адислалаараа дамжуулан өөрийн гэсэн GPS-тэй байж чадна.
Заримдаа амьдрал хүнд хэцүү санагдаж болно. Ирэх хэдэн жилд ариун сүмд ороход бэлтгэх, сайн мэдээг хуваалцах мөн сургууль, ажил мэргэжлээ сонгох зэрэг олон чухал сонголт замд тань тааралдах болно. Та нар дөнгөж өсвөр насандаа яваа! Та нар Лихайтай адил зөвхөн анхаарлаа хандуулж чадсанаар л та нарыг зам дээр тань байлгах баталгаатай Лиахонаг гэрийнхээ гаднаас олбол гайхамшигтай биш гэж үү?
Үнэндээ та нарын амьдралд залбирал, судар мөн эцэг, эх, удирдагчдын зөвлөгөө, Ариун Сүнсний өдөөлт, Ерөнхий чуулган зэрэг удирдамж өгөх олон олон эх сурвалж байдаг. Эдгээр жагсаалт дээр нэмэх өөр нэг эх сурвалж нь хувийн Лиахона буюу патриархын адислал юм. Энэ нь та нарыг үүрд мөнхөд мэддэг Тэнгэрлэг Эцэгээс ирдэг, та нарт зориулсан, та нарын тухай хувийн илчлэлт юм.
Патриархын адислалаа сүнслэг GPS гэж бодоорой. Энэ нь та нарын хэн болохыг мөн хаанаас ирсэн гэдгийг мэдүүлэхээс гадна яагаад энд байгааг болон хаашаа явах ёстойгоо ойлгоход тань тусалдаг. Патриархын адислалаас ирэх удирдамж нь Лихайн Лиахонаг хэрхэн ажиллуулж байсантай адил зарчмыг буюу анхаарал, хичээнгүй байдлыг шаарддаг (1 Нифай 16:28; Мозая 1:16-г үзнэ үү).
Анхаарал ба хичээнгүй байдал
Анхаарал ба хичээнгүй байдал гэж юу вэ? Анхаарал гэдэг нь зөвхөн сонсох төдий биш анхаарал тавихыг хэлнэ. Үүнтэй холбоотой нэг үг нь сонсох мөн дуулгавартай дагах гэсэн утгатай анхааран сонсох гэсэн үг юм. Патриархын адислалыг амьдралдаа Лиахонатай адил үйлчилгээтэй байлгахын тулд та үүнийг зүгээр нэг унших бус, дагах ёстой.
“Бүх эрин үед цэдэглэсэн судруудад Бурханы зарлигуудыг анхааран сонсож, дагаснаар Түүнийг гэсэн хайраа харуулдаг болохыг заадаг” хэмээн Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлжээ. “Энэ хоёр үйлдэл хоорондоо нягт холбоотой. Үнэндээ, Хуучин Гэрээний еврей хэл ихэнх тохиолдолд (Их Эзэнийг) анхааран сонсох мөн (Түүний үгэнд) дуулгавартай байх хоёрыг хоёуланг нэг үгээр хэлдэг.”1
Хичээнгүй байдал нь патриархын адислалаасаа суралцах өөр нэг түлхүүр юм. Хичээнгүй байх гэдэг нь үнэнч шударга, хянамгай, шаргуу байх гэсэн үг. Энэ нь тууштай, дуусашгүй хичээл зүтгэлийг хэлдэг. “Энэ нь Их Эзэн өөрөөс чинь хүсэн хүлээдэг зүйлийг олж мэдээд, түүнийг биелүүлэх төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллах явдал мөн” хэмээн Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хэлжээ.2
Хэрвээ та нар патриархын адислалаа үр ашигтай байлгахыг хүсвэл үүнийг чин сэтгэлээсээ, идэвхтэйгээр хичээл зүтгэл гарган судалж, үүнийгээ үйлдэл болгох төлөвлөгөө гарган, тэдгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүл.
Даган дуурайх үлгэр жишээ
Залуу Алма Лиахона нь бидний амьдралдаа даган дуурайх “хэв шинж” буюу үлгэр жишээ хэмээн хүү Хиламандаа зөвлөжээ. Тэрээр Алма 37:38–45 дээр ийн хэлжээ.
-
Хаашаа аялахыг заадаг энэ луужин нь Их Эзэнээр бэлтгэгдсэн.
-
Энэ нь Бурханд итгэх итгэлээр ажилласан ба “олон гайхамшиг Бурханы хүчээр өдөр өдрөөр авчрагдсан.”
-
Мөн “ер бусын ажлуудыг” гүйцэлдүүлэхийн тулд “өчүүхэн арга хэрэгслүүдийг” ашигласан.
-
Лихай болон түүний гэр бүл итгэл, хичээнгүй байдлаа хөгжүүлэхээ мартсан учраас “ер бусын ажлууд зогссон” мөн “тэд аян замдаа урагшилсангүй”.
-
Тэд анхаарлаа төвлөрүүлээгүй үедээ зөв замаар явж чадахгүй байсан.
-
Шулуун замыг заах Христийн үгэнд анхаарал хандуулах нь хялбар зүйл юм.
Эдгээр зарчим ч мөн адил патриархын адислалд маань хамаатай. “Зам нь бэлтгэгдсэн, мөн хэрэв бид харвал бид үүрд амьдарч болох болно” (Алма 37:46).