2013
Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь
2013 оны 6-р сар


Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь

Эцэг эхчүүд, гэр бүлүүд болон хувь хүмүүс сүнслэгээр өдөөгдсөн эдгээр захиасыг судалж, ярилцсанаар адислагдах болно.

Та эдгээр амлалтыг санаж байна уу? Та эдгээрийг зөвлөлийн хуралдаан, тав дахь ням гарагийн цуглаан, Нийгмийн Халамжийн Бүлэг эсвэл санваарын чуулгын хичээл дээр үзүүлсэн видео бичлэгээс үзэж, сонссон байж болно. Эсвэл та эдгээрийн талаар гэр бүлийн үдшээрээ ярилцсан ч байж болох юм. Эдгээрт:

  • Эхнэр нөхрүүд нэгдэн нийлэх болно;

  • Эцэг эхчүүд илүү сүнслэг удирдамжаар гэр бүлээ удирдана;

  • Өсвөр үеийнхэн нандин гэрээнүүдийг хийж, тэдгээрийг сахин мөн бүрэн цагийн номлолынхоо үеэр болон амьдралынхаа туршид Их Эзэнд үйлчлэхэд бэлтгэгдэнэ;

  • Ганц бие гишүүд туслуулан дэмжүүлж, өөрсдийн гэр орондоо санваарын адислалыг хүлээн авч, мөн Бурханы хаант улсыг байгуулахад идэвхтэйгээр оролцоно;

  • Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчлэхэд чуулга ба зөвлөлүүд хамтран ажиллана;

  • Сүм хүчирхэгжинэ гэсэн амлалтууд тусгагдсан.

3-р сард Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгаас Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь хэмээх DVD-ийн хамтаар илгээсэн захиасанд эдгээр амлалтуудыг өгсөн. Тэр үеэр тойрог ба гадасны зөвлөлүүдэд уг захиасыг авч үзэн, хэрхэн ашиглах талаар хэлэлцэн зөвлөлдөхийг хүссэн. Мөн гэр бүлүүдийг интернет дэх http://wwlt.lds.org хаягаар орж, эдгээр видео бичлэгээс бэлэн болж гарах богино бичлэгүүдийг үзэхийг урьсан. Удирдагч болон багш нарыг хурал цуглаан, хичээл дээр гишүүдэд видео бичлэгийн хэсгүүдийг үзүүлэн, санал бодол, туршлага, мөн сүнслэгээр өдөөгдөх үедээ гэрчлэлээ хуваалцахыг урамшуулан дэмжсэн билээ. Эцэг эхчүүдийг ч мөн адил гэртээ үүнийг хийхийг урьсан.

“Энэхүү сургалтыг хэрхэн ашиглах вэ” хэсэгт “Өөрсдийн үүрэг болон хариуцлагадаа санваараар дамжуулан хэрхэн хүчирхэгжиж чадахыг Ариун Сүнс гишүүдэд заах болно” хэмээн хэлсэн байдаг.

Үр дүнтэй ярилцлагууд

Уг захиасууд нь гурван сарын өмнө өгөгдсөн хэдий ч эдүгээ мөн эдгээрийг судлах, харилцан ярилцах болон эдгээрээс ирэх адислалууд үргэлжилсээр байна. Энэ нь Сүмд явагддаг сургалтуудыг хийх шинэ арга замыг нээсэн. Тойрог, гадасны удирдагч нарт зориулан ихэвчлэн нэг удаа явагддаг байсан өмнөх сургалтуудаас ялгарах онцлог нь энэхүү сургалт цаашид үргэлжлэн явагдах болно. Тиймээс видео бичлэгүүдийг wwlt.lds.org вэбсайт дээр тавьсан билээ. Мөн leadershiplibrary.lds.org вэбсайтаар дамжуулан эдгээр видео бичлэгийг үзэх боломжтойгоос гадна гэр бүл, хувь хүмүүс, чуулга, анги болон зөвлөлүүдэд ойлголтоо гүнзгийрүүлж, сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах нэмэлт материалууд ч тавигдсан байгаа.

Видео бичлэгийн хэсэг бүр нь санваарын өөр өөр талуудад анхаарлаа хандуулсан. Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Ерөнхий эрх мэдэлтнүүд болон ерөнхий албан тушаалтнууд дараах зүйлсийн талаар сүнслэгээр өдөөгдсөн заавруудыг өгсөн болно:

  • Санваарын хүчээр дамжуулан гэр бүлүүд хэрхэн хүч чадал, амар амгаланг олж болох тухай;

  • Гэр бүл бүрт санваарын адислалуудыг хүртэхэд нь хэрхэн туслах тухай;

  • Санваарын түлхүүр атгагч тэдгээр хүмүүс гэр бүлүүдийг хэрхэн хүчирхэгжүүлдэг тухай;

  • Христтэй адил арга замаар хэрхэн үйлчлэх тухай;

  • Хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хэрхэн өсгөх тухай.

Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь хэсэгт өгүүлсэн сайн мэдээний олон зарчмуудыг Гарын авлага 2: Сүмийг удирдах нь номонд мөн заасан байдаг. Иймд үүнээс судалж, харилцан ярилцах үедээ энэхүү гарын авлагын “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-аас уншиж судлах нь зүйтэй.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ерөнхийлөгч Хенри Б.Айринг: Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь хэсэг дэх захиасууд нь “Тэнгэрлэг Эцэг маань бидэнд ялангуяа гэр бүлүүдэд хэрхэн үйлчлэх байсны адилаар Ариун Сүнсний хүчээр дамжуулан сурахад бидэнд туслах зорилготой” хэмээн тайлбарласан. Эдгээрт заасан зарчмуудын талаар тунгаан бодож, ярилцах явцад бидэнд Ариун Сүнсний заадаг зүйлс нь видео бичлэгийн хэсгүүдэд хэлж ярьсан зүйлсээс илүү чухал гэдгийг ойлгох нь энэхүү сургалтын хамгийн их нөлөө бүхий хэсэг юм.

Хаана хуваалцах вэ

Бүх удирдагч, гишүүд, гэр бүлүүдэд Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь видео бичлэгийг DVD эсвэл интернетээр сонсож мөн энэ талаар харилцан ярилцах боломж олгох хэрэгтэй.

Гэр бүлүүд эдгээр захиасыг гэр бүлийн үдэш болон бусад үйл ажиллагаандаа ашигласнаар адислагддаг. Үр хүүхдүүдээ удирдан чиглүүлэхэд эхнэр, нөхрүүд эрх тэгш хамтрагчид мөн. “Энэ бол Түүний ажил” хэмээх видео бичлэгийн хэсэгт Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард хэлэхдээ: “Эцэг эсвэл эхэд зарчим заах шаардлагатай тохиолдол гарч болох ба тэд хүү эсвэл охиндоо туслахыг хичээж байх үедээ энэхүү материалыг ашиглаж болно” гэжээ. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс “Санваар эсвэл Залуу Эмэгтэйчүүдийн зөвлөхүүдийн заадаг зүйлс Сүмд хэчнээн чухал мөн үр дүнтэй гэдэгт бид итгэдэг ч эцгийн эсвэл эхийн үлгэр жишээнээс илүү үр дүнтэй зүйл үгүй юм” хэмээн тэмдэглэсэн.

Сүмд эдгээр захиасыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл ба бишопын зөвлөлийн хурал, гадас ба тойргийн зөвлөлийн хурал, санваарын гүйцэтгэх хорооны хурал, гадасны туслах бүлгүүдийн хурал, ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал түүнчлэн Аароны санваарын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл ба Залуу Эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал, санваартнууд ба Нийгмийн Халамжийн Бүлгийн хамтарсан тав дахь ням гарагийн цуглаан, Ням гарагийн чуулгын цуглаан ба туслах бүлгүүдийн ангиуд, гадас эсвэл дүүргийн чуулган (Ням гарагийн ерөнхий цуглаан дээр биш), тойрог эсвэл салбарын чуулган (ариун ёслолын цуглаан дээр биш) зэрэг дээр ашиглаж болно.

Ярилцлагууд нь өсвөр үеийнхэн ба ганц бие залуучуудыг хэрхэн хүчирхэгжүүлэх тухай байж болно. Удирдагчид эдгээр ярилцлага дээр тулгуурласан үүрэг даалгаврыг өгч, зөвлөлийн хурал дээр энэ тухай тогтмол авч хэлэлцэж болно.

Эдгээр захиасыг судалж, харилцан ярилцахын гол зорилго бол хувь хүмүүс ба гэр бүлүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэн, тэднийг гэрчлэлтэй болгож мөн Есүс Христийн сайн мэдээнд илүү гүн гүнзгийгээр хөрвөгдөхөд нь туслах юм.

“Бидний аюулгүй байдал болон амжилт нь бид зөвхөн өөрсдийн хүсэл зорилго, зүрх сэтгэлээ Бурханы хүсэл мөн Түүний хүчтэй нэгдүүлэхийг биднээс шаарддаг” хэмээн Ерөнхийлөгч Айринг хэлсэн. Эдгээр захиас нь “тийнхүү бид хүслээ Бурхантай нэгдүүлж бусдыг дагуулах удирдамж мөн түлхэц болдог юм.”

“Үйлчлэл” видео бичлэгийн хэсэгт санваарын удирдагчид нь хувь хүмүүс ба гэр бүлүүдээр айлчлан очиж буй талаар мөн идэвх султай гишүүдийг анхаарч, ярилцах нь ямар их тустай болох тухай үр дүнтэй жишээнүүдийг харуулсан.

“Энэ бол Түүний ажил” видео бичлэгийн хэсэгт Тэргүүлэх бишоп Гэри Э.Стивинсон хэлэхдээ: “Сул доройчуудад туслан, доош унжсан гарнуудыг өргөн мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох үүргийнхээ тухай бодоод үзэхээр хэн нэгний гэрт нь очин, ганцаарчлан уулзаж, Есүс Христийн ашигладаг байсан энэхүү арга замаар үйлчлэхээс илүү сайн арга байхгүй юм” гэжээ. “Бид харилцан ярилцаж, сурч дараа нь сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд жинхэнэ үр дүн гарна” гэж тэрээр хэлсэн.

Хүч чадал ба амар амгалан

Энэхүү сургалт нь сүм даяар үргэлжлэн явагдсанаар гишүүд үүнээс заалгасан сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэн, адислалуудыг нь хүлээн авах болно. “Бурханы бүх охид, хөвгүүд эдгээр танилцуулгын жишээ болон заасан зүйлсийг дагах аваас адислагдах болно” хэмээн Ахлагч Баллард хэлсэн.

Эхнэр нөхөр, эцэг эх, өсвөр үеийнхэн, ганц бие гишүүд, чуулга ба зөвлөлүүд санваараар дамжуулан Есүс Христийн жишээг дагаснаар бусдад үйлчлэн, сүнслэг өдөөлтийг хүлээн авна. Тэд ийн үргэлжлүүлэн үйлдсэнээр Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь хэсэгт өгөгдсөн амлалтууд биелэгдэх болно. Гишүүд уг захиасын сүүлийн видео бичлэгээс хүнд хэцүү үед ч “бидний гэр бүл хүчтэй мөн амар амгалан байж чадна” хэмээх Ерөнхийлөгч Айрингийн амлалт биелэхийг харах болно.

Гэрэл зураг чимэглэлийг Коди Бэлл, Крэг Даймонд

Гэрэл зураг чимэглэлийг Вэлдэн К.Андэрсэн

Санваараар дамжуулан гэр бүл болон сүмийг хүчирхэгжүүлэх нь хэсэгт заагдсан захиасуудыг гадас, тойргийн зөвлөл гэх мэт янз бүрийн нөхцөлд хуваалцаж болно.

Хэвлэх