2013
Сүмийн түүхийг судлахад хэт нэг талыг барихаас зайлсхийх нь
2013 оны 6-р сар


Сүмийн түүхийг СУДЛАХДАА ТЭНЦВЭРТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ нь

Зураг
Ахлагч Стивен Э.Снөү

Сүмийн түүх нь итгэлийг хөхүүлэн дэмжсэн, сэтгэл догдлом үйл явдлуудаар дүүрэн бөгөөд үнэхээр сүнслэг нөлөөтэй юм.

Гэгээнтнүүдтэй нэгдэхийн тулд гал голомтоо орхин, өгүүлэхийн аргагүй их золиослол хийсэн Сүмийн анхны гишүүдийн тухай түүхийн шастируудыг би амтархан уншдаг. Миний хувьд Сүмийн түүх нь баатарлаг үйл явдлуудаар дүүрэн бөгөөд анхдагчдын туулж өнгөрүүлсэн амьдрал, тэд өгүүлшгүй бэрх зовлонг хэрхэн даван туулсан хийгээд бошиглогчдыг дагасан тэдний тууштай итгэлээс би агуу хүч чадлыг олдог билээ. Та тэдний амьдрал үйлсийн тухай уншаад үзвэл өөрийн тань амьдралын нөхцөл байдал тийм ч хэцүү бишийг ойлгох болно.

Зураг

Гэрэл зураг чимэглэлийг Коди Белл

Би Сүмийн түүхэнд дуртай. Би урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр Сүмийн түүхийг өнөө үед уншиж байгаа бөгөөд энэ нь миний хувьд улам сэтгэл догдлом, итгэлийг улам хөхүүлэн дэмжигч шинжтэй болж байна. Жишээ нь, гал халуун итгэл, гайхалтай зүйлсийг хийхэд тэднийг өдөөн урам зориг оруулж байсан гэрчлэлээс өөр юу ч үгүй байсан анхны номлогчдын ажил үйлс үнэхээр гайхамшигтай юм. Хэрэв би итгэл, гэрчлэлээ байнга бэхжүүлэн бат бөх болгох юм бол тэдний үлгэр дууриал хүнд сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад надад туслах болно гэдгийг би ойлгодог. Их Эзэний агуу ажлыг урагш ахиулахад ямар гайхамшигт зүйлс тохиож байсныг харах бүрд миний гэрчлэл хүчирхэгжин бэхждэг билээ.

Өнгөрсөн үеийг өнөө үеэс ялгаатайгаар авч үзэх нь

Түүх бол өөрийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй болгох нэг чухал арга зам мөн. Сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байж, туйлын хүнд сорилт бэрхшээлүүдийг даван туулсан хүмүүсийн тухай бас болох зүйлд сүнслэг байдлын хувьд бэлтгэгдээгүй учраас урвасан хүмүүсийн тухай бид Сүмийн түүхээс уншдаг билээ. Сайн мэдээ, залбирал болон гэрчлэлд сэтгэл зүрх, цаг заваа зориулах нь сүнслэг байдлаа хөгжүүлж, үр жимсийг нь хүртэх агуу үйлсийг бүтээхэд бидэнд тусалж чадна гэдгийг бид мэддэг билээ.

Сүмийн түүхэн дэх хүмүүс бол бидэн шиг жирийн хүмүүс бөгөөд тэднээс олон нь ер бусын үйлсийг бүтээсэн билээ. Тэд бүгдээрээ төгөлдөржилтийн төлөө тэмцэж байсан ч төгс төгөлдөр болоогүй юм. Өнөөдөр бидэнд тохиолдож байгаа бөгөөд тэдгээрийг даван туулахын төлөө бидний тэмцэж буйтай адил олон хүндрэл бэрхшээл Сүмийн анхны гишүүдэд тохиолдсон юм. Гэвч төгөлдөржилтийн төлөө урт удаан хугацаанд тэдний хийж байсан хүнд хүчир тэмцлийг мэдсэнээс би хүч чадлыг олдог билээ.

Дэлхий сүүлчийн хоёр үеийнхний амьдралын хугацаанд их өөрчлөгдлөө. Интернет Сүмийн түүхийн талаарх бүх төрлийн мэдээллийг, ашигтай, үнэн, чухал мэдээллийг бас худал, төөрөгдүүлсэн мэдээллийг ч нүд ирмэхийн зуур олж үзэх боломжийг бидэнд олгож байна. Та Сүмийн түүхийн талаар асар их материалыг уншиж болно. Харин үүнийг тухайн үеийн түүхэн нөхцөл байдалд нь авч үзэн, ойлгох нь чухал. Онлайн дахь Сүмийн түүхийн талаарх зарим мэдээллийг тухайн үеийн түүхэн нөхцөл байдлаас нь салган авч үзсэн учраас үйл явдлыг өргөн хүрээнд бүхэлд нь ойлгох боломжгүй юм.

Сүмийг ичгүүртэй байдалд оруулах зорилготой мэдээлэл ерөнхийдөө үндэслэлгүй, шударга бус юм. Бид Сүмийн түүхийг болон бидний итгэл бишрэлийг илүү үнэн бодитойгоор дүрсэлсэн эх сурвалж материалуудыг олж унших ёстой. Зарим вэб сайтуудад зориуд мушгин гуйвуулсан эсвэл маргаантай, худал хуурмаг материалыг тавьж байна. Сүмийн гишүүн байна уу, гишүүн бус байна уу хамаагүй олон нийтийн сайн мэдэх, нэр хүндтэй түүхчдийн бичсэн эх сурвалжуудыг олж унш.

Зарим залуу хүмүүс интернет дэх Мормоны сүмийн эсрэг материалуудыг үзээд гайхаж, дуу алдан цочирддог нь тэд ийм зүйлд бэлтгэлгүй байгаагийнх. Тэд тохиолдож болох аливаа зүйлд сүнслэг байдлын хувьд бэлтгэлтэй байж, өөрийгөө хүчирхэгжүүлэхэд хангалттай цаг зориулдаггүй байж болох юм. Амьдрал санаандгүйгээр тэдний өмнө сорилт бэрхшээлүүдийг бий болгоход тэд бидний үргэлж ярьдаг хоёр чухал зүйлийг хийдэг байх нь чухал юм. Энэ хоёр зүйл бол судруудыг тогтмол судалж, Тэнгэрлэг Эцэгтээ хандан үр өгөөжтэйгөөр залбирах явдал мөн. Амин чухал хоёр зүйл нь хүмүүсийг бүхий л сорилт бэрхшээлүүдэд, түүний дотор онлайнд тааралдаж болох Мормоны сүмийн эсрэг өгүүллүүдийг уншаад цочирдон балмагдахгүй байхад бэлтгэх болно.

Зураг

Тэнцвэртэй байдлыг хангаж байх шаардлага

Та бусад аливаа зүйлсийн адил Сүмийн түүхийг судлахдаа хэт нэг талыг барихгүй байх ёстой. Үнэн Сүм үргэлж цөөнх байсан бөгөөд дайснууд бидний улыг ямагт шагайсаар ирсэн юм. Бид хүнд сорилт бэрхшээлүүдтэй үргэлж тулгарсаар байгаад бүр дасчихсан улс. Сорилт бэрхшээлийг даван туулах хамгийн сайн арга бол бид бүгд зохистой байж, гэрчлэлээ хүчирхэгжүүлэх явдал мөн. Та Сүмийг болон үүний түүхийг мушгин гуйвуулж, шүүмжилсэн вэб сайтад цаг гаргадаг атлаа судруудад зориулж цаг гаргадаггүй бол буруу зам руу халтиран орж байгаа нь тэр. Энэ нь танд мөн таны итгэлд сөргөөр нөлөөлж мэднэ. Харин та хэт нэг талыг барихгүй бол ийм зохисгүй зүйл танд тохиолдохгүй.

Би өсвөр насандаа сүнслэг байдлыг өөртөө хөгжүүлэх нь хэчнээн чухал болохыг ойлгодоггүй байж. Чухамдаа Мормоны Номыг чамбайхан судлахын оронд сайн хөл бөмбөгчин болохыг илүү сонирхдог байлаа. Би олон залуу эрэгтэйчүүдийн адил номлолын талбарт очих хүртлээ хувь хүний амьдралд гардаг өөрчлөлт, жинхэнэ аз жаргал гэж юу болохыг ойлгоогүй юм. Энэ бол Их Эзэнд үйлчлэхээс, суралцаж, залбирахаас, бусдыг хайрлаж, тэдэнд үйлчлэхээс ирдэг баяр баясгалан юм. Хэрэв би амьдралдаа эдгээр зүйлсийг хайхрахгүй явж ирсэн бол юмс одооогийнх шиг сайн сайхан байхгүй байсан гэдэгт би итгэдэг. Хэрэв би эдгээр зүйлсийг хийх юм бол бүх зүйл хэвийн байх болно.

Би Сүмийн түүхийн асуудлуудаар аль нэг тал руу хэт хэлбийхгүй, бодитой хандсанаар бидний өвөг дээдсийн ихэнх нь хүнтэй л адил алдаа гаргадаг, эгэл жирийн атлаа үнэхээр бахархан биширмээр хүмүүс байсныг ойлгосон. Тэд хүнтэй л адил учраас алдаа гаргадаг байжээ. Манай Сүмийн түүхэнд гунигтай эсвэл ээдрээтэй зүйлүүд байдгийг бид илүү сайн ойлгохыг хичээдэг ч магадгүй эдгээр асуудлын зарим нь энэ амьдралд хариулагдахгүй байж болох юм. Хэрэв тэгвэл юу нь муу байхав.

Хэрэв найз маань над руу ирж, Сүмийн түүхийн талаарх ямар нэг маргаантай асуудлын тухай шударгаар асуувал би түүний асуултад хариулахын тулд чадах бүхнээ хийх болно. Хэрэв найз маань Сүмийн түүхийн талаарх маргаантай асуудлуудыг судлахад олон цаг зориулж байгаа нь мэдэгдвэл би түүнээс юуны өмнө дараах асуултуудыг асуух болно: “Чи Мормоны Номыг уншсан уу? Залбирч үзсэн үү? Хүнд сорилт бэрхшээлүүдээс өөрийгөө хамгаалахын тулд амьдралдаа тэнцвэртэй байдлыг хангаж чадаж байгаа юу?”

Сүмийн түүх нь итгэлийг хөхүүлэн дэмжсэн, сэтгэл догдлом үйл явдлуудаар дүүрэн юм. Хэрэв та Сүмийн түүхийн талаарх маргаантай, худал ташаа мэдээллийг дагнан судлахад илүү их цаг зориулбал Сүмийн түүхийн олон зүйлийг мэдэхгүй өнгөрч, цөөхөн зүйлийн талаар өрөөсгөл ойлголттой болж мэднэ. Харин та Сүмийн түүхийг бүхэлд нь түүхэн нөхцөл байдалд нь ойлгох хэрэгтэй. Тэгвэл энэ нь танд асар их сүнслэг нөлөө үзүүлэх болно.

Жишээ нь, Иосеф Смит гайхамшигтай хүн байлаа. Харин тэр төгс төгөлдөр байсан уу? Үгүй. Бид бүгдээрээ жирийн хүмүүс. Гэвч тэр богинохон хугацаанд Сүмийг сэргээхийн тулд юу хийснийг ойлгохын тулд Мормоны Номыг болон Сургаал ба Гэрээн дэх илчлэлтүүдийг уншвал гайхалтай гэрчлэлтэй болно. Бүх бошиглогчдод хүнд сорилт бэрхшээлүүд тулгарч байсан бөгөөд Иосеф Смитэд үй түмэн бэрхшээл байсан бөгөөд цөөн хүмүүс түүнд гомдож байсанд гайхах зүйл үгүй юм. Гэвч тэр Бурханы бошиглогч байсан нь тодорхой юм.

Одоогийнх шиг цаг үе байхгүй

Сүмийн гишүүн болсноор миний амьдралд төсөөлөхийн аргагүй агуу үе эхэлсэн юм. Намайг эхнэртэйгээ гэрлэж, гал голомтоо бадраахад Сүмд нийтдээ 13 Ариун сүм байлаа. Бид хоёр бүх Ариун сүмд орох зорилго тавьснаа санаж байна. Өнөөдөр дэлхий даяар 140 орчим Ариун сүм үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид хэзээ ч эдгээр Ариун сүмүүдэд бүгдэд нь орж чадахгүй. Энэ бүхэн бол Сэргээлтийн үр дүн, бошиглогчид, төлөөлөгчид, Ариун сүмүүд, санваар, Мормоны Номын үр дүн мөн. Илчлэлтүүд бол бидний амьдралд ирдэг агуу адислал юм. Аврагч болон Түүний сайн мэдээ, бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө энэ бүхнийг бидэнд боломжтой болгосон билээ.

Би аль ч талаараа жирийн л нэг хүн, гэвч Тэнгэрлэг Эцэг минь надад хайртайг би сайн мэднэ. Тэрбээр бид бүгдийг хайрладаг. Бид үнэхээр Түүний хөвгүүд, охид билээ. Тэр бидний амьдралын аар саар жижигхэн юм бүрийг удирдан чиглүүлдэггүй. Энэ бол бидний өсч хөгжих үйл явцын хэсэг юм. Тэнгэрлэг Эцэг биднийг сонгох эрхээ мэдэж, ашиглан, сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх чадвартай байхыг хүсдэг. Миний амьдралд, гэр бүлийн минь амьдралд Түүний нөлөө үнэхээр их байдгийг би мэднэ. Би амьдралд хайртай учраас энэхүү мөнх бус оршихуйдаа талархалтай байдаг. Амьдралд олон буруу зүйл байдаг ч бас олон агуу зүйлс тохиож байдагт, сүнсэн хүмүүс дэлхийд ирж, бие махбодыг олж, үүрд мөнхийн туршид бидэнд туслах зүйлсэд суралцаж байгаад би талархалтай байдаг.

Түүх нь өнгөрсөн үеэ эргэж харах боломжийг бидэнд олгодог учраас бидний амьдралыг адисалдаг. Зарим үед өнгөрсөн амьдралаа эргэж харах нь хэцүү байдаг ч бид түүхээр дамжуулан бусад хүмүүсийн өнгөрсөн амьдралыг харж, тэднийг адисалсан зүйлсийг мэдэж болно. Бид бас өвөг дээдсээ адисалсан зүйлсийг мэдсэнээр алдаа гаргахаас сэрэмжлэхэд өөрсдөдөө тусалж чадна.