Асуулт, хариулт
“Найз маань Бурханд итгэдэггүй гэж хэлдэг. Би сайн мэдээг түүнтэй хэрхэн хуваалцаж болох вэ?”
Түүнтэй сайн мэдээг хуваалцах олон арга зам бий. Таны амьдрал бол хамгийн шилдэг арга замуудын нэг юм. Та үйл хэрэг, хувцаслалт, үг яриа, бусдад хандах хандлагаараа “итгэгч хүмүүст” үлгэр дуурайл болдог (1 Тимот 4:12-ыг үзнэ үү). Дараах санаануудыг санаж яв.
-
Ямар нэг далд хүсэл сэдэл, хүлээлтгүйгээр найзаа хайрлаж, хүндэтгэх үүднээс туслахыг хичээ.
-
Үнэнч шударгаар, чин сэтгэлээсээ үйлд.
-
Түүний сонгох эрхийг хүндэтгэ.
Түүний Бурханд итгэдэггүй шалтгааныг бодолцон сайн мэдээг хэрхэн хуваалцахаа шийд. Зарим хүн шашингүй үзлээр хүмүүжсэн байдаг. Бусад нь итгэхэд бэлэн байдаг бөгөөд залбирч, судар судлахад суралцсанаар итгэлээ хөгжүүлдэг. Харин өөр бусад нь Бурханд итгэдэг байсан ч амьдралын хүнд хэцүү сорилтуудад итгэлээ алдсан байж болно. Найзынхаа нөхцөл байдлыг ойлгохыг хичээ. Түүнд хэрхэн тусалж болохоо мэдэхийн төлөө залбир.
Түүнийг юу урамшуулж, түүнд юу чухал болохыг ярилцсанаар итгэл үнэмшлийнх нь талаар мэдэж авч чадна. Итгэж үнэмшдэг нийтлэг зүйлээсээ эхэл. Жишээлбэл, тэр үйлчлэлийг сайн зүйл гэж итгэдэг бол түүнийг тойргийн үйлчлэлд урьж болно.
Хэдийгээр найз чинь яг одоо итгэхгүй байгаа ч сайн хүн хэвээрээ байгаа. Тэр чамд сайнаар нөлөөлж л байгаа бол түүнтэй нөхөрлөсөөр бай. Нэг л өдөр тэр итгэхэд бэлэн болох учраас түүнийг сүмд ирэхийг мөн Бурхан яагаад чиний амьдралд чухал болохыг олж мэдэхэд урь.
Найзынхаа төлөө залбир
Намайг номлолд бэлтгэж байхад олон найз маань Бурханд итгэдэггүй гэдэг байв. Тэднийг ингэж хэлэх бүрд би тэдний төлөө залбирдаг байлаа. Биднийг залбирч байх үед тэд Бурханд итгэдэг болчихгүй. Гэхдээ хэрэв бид үнэхээр Бурханд итгэж байвал Түүнийг хайрлах хайр маань бусдад харагдах болно. Бидний үлгэр жишээ Бурхан үнэхээр биднийг адисалдаг, Тэр байдаг бөгөөд биднийг хайрладаг гэдгийг ойлгоход бусдад тусалж чадна.
Эмануэл Л, 18 настай, Мексик, Мехико
Үлгэр дуурайл үзүүл
Би бага байхдаа сайн мэдээг номлох цорын ганц арга нь цөхрөлтгүй номлох явдал гэдэгт итгэдэг байлаа. Гэхдээ сайн мэдээг хуваалцах тоолж баршгүй олон арга зам байдаг учраас би буруу бодож явснаа ойлгосон. Хэрэв хийж байгаа бүх зүйлдээ Христийн үлгэр жишээг харуулбал маш олон хүн чамайг хүндлэн, чамд итгэхийг хараад гайхах болно гэдгийг би туршлагаараа олж мэдсэн. Олон нөхцөл байдалд үйл хэрэг үг ярианаас илүү хүчтэй байдаг. Үлгэр жишээгээрээ удирдан, заа.
Аммон В, 18 настай, АНУ, Аризона
Байгаль дэлхийн тухай ярилц
Хэрвээ найз чинь Бурханд итгэхгүй байвал бүх зүйл Бурхан байдаг гэдгийг гэрчилдэг учраас байгаль дэлхийн тухай ярьж болно (Алма 30:44-ийг үзнэ үү). Чи мөн түүний төлөө залбирч, түүнтэй хамт судар судалж болно. Жишээлбэл, Дуулал 19:1-ийг судалж болно. Ариун Сүнс Тэнгэрлэг Эцэгийн тухай гэрчлэлтэй болоход түүнд тусална гэдгийг би мэдэж байна.
Софий К, 17 настай, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Киншаса
Сайн мэдээний тухай яриа өрнүүл
Чи сайн мэдээг олон арга замаар хуваалцаж болно. Нэгдүгээрт, тэдний зүрх сэтгэл сайн мэдээг хүлээж авахад нээлттэй байж болохын тулд залбирч, мацаг барь. Дараагийн удаа тэдэнтэй уулзахдаа сайн мэдээний тухай ярилцлага руу хөтлөх сэдвүүдийн талаар ярьж эхэл. Тэднийг сүмд эсвэл үйл ажиллагаануудад урь. Хамгийн чухал нь нөхөрсөг байгаарай. Магадгүй тэд нэг өдөр гэр бүлтэйгээ хамт баптисм хүртэх эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.
Валэрий К, 14 настай, АНУ, Невада
Гэрчлэлээ хуваалцаарай
Сайн мэдээ хүмүүсийн амьдралыг өөрчилдөг. Жишээлбэл, өөрт тохиолдсон гайхамшгуудаас мөн өглөө бүр сэрэх зэрэг энгийн зүйлсээр дамжуулан гайхамшгуудыг мэдэрснээр Бурхан байдгийг хэрхэн мэдэрдгээ хэлэх нь сайн мэдээг найзтайгаа хуваалцах нэг арга зам юм. Чиний үлгэр жишээ Бурханы хайрыг мэдэн, сайн мэдээний дагуу амьдарснаар ирдэг аз жаргалын агуу гэрч байх болно.
Викториа С, 18 настай, Бразил, Пиауи
Яагаад хуваалцах хэрэгтэй вэ?
Яагаад түүнийг Бурханд итгээсэй гэж хүсэж байгаагаа сана. Бид хүмүүсийг зөвхөн Сүмийн гишүүн болоосой гэсэндээ сайн мэдээг хуваалцдаггүй. Тэд үнэхээр бидний ах, эгч, дүүс учраас бид үүнийг хийдэг. Чи яагаад найзыгаа Бурханд итгээсэй гэж хүсдэг вэ? Энэ асуултыг үргэлж санаж яв. Хүч чадал, энэрлийн төлөө залбирч, чин сэтгэлээсээ ханд. Хэрэв тэд үгүй гэж хэлбэл тэдний сонгох эрхийг хүндлэх хүсэлтэй бай. Тэд бас хараахан бэлэн биш байгаа нь шалтгаан байж болно. Хэрвээ чи тэднийг үнэхээр Бурханы тухай мэдээсэй гэж хүсэж байвал тэд чамайг найзын хувьд сонсох болно гэдгийг би амлаж байна. Дараа нь сонголтыг тэдэнд үлдээ. Тэдний хийсэн сонголтыг шүүмжилж болохгүй.
Ахлагч Элиот, 20 настай, Японы Саппоро номлол
Гэрлээ түгээ
Түүнд үлгэр жишээ бол. Туршлага, гэрчлэлээрээ дамжуулан түүнийг Бурханд ойртоход нь тусал. Өөрийн гэрэл, үр нөлөөгөөр дамжуулан түүний хайж буй тэнгэр элч бол. Тэнгэрлэг Эцэг өөрт нь хайртай гэдгийг мэдрэхэд түүнд тусал. Гэхдээ түүнийг хүчилж болохгүй.
Масон Э, 16 настай, АНУ, Аризона
Хэрхэн гэрчлэлтэй болох вэ?
Бидний гэрчлэл гэж нэрлэдэг зүйлийг хүн хэрхэн олж авах вэ?
“Ямар нэгэн мэдлэг олж авах хамгийн эхний алхам бол мэдэхийг чин сэтгэлээсээ хүсэх явдал юм. Сүнслэг мэдлэгийн хувьд дараагийн алхам бол Бурханаас чин сэтгэлээсээ залбирч асуух явдал юм.
Бид хүсэж, эрэлхийлэхдээ гэрчлэлтэй болох нь идэвхгүй үйлдэл бус, ямар нэгэн зүйлийг хийхийг биднээс хүсэн хүлээдэг үйл явц гэдгийг санах хэрэгтэй. Есүс ‘Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ’ (Иохан 7:17) хэмээн заасан.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс, “Гэрчлэл,” 2008 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 27.
Дараагийн асуулт
“Би үргэлж өөрийгөө бусадтай харьцуулдаг. Ялангуяа төгс амьдралтай юм шиг санагдаж байгаа хүмүүстэй харьцуулдаг. Би хэрхэн өөртөө илүү итгэлтэй болох вэ?”
Хэрэв хүсвэл хариултаа өндөр нягтралтай зургийн хамт liahona.lds.org хаягаар (“Өгүүлэл оруулах” дээр дар), э-мэйл бичих бол liahona@ldschurch.org хаягаар 2017 оны 7-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
Дараах мэдээллийг хавсаргана уу: (1) овог нэр, (2) төрсөн огноо, (3) тойрог эсвэл салбар, (4) гадас эсвэл дүүрэг, (5) таны хариулт ба гэрэл зургийг нийтлэхийг зөвшөөрсөн өөрийн эсвэл 18 нас хүрээгүй бол эцэг эхийн бичсэн зөвшөөрөл (э-мэйл байж болно).
Хариултын хэмжээг тохируулах эсвэл тодорхой болгохын тулд хянан засварлах магадлалтай.