2013
Асуулт, хариултууд
2013 оны 6-р сар


Асуулт, хариултууд

“Манай ах порнограф үздэг болсон. Тэр энэ талаараа бишоптой хамтран ажиллаж байгаа учраас би түүнд туслахыг хүсдэг. Гэвч энэ нь түүнд итгэх миний итгэлд нөлөөлсөн. Энэ асуудлыг би хэрхэн шийдэх вэ?”

Та ахдаа туслахыг хүсч байгаа нь тун сайн хэрэг. Өөрийн тань урам дэм түүнд хэрэгтэй байх болно. Ах чинь амьдралдаа тохиолдсон энэхүү сорилтыг өөрт чинь мэдэгдсэн нь дүүдээ итгэл найдвар хүлээлгэсэн анхны том алхам юм. Энэ сорилттой олонтоо холбоотой байдаг асуудлаа нуух, худал хэлэх явдлыг даван туулсан нь томоохон ахиц дэвшил гарахын нотолгоо мөн. Энэ нь ахдаа илүү их итгэдэг болоход тань тусална. Энэхүү итгэл өсч хөгжихөд цаг хугацаа шаардагдана. Гэвч энэ нь түүнийг хайрлах хэрэггүй гэж байгаа юм биш. Та ахынхаа төлөө залбирч, түүнд сайн үлгэр дууриал үзүүлж, түүнд туслахын тулд бусад зүйлсийг хийх хэрэгтэй.

Түүнийг шүүх гэсний хэрэггүй. Хэрэв тэр өөрийг нь шүүж байна гэж бодвол сорилтынхоо талаар муугаар бодож, өөрчлөлт гаргах нь түүнд улам хэцүү болно. Хүн бүхэнд сул тал байдаг. Энэ бол Аврагч Цагаатгалыг хийсэн нэг шалтгаан. Их Эзэнд болон наманчлалаар дамжуулан ах чинь асуудлаа шийдэн өөрчлөлт гаргаж, уучлагдаж чадна гэдэгт итгэлтэй бай.

Ах чинь энэ асуудлаар бишоптойгоо ажиллаж байгааг та мэддэг учраас энэ талаар бишоптойгоо ярилцаж болно. Бишоп болон эцэг эх тань юу хийхийг мэдэхэд тань тусалж болно. Та нар түүнд туслахын тулд гэр бүлээрээ хамтран ажиллаж болно. Гэр бүлээрээ түүний төлөө мацаг барьж болно. Энэ нь түүнд уруу таталтын эсрэг бамбай болно (Maтай 17:21-ийг үзнэ үү).

Харамслаа илэрхийл харин хэзээ ч бүү зэмлэ

Порнограф бол шалихгүй зүйл биш. Өөрийн чинь хайрладаг хэн нэгэн ийм асуудалтай болсныг мэдэх нь үнэхээр харамсалтай байдаг. Уг асуудал урт удаан хугацаанд үргэлжлэх байлаа ч түүнийг уучлахыг үргэлж хичээ. Уучлал, итгэл хоёр тусдаа зүйл гэдгийг санагтун. Харамслаа илэрхийл харин хэзээ ч бүү зэмлэ. Тэр асуудалтайгаа тэмцэхэд ганцаараа биш гэдгийг мэдрэх нь чухал. Тиймээс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Донтолтыг нь эс харгалзан та түүнийг хайрлавал тэр асуудлаа даван туулах найдвар, хүч чадлыг олох болно.

Бетани A., нас 18, Aризона, АНУ

Түүнд урам хайрла

Таны маш их итгэдэг хүн итгэлийг тань хөсөрдүүлбэл энэ нь танд хүнд тусдагийг би мэднэ. Таны хийвэл зохих эхний зүйл бол ахтайгаа ярилцах хүч чадлын төлөө Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч гуйх явдал мөн. Та ахтайгаа асуудал нь ямархуу байгаа тухай долоо хоног тутам ярилцаж, тусламж авахад нь урам дэм өгөх судруудыг хувиараа судлан олж түүнд өгч болно. Хэдийгээр тэр итгэлийг тань алдсан ч гэсэн түүнийг дэмжиж туслах нь чухал. Их Эзэн түүнд хайртайг болон түүнийг уучлах болно гэдгийг ойлгуул. Дуулал 187-г “(God Loved Us, So He Sent His Son” [Бурхан биднийг хайрладаг учраас Хүүгээ илгээсэн юм]) гэдгийг түүнд сануул.

Наоми Б., нас 16, Mиннесота, АНУ

Түүнд тусал

Тэр ямар сонголт хийснийг үл хайхран түүнд хайртайгаа харуул. Асуудлаа шийдэхийн тулд хийж байгаа алхам бүрийг нь дэмжиж, түүнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байдгаа харуул. Алдагдсан итгэл тэр дороо эргээд ирдэггүй ч итгэлийг тань дахин олж авахыг тэр хичээж байгаа шүү дээ. Тэр зөв зам дээр нэгэнт гарч, асуудлаа хэрхэн шийдэж, өөрчлөлт гаргахыг мэдэж байгаа болохоор та түүнд дахин итгэж сурах хэрэгтэй.

Көрстин M., нас 17, Хойд Каролина, АНУ

Уучилж бай

Хэрэв та Цагаатгалын хүчийг ашиглавал наманчлах хүч чадалтай болоход нь ахдаа тусалж чадна. Цагаатгал нь сэтгэл санааны зовлонд унасан болон буруу сонголт хийсэн хүмүүсийг эдгээж чадна. Үргэлж уучилж, уур уцаарын оронд хайрын эелдэг харцаар харж бай.

Сет Б., нас 18, Миссури, АНУ

Удирдамж хүсч залбир

Өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгээсээ удирдамж хүсэн, ахтайгаа ярилцаж, түүнтэй хамт залбир. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө өөрийгөө даруусгавал Тэр “[биднийг] хэрээс хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд мөн сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм” (1 Коринт 10:13). Тэр ахад чинь уруу таталтын эсрэг хүчтэй байж, үргэлж зөвийг сонгоход нь туслах болно.

Алехандра Б., нас 22, Калифорни, АНУ

Итгэл найдвараа бүү орхи

Ахдаа итгэх итгэл найдвараа бүү орхи. Учир нь энэ үе бол гэр бүл нь түүнд хамгийн хэрэгтэй үе мөн. Порнографын асуудал нь өөрт нь итгэх гэр бүлийнхээ итгэлийг алдахад хүргэж мэдэх учраас түүнийг даван туулах нь ахад чинь яггүй хэцүү байгаа. Надад бас ийм асуудал тулгарсан бөгөөд би гэр бүлтэйгээ лацдан холбуулахаар Ариун сүмд явахаар зохистой болохын тулд наманчлахаар ажиллаж байна. Аав ээж хоёр юу гэх бол, тэд надад яаж хандах бол гэхээс би үргэлж айдаг байсан. Гэтэл тэд намайг дэмжин, асуудлыг хэрхэн шийдэхэд надад туслах хүсэлтэй байгааг нь би их гайхсан шүү. Хэрэв ах чинь бишоптойгоо зөвлөлдөж, асуудлыг шийдэхэд хүч чармайлт гаргаж байгаа бол ахиц дэвшил гарч байгаа гэсэн үг.

АНУ-ын Аляскийн нэг залуу

Их Эзэнд итгэ

Цагаатгал зөвхөн бидний нүглийн төлөө төдийгүй бидэнд тохиолддог хүнд сорилт бэрхшээлүүд болон тэдгээрийг даван туулахын төлөөх хүч чармайлтуудын төлөө хийгдсэн юм. Есүс Христ таны сэтгэл санаа ямар байгааг яг тодорхой мэддэг, өмнө нь ч мэддэг байсан. Түүнд ханд, тэгвэл Тэр өөрийг чинь өргөхөөр гараа бэлэн байлгах болно. Түүний тусламжийн төлөө бас Цагаатгалын эдгээгч хүчний төлөө залбир. Өөрийн бүх санаа зоволт, асуудал бэрхшээл, нөхцөл байдлын талаар бодол санаагаа Тэнгэрлэг Эцэгт хэл. Хамгийн чухал нь гайхамшиг тохиохыг зүгээр хүлээж суух биш харин ямар нэг юм хий. Судруудыг судалж, өөрт чинь туслах мэргэн ухааныг эрж хай мөн бүх зүйл сайхан болно гэсэн итгэлтэй бай.

Meган A., нас 19, Aризона, АНУ

Хэвлэх