2013
Шаргуу залбирал
2013 оны 6-р сар


Шаргуу залбирал

Зураг
Ахлагч Хосе Л.Алонсо

Би Мексикт ээж, эмээ, дүү нартайгаа өссөн. Би өдөр бүр гэрийн даалгавраа бас гэрийн ажлаа хийсний дараа хөл бөмбөг тоглодог байлаа. Хөл бөмбөгт ёстой л хорхойтой байлаа! Баруун хөл минь нэг баг, зүүн хөл минь нэг баг гэж боддог байж билээ.

Нэг өдөр хөл бөмбөг тоглож байтал гэнэт амьсгал бөглөрч дотор эвгүй болох нь тэр. Хэдэн минут амарсан ч, амьсгалахад хүнд хэвээр байв. Тэгээд эмчид үзүүлж эмнэлэгт хэвтэв.

Миний хэвтсэн эмнэлгийн өрөөнд өөр олон хүүхэд байсан ч би гэрээ санаж, маш их ганцаарддаг байлаа. Тэгэхэд би Сүмийн гишүүн болоогүй байсан ч Бурханд итгэдэг байсан. Би түргэн эдгэрэхийн төлөө өдөр бүр залбирдаг байсан ч бие улам бүр дордсоор байлаа. Эмч нар намайг эдгэрэхгүй гэж бодсон гэдэг.

Эцэстээ эмч нар намайг эмнэлгээс гаргаж, би гэртээ ирсэн ч хойтон жил нь бүр хэвтэрт орсон байлаа. Би олон эм ууж, өдөрт хоёр удаа тариа хийлгэдэг байв. Үүний хажуугаар би зүрх сэтгэл, оюун ухаандаа залбирсаар байсан. Хэрэв би эрүүл болдог л юм бол амьдралынхаа үлдсэн хугацааг Тэнгэрлэг Эцэгтээ үйлчлэхэд зориулна гэж Түүнд хэлдэг байлаа.

Нэг өдөр би орон дотроо ном уншиж байгаад номоо санаандгүй шалан дээр унагачихав. Номоо авах гэж доошоо бөхийтөл миний амьсгал хэвийн болсон байлаа. Номоо дахин доош нь унагаад тонгойж автал зүгээр амьсгалж байлаа!

Тэгээд би орноосоо босов. Удаан хугацаанд өөрөө явж чадахгүй байсан болохоор эхний удаад толгой эргэлээ. Толинд өөрийнхөө инээмсэглэсэн дүрсийг хараад Тэнгэрлэг Эцэгээс залбирлынхаа хариуг авснаа ойлгов.

Би тэр үеэс хойш өдөр бүр Тэнгэрлэг Эцэгт талархлаа илэрхийлэхийн тулд ямар нэгэн зүйл хийхийг хичээдэг болсон. Би насанд хүрсэн үедээ бусад хүүхдүүдийн залбиралд хариулахад туслахын тулд эмч болсон юм. Одоо би Сүм дэх дуудлагаараа Тэнгэрлэг Эцэгтээ үйлчлэхийг хичээж байна.

Залбирлын хариу үргэлж амархан бас тэр дороо ирдэггүй ч Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хариулдгийг би мэднэ. Тэр бидний хэрэгцээг мэддэг бас бидэнд юу хамгийн сайн болохыг мэддэг.

Зураг чимэглэлийг Дан Бөрр