Гэрээнүүдээ сэргээх нь
Би гишүүнчлэлээс хасуулан, гэрээнүүдээ алдсаны дараа тэдгээрийг нандигнан хүндэтгэж сурсан юм.
Би Сүмд өсөж том болсон бөгөөд найман настайдаа баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан. Сайн мэдээ миний хувьд болон эргэн тойронд маань байгаа ихэнх хүний хувьд амьдралын хэв маяг байсан. Ариун Сүнс амьдралд маань маш ойрхон байдаг байв.
Гишүүнчлэлээс хасуулах үед ямар нэгэн бодит мэдрэмж намайг орхиж байгааг би мэдэрсэн. Миний бодож сэтгэх үйл явц тасалдаж удаашран, шийдвэр гаргахад бэрх, ээдрээтэй болж хувирав. Сэтгэл минь түгших болж, амар амгаланг мэдрэхэд түвэгтэй болсон.
Гишүүнчлэлээ алдах нь амьдралыг маань орвонгоор нь өөрчилж болохыг би хэзээ ч ухаараагүй явсан. Би ариун сүмийн гармент өмсөж эсвэл ариун сүмд орж чадахаа больсон. Мөн би аравны нэгээ төлөх, дуудлагад үйлчлэх, ариун ёслолоос хүртэж, Сүмд гэрчлэлээ хуваалцан, залбирах боломжоо алдсан. Ариун Сүнсний бэлэг намайг орхисон байв. Хамгийн чухал нь би баптисм болон ариун сүмийн ёслолоор дамжуулан Аврагчтайгаа байгуулсан гэрээт харилцаагаа алдсан юм.
Би цочролд орон, айж эмээсэн. Тэр үед гурван хүүхэд маань 16, 14, 12-той байсан. Тэд миний өв байсан бөгөөд би тэдэнд итгэл найдварын өвийг үлдээхийг ямар их хүссэн гээч. Би тэднийг дэргэдээ суулгаад, хэрвээ би дахин баптисм хүртэж амжилгүй нас барвал ёслол үйлдэж болохыг маань зөвшөөрөнгүүт миний өмнөөс ёслолуудыг гүйцэтгэх хэрэгтэй гэж тэдэнд хэлж билээ. Би баптисмын гэрээгээ сахиснаар ирдэг адислалуудыг хүртэж чадахгүй болсондоо айн мэгдэж, дахин цэвэр болж чадахгүй байх вий гэж санаа зовниж байв.
Миний буцах аялал
Би Сүм үнэн, сайн мэдээ миний амьдрахыг хүссэн арга зам гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй учраас сүмд үргэлжлүүлэн явсан юм. Намайг Өөрийг нь хайрладаг гэдгийг мөн хийсэн үйлдлийнхээ төлөө маш их харамсаж байгааг Тэнгэрлэг Эцэгийг мэдээсэй гэж би хүсэж байлаа. Үнэхээр хүнд хэцүү байсан ч би долоо хоног бүр сүмд явж байсан. Намайг тэнд байх үед тойргийн гишүүдэд эвгүй байдаг байснаас гадна хэн ч надтай ярьдаггүй байв. Гэсэн хэдий ч Дауны синдромтой Холли хэмээх нэгэн онцгой залуу эмэгтэй намайг хайрладаг байлаа. Ням гараг бүр сүмийн байр руу алхаж орж ирэх үед тэр над дээр гүйж ирээд, чанга тэврэн, “Таныг харж байгаадаа баяртай байна! Би танд хайртай!” гэж хэлдэг байв. Тэр Аврагчийн өмнөөс энэ бүхнийг хийгээд байгаа мэт мөн Аврагч намайг тэнд байгаад баяртай байгаагаа мэдэгдэж байгаа мэт санагддаг байсан.
Ариун ёслолын адислалуудыг хүлээн авахгүй байгаагаа мэдэж байсан учраас ариун ёслолоос хүртэхгүй өнгөрөх нь хамгийн хэцүү байсан. Ариун ёслолоос хүртэх нь маш том адислал юм. Аврагчийн хүч болон цагаатгагч золиослолоор дамжуулан цэвэр ариун болох адислал хүлээн авч, долоо хоног бүр өөрсдийн нүгэл, алдаа дутагдлаас өршөөгдөн, Аврагчийг үргэлж дурсан санаж, зарлигуудыг нь сахих гэрээгээ хайр, итгэлээр шинэчилнэ гэдэг гайхамшигтай.
Аравны нэгээ төлөх нь миний хувьд үнэхээр чухал байсан учраас би банкны данс нээж, сар бүр аравны нэгээ хийдэг болж билээ. Тэр яг одоо миний аравны нэгийг хүлээн авах боломжгүй байгаа ч төлөхийг хүссээр байгаагаа би Их Эзэнд мэдүүлэхийг хүссэн юм. Тэр үед би ганц бие байж, өсвөр насны гурван охиноо өсгөж байсан тул Их Эзэнд аравны нэгээ төлөх боломж олдоогүй ч төлөх хүслээ харуулснаар ирэх адислалууд надад хэрэгтэй байсан юм. Бид үүний ачаар маш ихээр адислагдсан гэдэгт би эргэлздэггүй.
Адислалууд сэргээгдсэн нь
Гишүүнчлэлээс хасагдсанаас хойш нэг жил гаруй хугацааны дараа би дахин баптисм хүртсэн юм. Есүс одоо миний өмгөөлөгч мөн хамтрагч гэдэг мэдлэгтэйгээр уснаас гарч ирэх нь ямар их тайтгарлыг надад авчирсан гэж санана аа. Тэр миний гэм нүглийн төлөөсийг төлсөн бөгөөд би Түүнтэй дахин гэрээт харилцаатай болсон. Би баяр талархлаар дүүрэн байв.
Би дахин Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан. Би дахин нэг удаа хайрт найз маань эргэж ирсэн мэт бодит мэдрэмжийг мэдэрсэн. Намайг дахиад орхиж явахад хүргэхгүйн тулд Түүнийг дахин гомдоохгүй байхыг хичээхийг би хүсэж байлаа.
Би аравны нэгээ хадгалж байсан дансаа хаагаад, чек бичин, бишоптоо сэтгэл догдлон өгсөн юм.
Таван жилийн дараа ариун сүмийн адислалууд маань сэргэсэн бөгөөд би маш их тайтгарал, талархлыг мэдэрсэн. Би дахин нэг удаа хайраар хүрээлүүлж, ариун сүмд хийсэн гэрээнүүдийн хүчээр хамгаалагдсан байлаа.
Би намайг хайрлан хүндэтгэдэг эрэгтэйтэй лацдан холбуулсан бөгөөд би түүнд хайртай. Бид хамтдаа лацдан холболтоо мөнхөд үргэлжлэх гэрээт харилцаа болгохоор хичээн чармайж явна.
Харамсал гашуудлын боолчлол
Түүнээс хойших 20 жилд зарим үед надад маш гүн гүнзгий харамсал гашуудал төрж, энэ нь намайг үнэхээр аз жаргалгүй болгож, санаа сэтгэлээр унагадаг байлаа. Би өөрийгөө наманчлахын тулд хангалттай хичээсэн эсэхэд мөн үнэхээр өршөөгдсөн эсэхдээ эргэлзэж байв. Хэдхэн жилийн өмнөөс миний мэдрэмжүүд залуу Алмагийн Алма 36:12–13-т дүрсэлсэнтэй адил болж эхлэв.
“Гэвч би мөнхийн зовлонд тамлагдаж байлаа, учир нь бодгаль минь хамгийн их хэмжээгээр тарчлагдаж мөн өөрийн бүх нүглүүдээр тамлагдав.
Тийм ээ, би өөрийн бүх нүглүүд мөн алдсуудыг санаж байв, үүний учир би тамын өвдөлтөөр тарчлагдаж байлаа; тийм ээ, би Бурханыхаа эсрэг тэмцсэнээ, мөн би түүний ариун зарлигуудыг дагаагүйгээ ойлгосон юм.”
Нэг өдөр би өвдөг сөхрөн суугаад, “Эцэг минь, би хангалттай сайн байсан уу? Би энэ мэдрэмжийг өөрөөсөө авч хаяхын тулд шаардлагатай бүх зүйлийг хийх болно” гэж хэлэв. Тэгээд би чин зүрхнээсээ сонсож, хүлээсэн бөгөөд
“Чи хангалттай сайн байсан” гэх маш тодорхой хариулт надад ирсэн билээ. Би үнэхээр их баярлаж, инээмсэглэхгүй байж чадаагүй бөгөөд баярын нулимс хацар даган урсаж байлаа. Тэр өдрийн турш би баяр хөөрт умбасан билээ. Бүхий л ичгүүр, харамсал бүрмөсөн арилсан байв.
Би дахин залуу Алмагийн туршлагыг тунгаан бодлоо.
“Мөн эдүгээ, болгоогтун, би үүнийг бодмогц, би өвчнөө цаашид санаж чадсангүй; тийм ээ, би нүглүүдийнхээ санамжинд цаашид тарчлагдахгүй болов.
Мөн ай ямар баясал, мөн ямар гайхамшигт гэрлийг болгоосон билээ би; тийм ээ, бодгаль минь ямархуу шаналалд байсан лугаа адил тийм үлэмжийн баяслаар дүүргэгдсэн байв!” (Алма 36:19–20).
Сүмийн гишүүнчлэл болон Аврагчтай харилцах гэрээт харилцаагаа сэргээх аялал маань сэтгэл шимшрэм бөгөөд уярмаар байсан. Би энэ сорилт бэрхшээлийг туулснаар Есүс Христийн Цагаатгал хамгийн үнэ цэнтэй гэдгийг мэдсэн. Сүмийн гишүүнчлэлээс хасагдсан ичгүүр, харамсал гашуудлаа туулахад мөн бусадтай туршлагаа хуваалцах хүч чадлыг олж авахад надад 20 жил шаардагдсан. Миний туршлага бусдыг өөрчлөгдөхөд мөн өөрчлөгдөхийг хүсэж байгаа хүмүүст туслахад сүнслэгээр нөлөөлнө гэдэгт би найдаж байна. Христийн Цагаатгал бодит гэдгийг би босож зогсоод, ямар ч эргэлзээгүйгээр гэрчилж чадна. Түүний хүч та нарын амьдралыг зөвхөн арай дээр болгоод зогсохгүй хамгийн сайн болгож чадна.
Би Сүмийн гишүүнчлэлээ маш их эрхэмлэн дээдэлдэг. Энэ бол миний амьдралын үнэлж баршгүй бэлэг, гайхамшигт адислал билээ. Би дахиж хэзээ ч үүнгүйгээр байхыг хүсэхгүй байна.