2013
Амжилттай гэрлэлт ба бат бөх гэр бүлийн есөн зарчим
2013 оны 6-р сар


Амжилттай гэрлэлт ба бат бөх гэр бүлийн есөн зарчим

АНУ-ын Вашингтоны Ами Адамсын ээжтэйгээ ярилцсан нэг яриа бодол санааг нь өөрчилсөн ба тэрээр бага насны гурван хүүхдэдээ хамгийн сайн тохирох үйл ажиллагаануудыг сонгохыг хичээжээ. “Хэрэв чи хүүхдүүддээ спортоор буюу бүжгээр хичээллэхээс илүү дээр ямар нэг зүйлийг санал болговол энэ нь юу байх вэ?” “Хэрэв тэд гэртээ байж, Сүнсийг улам сайн мэдэрч сурвал яах вэ?” гэж Амигийн ээж асуужээ. Тэгээд ээж нь амьдралын үндсэн харилцаан дээр хүч чармайлтаа төвлөрүүлэх тухай Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Угдорфын заасан зүйлийг түүнд сануулсан ажээ (жишээ нь, “Хамгийн чухал зүйлс,” Лиахона, 2010 оны 11-р сар, 19–22).

Ами нөхөр Бреттэйгээ энэ зөвлөгөөний талаар залбирч, тунгаан бодож үзээд тэд гэр бүлээрээ гэртээ илүү олон цаг хамт байх нь зөв гэдгийг мэджээ. Тэд нэг жилийн хугацаагаар бүжиг, спортоос татгалзаж, оронд нь хоол хийх, Хүүхдийн Хэсгийн дуунууд сурах, музей үзэх, гэрийнхээ гадаа тоглож байхаар шийдсэн ажээ. “Бид үе үе завсарлаж, хүүхдийн дуу, судар сургаалууд сонсдог байсан учраас манай хүүхдүүд Сүнсийг мэдэрдэг болсон” гэж Ами хэллээ. Тэдний хүүхдүүд спорт, бүжгийн одод болохгүй байж болно, харин “Аврагчийн тухай гэрчлэлтэй болсон” гэж тэр ярив.

Ами, Бретт хоёр өнөө үеийн бошиглогчдын зөвлөгөөг өөрсдөө хэрхэн дагавал зохихыг мэдэхийн тулд залбирсан нь гэр бүлийнхээ төлөө сүнсний удирдамж хүлээн авах боломжийг тэдэнд олгожээ. Энэхүү сүнсний удирдамж нь түүнд “эх хүний хувьд хамгийн бахархалтай агшин” байсан хэмээн Ами хэллээ.

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т өнөө үеийн бошиглогчид сайн мэдээн дээр төвлөрсөн бат бөх гэр бүлийн есөн зарчмыг ийн тодорхойлсон юм: “Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, наманчлал, уучлал, хүндэтгэл, хайр энэрэл, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба идэвхтэй амралтын зарчмууд дээр оршин тогтнодог билээ” (Лиахона, 2010 оны 11-р сар, 129). Сүмийн удирдагчдын дараах сургаалууд, Есүс Христийн амьдралаас авсан жишээнүүд болон бусад эх сурвалжууд нь дээрх есөн зарчмыг болон тэдгээрийг амьдралд хэрэгжүүлэх арга замуудыг нарийвчлан авч үзэх боломжийг бидэнд олгож байна.

Итгэл

“Итгэл гэдэг бол Есүс Христэд итгэн найдах явдал бөгөөд энэ нь хүнийг Түүнийг дуулгавартай дагахад хөтөлдөг.”

Судруудын Удирдамж, “Итгэл,” scriptures.lds.org.

Сүмийн удирдагчдын сургаалаас

“‘Амьд Бурханы Хүү Есүс Христэд итгэх итгэлийн… сургаалыг ойлгуулахын’ (С ба Г 68:25) тулд хүүхдүүддээ заахыг эцэг эхчүүд бидэнд зарлиг болгосон билээ. …

“Бидэнд итгэлээс өөр ямар ч баталгаатай үнэн байдаггүй. Амьдралд амар амгалан, баяр баясал, итгэл найдварыг авчирдаг зүйл итгэлээс өөр байхгүй. Тодорхойгүй бөгөөд хүнд бэрх цагт итгэл үнэхээр бидний хүч чармайлтуудын үр жимс болж ирдэг сүнсний бэлэг мөн. Бид үр хүүхдэдээ боловсрол олгож, хичээл заан, урлаг, спортын мэдлэг чадвар эзэмшүүлж, материаллаг зүйлсээр хангаж чадах ч бид тэдэнд Христэд итгэх итгэлийг өгч чадахгүй, өгсөн ч багаахныг л өгч чадна.”

Далын Ахлагч В.Пийрсон, “Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл,” Лиахона, 2009 оны 5-р сар, 38.

залбирал

“Залбирал бол Эцэгийн хүсэл, хүүхдийн хүсэл хоёр хоорондоо нэгдэн нийлдэг үйлдэл буюу үйл явц мөн. Залбирлын зорилго нь Бурханы хүслийг өөрчлөхөд биш харин Бурхан та нарт өгөхийг хүсдэг адислалуудыг олж авахад өөртөө болоод өрөөл бусдад туслах явдал бөгөөд Түүнээс чухам юу хүсч байгаагаас хамааралтай байдаг.”

Bible Dictionary, “Залбирал.”

Есүс Христийн амьдралаас

Аврагч нифайчуудад хийсэн үйлчлэлийнхээ анхны өдрийн төгсгөлөөр хүмүүсийн нүүр рүү хараад, “тэд нулимс унагаж буйг, мөн тэд өөрийг нь тэдэнтэй хамт дахин хэсэгхэн зуур ч гэсэн үлдэхийг гуйх мэт түүний зүг тэд ширтэн харж байхыг” болгоожээ. Тэрбээр өрөвч энэрэнгүй сэтгэлээр бялхан, “Та нарын дунд өвчтөнүүд байна уу? … Тэднийг нааш нь авчрагтун, би тэднийг эдгээх болно” хэмээн хэлсэн билээ.

Цугласан олон өвчтэй хүмүүсээ түүнд авчрахад Есүс тэднийг нэг бүрчлэн эдгээв. Тэгээд тэд бүгд нийлээд 2500 эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд Есүсийн хөлд унаж, түүнийг шүтэн биширчээ.

Дараа нь Аврагч бяцхан хүүхдүүдийг Өөр рүүгээ авчрахыг мөн цугласан олныг өвдөг дээрээ сөхрөхийг зарлиглажээ. Тэр хүүхдүүдийн дунд өвдөг сөгдөн залбирч эхэлжээ. Хүмүүс Түүний залбирлыг үлэмж баяртайгаар сонссоны эцэст дараах гэрчлэлийг хуваалцжээ: “Эцэгт хандан Есүсийн ярьсныг бид харж мөн сонссон шиг тийм агуу хийгээд гайхамшигт зүйлүүд урьд нь нүдэнд хэзээ ч үзэгдээгүй, бас чихэнд хэзээ ч сонсогдоогүй бөлгөө” (3 Нифай 17: 1–17-г үзнэ үү.)

Наманчлал

“Наманчлал нь хүн нүгэл хилэнцээс эргэж, зүрх сэтгэл, хүсэл тэмүүллээ Бурхан руу эргүүлэх зорилготой юм.”

Судруудын Удирдамж, “Наманчлал, наманчлах,” scriptures.lds.org.

Сүмийн удирдагчдын сургаалаас

“Маргааш гэж хойшлуулах биш харин өнөөдөр наманчлах нь хамгийн чухал. …

Бид арай хожуухан уучлагдаж болох ч гэсэн Их Эзэн хайртай болон үйлчилдэг хүмүүст маань зөвхөн өнөөдөр нөлөөлөх бидний наманчлалын сайн үр нөлөөг хожим нь сэргээдэггүй. Энэ нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд бүр ч чухал юм. Балчирхан насанд нь зан төлөвийн сайн чанаруудыг тэдэнд төлөвшүүлж, өргөн дэмжих боломж бидэнд дахиад хэзээ ч олдохгүй. Тэр ч бүү хэл, өөрийнхөө хүүхдүүд дээр ийм боломжийг ашиглаж чадаагүй эмээ өвөө нар хүртэл өнөөдөр наманчлалыг сонгох замаар энэхүү боломжийг ач зээ нарынхаа төлөө ашиглаж болно.

Ерөнхийлөгч Хенри Б.Айринг, Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх, “Бүү хойшлуул,” Лиахона 2000 оны 1-р сар, 40.

Уучлал

“Уучлах нь ерөнхийдөө хоёр талт үйл явц юм: (1) Бурхан хүмүүсийг уучлахдаа нүглийн төлөөх шийтгэлийг цуцлах буюу хойшлуулдаг. … (2) Хүмүүс бие биеэ уучилснаар нэг нэгэндээ Христийнхтэй адил хайраар ханддаг.”

Судруудын Удирдамж, “Өршөөх, уучлах,” scriptures.lds.org.

Есүс Христийн амьдралаас

Симон гэгч фарисай хүн Аврагчийг гэртээ зоогт урьжээ. Тэднийг хоол идэж байх үед тэр хотдоо нүгэлтэн гэгддэг байсан нэг эмэгтэй Есүс рүү хүрч ирэн, дэргэд нь зогсоод уйлж эхэлснээ Аврагчийн хөлд сөгдөн нулимсаараа хөлийг нь норгож, үсээрээ арчин, хөлийг нь тосолжээ. Симон тэр эмэгтэйг хараад, “Хэрэв энэ хүн эш үзүүлэгч мөн байсан юм бол Түүнд гар хүрч буй энэ эмэгтэй хэн болохыг, түүний нүгэлт хүн болохыг нь мэдэх учиртайсан хэмээн дотроо боджээ.”

Тэгэхэд нь Аврагч Симон руу эргэж, түүнд дараах сургаалт зүйрлэлийг ярьсан гэдэг:

“Нэгэн мөнгө зээлдүүлэгчид хоёр хүн өртэй байжээ. Нэг нь таван зуу, нөгөө нь тавин денарын өртэй байв.

Тэд төлөх чадваргүй тул өнөөх хүн тэднийг хоёуланг нь өрнөөс хэлтрүүлжээ.”

Тэгээд Есүс Симоноос, “[Өртөнгүүдээс] хэн нь [зээлдүүлэгчийг] илүү хайрлах бол?” гэж асуухад илүү өгөөмрөөр өрнөөс хэлтрүүлэгдсэн нь болов уу гэж Симон хариулжээ. Тэгэхэд нь Есүс нөгөөх эмэгтэй рүү эргэж, “Чи энэ эмэгтэйг харж байна уу? … Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр ихэд хайрласан. Харин багахан шигээр уучлагдсан нэг нь бага хайрладаг” гээд эмэгтэйд, “Нүгэл чинь уучлагдсан. … Итгэл чинь чамайг аварлаа. Амар тайван яв даа” гэжээ (Лук 7:36–50-ийг үзнэ үү).

Сүмийн удирдагчдын сургаалаас

“Уучлагдсан хүмүүс бусдыг уучилдаг гэсэн нийтлэг дүрмийг баримталдаг хүмүүсээр тэнгэр дүүрэн байдгийг санагтун.”

Тэргүүн Зөвлөлийн Хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Диетер Ф.Угдорф, “Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Лиахона, 2012 оны 5-р сар, 77.

хүндэтгэл

“Дээдлэн хүндлэх, өндөр хүндэтгэл үзүүлэх.”

Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “respect.”

Сүмийн удирдагчдын сургаалаас

“Бид дэлхийн зүйлсийг судалж мэдэж, үүнд суралцахдаа энэ нь үнэхээр түр зуурын бөгөөд заримдаа ертөнц хэтэрхий өнгөцхөн, нүд хуурсан болохыг ухаардаг бөгөөд энэ үед гэр бүл болон бидний хайртай хүмүүсийн үнэнч байдал зэрэг итгэж найдаж болох зүйлс бидэнд байгаад баярлан талархах нь өсөн нэмэгддэг билээ. Үүрэг хариуцлага, хүндэтгэл, нийтэч зан чанар зэргээр хоорондоо холбогдоно гэдэг юу гэсэн утгатай болохыг бид мэддэг. Адислагдсан гэр бүлийн амьдралын хэлхээ холбоог юугаар ч орлуулж болохгүйг бид мэддэг.” …

“Ах нар аа, эхнэртээ хайр, хүндэтгэлийн дээдээр хандацгаая. Хань ижил тань та бидний мөнхийн хамтрагчид билээ. Эгч нар аа, нөхрөө хүндэлж бай. Тэд та нараас сайн сайхан үгсийг сонсох хэрэгтэй. Тэдэнд халуун дулаан инээмсэглэл хэрэгтэй. Тэдэнд үнэнч хайраа чин сэтгэлээсээ илэрхийлж бай.

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Гэр бүл дэх хайр—бидний Бошиглогчийн зөвлөгөө,” Лиахона, 2011 оны 8-р сарын 4.

Хайр

“Бусдыг энэрэн хайрлах гүнзгий мэдрэмж. … Бурханы хайрын хамгийн агуу жишээ нь Есүс Христийн хязгааргүй Цагаатгалаар илэрсэн юм.”

Судруудын Удирдамж, “Хайр,” scriptures.lds.org.

Есүс Христийн амьдралаас

Түүний Цовдлолтын өмнөх орой буюу Гетсемани дахь зовлон шаналлаас хэдхэн цагийн өмнө Есүс Христ Төлөөлөгчидтэйгөө хамт Дээгүүр Өнгөрөх сүүлчийн Баярыг тэмдэглэсэн юм. Зоог дуусах үед Есүс “энэ ертөнцөөс салж, Эцэг уруугаа очих цаг нь болсныг мэдээд, Өөрийн хүмүүсийг хайрлан, тэднийг эцэст нь хүртэл хайрлав.” Тэгээд Аврагч зоогийн ширээнээс босч, гадуур хувцасаа тайлаад, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаав. Тэр ажлаа дуусгаад дараах шинэ зарлигийг тэдэнд өгсөн билээ:

“Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун. …

Үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно” (Иoхан 13:1–5, 34–35-г үз).

Сүмийн удирдагчдын сургаалаас

“Эцэг эхчүүд ээ, та нар хүүхдүүддээ чин сэтгэлийн хайраа хамгийн сүүлд хэзээ илэрхийлсэн бэ? Хүүхдүүд ээ, та нар аав, ээждээ чин сэтгэлийн хайраа хамгийн сүүлд хэзээ илэрхийлсэн бэ?

Бид хайрладаг хүмүүстээ хайртай шүү хэмээн хэлдэг байх ёстойгоо хүн бүр мэддэг ч жинхэнэ үйлдлээрээ тэр бүр харуулдаггүй. Хайртай шүү гэж хэлэхдээ бид итгэлгүй байж магадгүй мөнэвгүй санагдах юм уу ичингүйрч болно.

Аврагчийн шавь нар бид зөвхөн илүү ихийг мэдэхийг хичээх төдийгүй, харин зөв гэдгийг нь мэддэг зүйлсээ улам идэвхтэй, улам ихээр хийж, улам төгөлдөржих хэрэгтэй.

Хэн нэгэнд ‘хайртай шүү’ гэж хэлэх нь зөвхөн эхлэл гэдгийг бид санах ёстой. Бид энэ үгийг хэлэх хэрэгтэй, утга учрыг нь амьдрал дээр хэрэгжүүлж, харуулах хэрэгтэй.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Дэвид А.Беднар, “Гэр орон, гэр бүлдээ бүхнийг зориулья,” Лиахона баEnsign, 2009 оны 11-р сар, 17–18.

Өрөвч сэтгэл

“Өрөвч сэтгэл гэдэг нь ‘хэн нэгэнтэй хамт зовох’ буюу өөр хүнийг өрөвдөн хайрлаж, энэрэнгүй сэтгэлээр түүнд хандах гэсэн утгатай юм.”

Судруудын Удирдамж, “Өрөвч сэтгэл,” scriptures.lds.org.

Есүс Христийн амьдралаас

Аврагч бусдад өрөвч сэтгэлээр хандсан өдий төдий түүх судруудад байдаг. Тэрбээр өрөвч сэтгэлээрээ хараагүй хоёр хүнд хараа оруулж (Maтай 20:30–34-ийг үз), уяман өвчтэй хүнийг цэвэршүүлж (Maрк 1:40–41-ийг үзнэ үү), цугласан үй олон нифайчуудын дундах өвчтэй бүх хүмүүсийг эмчилсэн билээ (3 Нифай 17:6–9-ийг үзнэ үү).

Есүс Найн хотын хаалганд ойртон ирэх үед “бэлэвсэн эмэгтэйн ганц хүү байсан” нэг залуугийн оршуулгын цувааг харсан түүх онцгой сэтгэл догдлуулам юм. Аврагч хотын хэчнээн хүмүүс тэр эмэгтэйтэй хамт явааг болон сайхь эмэгтэй хэрхэн уй гашуу болж явааг хараад түүнийг “ихэд өрөвджээ” (Лук 7:11–15-ыг үзнэ үү). Тэрбээр залуу хүний цогцостой авсанд гараа хүргэж, “Би чамд хэлж байна. Залуу минь, бос” гэжээ. Тэр даруй нөгөөх залуу босч ирэн ярьж эхлэхэд Аврагч түүнийг зовлон үзсэн эхэд үхлээс чөлөөлж өгчээ.

Ажил хөдөлмөр

“Хүн өөрийгөө бие махбод хийгээд оюун санааны хувьд тэтгэх зорилго бүхий хүч чармайлт.”

Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “work.”

Сүмийн удирдагчдын сургаалаас

Шударга хөдөлмөрөөс ирдэг баяр баяслыг хүүхдүүддээ заах нь тэдэнд таны өгч чадах хамгийн агуу бэлгүүдийн нэг юм. Өнөөдөр гэр бүлийн өдий төдий хосууд салж сарниж байгаа шалтгаануудын нэг нь эцэг эхчүүд бид хөвгүүддээ гэр орон, гэр бүлээ авч явах үүрэг хариуцлагыг нь болон энэхүү үүрэг хариуцлагаас үүдэлтэй сорилт бэрхшээлүүдийг зааж сургахгүй байгаа явдал гэдэгт би итгэдэг. Бас биднээс олон нь гэр орноо өнгөтэй өөдтэй, эмх цэгцтэй авч авах хүслийг охиддоо төлөвшүүлж чадахгүй байна …

“[Аав минь] надад шударга хөдөлмөрийг эрхэмлэн дээдлэхээс ирдэг баяр баясгаланг гүнээ ухамсарлуулж, ирээдүйд амьдралдаа өрх гэрээ тэргүүлэн авч явах үүрэг хариуцлага тулгарах тэр үед намайг бэлтгэсэн юм. Ухаант эцгийн минь надад заасан шударга хөдөлмөрийн тухай, үрлэгэн биш байх тухай, сахилгын тухай, ажлыг заавал дуустал нь хийж байх тухай зарчмууд миний амжилтын үндэс болсон юм.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Л.Том Перри, “Шударга хөдөлмөрөөс ирдэг баяр баясгалан,” Ensign, 1986 оны 11-р сар, 62, 64.

Амралт, чөлөөт цаг

Эрүүл саруул, санаа сэтгэл өргөсөн үйл ажиллагаанууд оролцсон бүх хүмүүсийн сүнсний хүч чадлыг нэмэгдүүлдэг.

Сүмийн удирдагчдын сургаалаас

“Шударга ажил хөдөлмөрийн үр шим амттай сайхан байдаг лугаа адил идэвхтэй эрүүл амралт бол бидний найз нөхөр, ажил хөдөлмөрийн найдвартай хамтрагч мөн. Дуу хөгжим, уран зохиол, урлаг, жүжиг, спорт—энэ бүхэн хүний амьдралыг баялаг агуулгатай болгож, цаашид улам хөгжүүлдэг. Үүний сацуу өнөө үеийн үзвэрүүдийн ихэнх нь бүдүүлэг, олхиогүй, хүчирхийлэл, оюуны хоосролыг сурталчилсан, цаг үрсэн шинжтэй байгааг хэлэх хэрэгтэй. Зарим үед чөлөөт цагаа өнгөрүүлэх газар олох нь маш хэцүү байдаг. Үзвэр цэнгүүн сэтгэл татам сайхан зүйлээс олхиогүй юм болж хувирсан үед ариун журамт амьдралыг бусниулагч болдог.”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Д.Тодд Кристофферсон, “Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл,” Лиахона, 2010 оны 11-р сар, 17.

Гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд, Коди Белл нар © IRI

Зүүн талаас: гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд, Коди Белл, Кристина Смит нар © IRI; Их Эзэн Есүс Христ Дел Парсон © IRI

Зүүн талаас: Гэрэл зураг чимэглэлийг Крейг Даймонд, Коди Велл, Дэвид Стокер нар, БИ ИТГЭХ БОЛНО, ЛИЗ ЛЕМОН СВИНДЛ, Хуулбарлаж болохгүй

Зүүн талаас: гэрэл зураг чимэглэлийг СТИВ БУНДЕРСОН, ДЭВИД МИНТЕРС, МАТТЬЮ РЕЙЕР, Есүс Төлөөлөгчдийн хөлийг угааж байгаа нь, НАРИЙВЧИЛСАН ЗУРАГ Дел Парсон © IRI

Хэвлэх