2013
Талархал
2013 оны 6-р сар


Залуучуудын бат бөх байдлын төлөө

Талархал

Зураг
Дэвид Л.Бек

Хэрэв бид талархлаар дүүрэн байвал бүгдээрээ аз жаргалтай байх болно.

Зураг

2011 оны зун АНУ-ын Нью-Мексикийн Филмонт Скаут Ранчид Жош Ларсoнтай танилцах аз завшаан надад тохиосон юм. Түүнээс хойш ганц хоёрхон сарын дараа Жош агуулахыг цэвэрлэхэд аавдаа тусалж байх үед нь 670 кг жинтэй дамжуулах шугамын дамнуурга гэнэт хугарч, дамнуурга Жош дээр унаж, толгойноос нь хөлийг нь хүртэл дарсан аж. Жошийн аав хүүгийнх нь дээрээс дарсан дамнуурган дороос амьсгал нь тасалдсан хүүгээ гайхамшигтайгаар гарган авч, түргэн тусламжийнхан иртэл анхны тусламж үзүүлсэн ажээ.

Жошийн амь нас хэд хоногийн турш хутганы ирэн дээр байлаа. Эмч нар түүний бяцарсан гавлын ясыг эвлүүлж, тасарсан шөрмөсүүдийг нь залган, бусад ноцтой бэртлүүдийг эдгээхийн тулд шаргуу ажиллажээ. Олон мэс засал хийсний дараа Жош хэвийн болж эхэлсэн ч эдгэрэлт туйлын удаан үргэлжилсэн ажээ.

Өнөөдөр Жош ослын олон үр дагаврыг биеэрээ амсан туулж байна. Нэг нүд нь гэмтэж, өрөөсөн чих нь сонсголгүй болж, толгойд нь төмрийн өөдөс зоогдсон ажээ. Гэвч тэр энэхүү гай зовлонг адислал хэмээн үздэг гэнэ. Тэр амь насаараа болон ослын олон үр дагавраас эдгэрснээ Тэнгэрлэг Эцэгтэй болон эргэн тойрныхоо хүмүүсийн дэмжлэгтэй холбож үздэг ажээ. Талархал түүний зүрх сэтгэлд бялхаж байна.

Зураг

Жошийн эдгэрэлт удаан байлаа. Ослын олон үр дагаврыг тэр биеэрээ амссан ч үүнийг гай зовлон гэхээс илүүгээр адислал хэмээн үздэг ажээ.

Бэрхшээл тулгарсан үед талархалтай бай

Жош өсвөр үеийхний саяхны чуулган дээр гэр бүл, найз нөхөд, тойргийн болон гадасны удирдагчдын хийсэн залбирлууд болон мацаг барилтын тухай ингэж ярьжээ: “Би адислалуудаа тоолж байна. Миний олон залбирал хариулагдсан. Өөртөө тохиолдсон зүйлийг би гай зовлон гэхээсээ илүү адислал гэж үздэг. Би та нартаа бүгдэд нь хайртай шүү.”

Жош бол Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Талархлын сүнсээр амьдрагтун. Тэгвэл та нар агуу аз жаргал, сэтгэл ханамжийг олох болно. … Хамгийн хүнд бэрх цагт ч та нар талархаж болох маш олон зүйлийг олж чадна” гэсэн сургаалын үлгэр жишээ мөн.1

Талархал нь хүнд сорилт бэрхшээлийг, бүр Жошт тохиолдсон шиг ноцтой гай зовлонг ч адислал болгон хувиргаж болно. Талархалтай байж, амьдралд өөдрөг үзлээр хандах нь хүч чармайлт шаарддаг. Их Эзэн үнэхээр биднийг адисалдаг учраас Түүний нигүүлсэл, нинжин сэтгэл ажиглагдахгүй өнгөрөх буюу талархал илэрхийлэхгүй байх аргагүй юм. Мормоны Номын бошиглогч Моронай талархлын ач холбогдлыг бидэнд сануулж, “Адам бүтээгдсэнээс бүр та нар эдгээр зүйлсийг хүлээн авах цагийг хүртэл Их Эзэн хүмүүний үрсэд хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг санагтун” (Moронай 10:3) хэмээн бидэнд урам хайрласан билээ.

Ариун Сүнсний тусламж

Бид завгүй амьдралдаа түүртээд өдөр тутмын ажил үйлсдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг хайхрахгүй өнгөрүүлэх буюу амархан мартаж болно. Бид юм бүхэнд талархалтай байх ёстойг санахад Ариун Сүнс бидэнд туслах болно. Тэргүүн Зөвлөлийн Нэгдүгээр зөвлөх Ерөнхийлөгч Хенри Б.Айринг: “Бурхан бидний төлөө юу хийснийг мэдэхэд Ариун Сүнс бидэнд тусалдаг гэж заажээ.” “Бурханы энэрэнгүй нинжин сэтгэлийг таньж, санах арга замуудыг олохыг” тэр бидэнд хичээнгүйлэн захьсан билээ.2

Бурханы нинжин сэтгэл хийгээд биднийг хайрладаг Түүний хайрыг сануулж байх боломжийг Ариун Сүнсэнд олговол бид талархлын мэдрэмжээр үргэлж дүүрэн байх болно. Ийм мэдрэмж Тэнгэр дэх Эцэгтээ талархалтай байхад бидэнд нөлөөлөх болно. Итгэлдээ үнэнч байх нь товхимолд ийн заасан байдаг: “Та нарт нинжин сэтгэлээр ханддагийнх нь төлөө Тэнгэрлэг Эцэгтээ талархал илэрхийлж бай. Та нар бүх зүйлд Түүний мутрыг хүлээн зөвшөөрснөөр, та нарт Түүний өгсөн бүх зүйлд талархсанаар, Түүний зарлигуудыг сахьсанаар мөн бусдад үйлчилснээр Бурханд баяр талархлаа илэрхийлж болно. … Талархалтайгаар ажлаа хий. Ингэвэл гайхамшигтай үр дүнд хүрэх болно.”3

Адислалуудаа мэддэг болсон үед бидний гэрчлэл өсөн нэмэгдэх болно. Бидний амьдралд Их Эзэний гар ямар үүрэг гүйцэтгэдгийг бид хэдий чинээ сайн харж чадвал Түүнд төдий чинээ ойртож чадна. Бид Тэнгэр дэх Эцэгтээ талархлаа илэрхийлэх хамгийн сайн арга замуудын нэг бол бидний амьдралд нөлөөлснийх нь төлөө Түүнд болон бусад хүмүүст талархал илэрхийлж байх явдал мөн.4

Талархлын мэдрэмж нь Их Эзэнийг дагаж, эргэн тойрныхоо хүмүүст сүнслэг нөлөө үзүүлж, сайн өөрчлөлтийг хөхүүлэн дэмжсэн амьдралаар амьдрахад бидэнд сүнслэг нөлөө үзүүлэх болно.

Эшлэл

  1. Залуучуудын бат бөх байдлын төлөө (товхимол, 2011), 18.

  2. Хенри Б.Айринг, “Ай санагтун, санагтун, та нар” Лиахона, 2007 оны 11-р сар, 67–68.

  3. Итгэлдээ үнэнч байх нь: Сайн мэдээний эшлэлүүд (2004), 79.

  4. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол, х.18-ыг үзнэ үү.

Гэрэл зургуудыг Вики Ларсон болон Сүмийн хэвлэл нийтлэлийн албаны зөвшөөрлөөр нийтлэв

Хэвлэх