2013
Арлынхны итгэл
2013 оны 6-р сар


Биднийг дахин уулзтал

Арлынхны итгэл

Би саяхан Нэгдсэн Улсаас Маршаллын арлууд болон Тонгад очих үеэрээ уулзсан хүмүүсийнхээ бат бөх итгэлийг гайхан биширлээ. Ёс суртахуун ба үнэний тодорхойлолт Өрнөдийн нийгэмд байнга өөрчлөгдөж байдаг бол арлынхны итгэл маш тогтвортой байдаг юм шиг надад санагдсан. Тонгад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилсэн Далын гишүүн асан Ахлагч Жон Х.Гробергийн (1976–2005) тодорхойлсноор тэдний итгэл онцгой бат бөх юм. Тэдний итгэл Цагаатгал болон авралын төлөвлөгөөн дээр үндэслэдэг. Ийм итгэл Сүнсээр сурч мэдсэн зүйлд эргэлздэггүй.

Номхон Далайн арлууд дээрх хүмүүсийн амьдрал зарим талаар миний бодсоноос илүү алгуурхан өөрчлөгдөж байгаа ажээ. Машин, телевизор, кино, интернет, спорт болон өөр олон үйл ажиллагаа Арлынхны өдөр тутмын амьдралд хэвийн зүйл болсон ч эдгээр юмс олон улс оронд, түүний дотор Нэгдсэн Улсад байдаг шиг тийм сүрхий амин чухал хэрэгцээ биш бололтой.

Мэдээж хэрэг арлынханд өөрсдийнх нь асуудал бий л дээ. Тэд надтай л адилхан өөрсдийгөө хоол хүнс, орон байраар хангах арга замыг сүвэгчилж, гэрчлэлээ хамгаалахад санаа тавих ёстой. Гэвч сорилт бэрхшээлийн дарамтнаас болж гуйвж дайвдаггүй итгэлтэй хүмүүс байнгын зав чөлөөгүй байдал болон анхаарал сарниулах бусад зүйлст барьц алдаж тэвддэггүйд би дахин дахин итгэсэн юм.

Би Өмнөд Номхон Далай дахь аяллаасаа гэртээ буцаж ирээд дараах асуултуудыг тунгаан бодлоо: Зарим хүмүүс бат бөх итгэлтэй байхад зарим нь яагаад эргэлзэж, бодол санаа нь тогтворгүй байдаг юм бол? Зарим хүмүүс яагаад гэрчлэлтэй болсон атлаа дараа нь гэрчлэлээ сулруулж, хэврэг болгодог юм бол?

Эдгээр асуултуудын хариулт нь тухайн хүний зүрх сэтгэл Их Эзэн дээр хэрхэн бат бөх суурилсан эсэхээс хамааралтай биз ээ. Миний уулзсан арлынхан шийдвэрийг нэгэнт гаргасан л бол түүнээсээ эргэж буцаад, дахин өөрчлөөд байдаггүй ажээ. Тэд итгэлээ бат бөх суурь болох Гэтэлгэгчийнхээ Хадан дээр суурилуулснаар эргэлзээгээ арилгаж, гэрчлэл нь гуйвж дайван сулрахаас сэргийлж чадсан ажээ. Тэд үнэн гэдгийг нь мэдсэн зүйлээ аливаа эргэлзээгүйгээр хүлээн авдаг.

Энэ бол миний улам төгөлдөржүүлэхийг хүсдэг зан чанар. Итгэлд минь сорилт тулгарсан үед би Их Эзэн Оливер Каудерид хандан “Чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлүүдийн үнэний талаар мэдэхийн тулд надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун. Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгаланг би яриагүй бил үү? Бурханаас илүү агуу ямар гэрч чамд байж болох билээ?” (С ба Г 6:22–23) хэмээн хэлсэн үгийг хэрэгжүүлэх чадвартай байхыг хүсдэг билээ. Ийнхүү санах нь гуйвшгүй бат бөх итгэл өөд хөтөлдөг.

Итгэлийн энэхүү хэлбэр гуйвшгүй бат бөх, үнэнч шударга бөгөөд анхаарал сарниулах зүйлсээс ангид юм. Энэ нь “Би үүнийг мэднэ. Үүнд дахин эргэлзэх шаардлагагүй” хэмээн баталдаг.”

Тэнгэрлэг Эцэг болон Түүний төлөвлөгөөнд итгэх энэхүү итгэлээ ашиглах нь Түүний хүч нөлөө бидний амьдралд идэвхтэй үйлчлэх үүд хаалгыг нээж өгдөг. Энэ нь бидний итгэлийг ганхуулахад хүргэдэггүй бөгөөд үл мэдэгдэх зүйл рүү хөтөлдөггүй. Энэ нь “Тэр амьд!” гэж хэлэх боломжийг бидэнд олгодог. Чухам энэ нь л надад хангалттай юм.

Гэрэл зургийг Жошуа Ж.Пөрки