Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь 4: Инос–Moзая 17


“Суралцахуйгаа үнэлэх нь 4: Инос–Moзая 17,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Суралцахуйгаа үнэлэх нь 4,” Мормоны Номын багшийн гарын авлага

Суралцахуйгаа үнэлэх нь 4

ИносMoзая 17

Өсвөр үеийнхэн судрын талаар хамтдаа судалж, ярилцаж байгаа нь

Энэ хичээл танд Мормоны Номыг судлах явцдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.

“Дүгнэ … мөн хичээсээр бай”

Үе үе бид хэрхэн ажиллаж байгаагаа эргэцүүлэн бодож, дүгнэх цаг гаргах нь чухал юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Ж.Рэнланд ийн заасан.

Би та бүхнийг өөрсдийн амьдралыг дүгнэн, нүглээ наманчилж, чармайн хичээнэ үү хэмээн урьж байна. … Биднийг өөрчлөгдөх үед Бурхан биднийг ямар хүн байсан гэдгээс маань илүү, одоо ямар хүн байгаа мөн ямар хүн болж байгааг анхаардаг гэдгийг мэдэж авах болно. (Дэйл Ж.Рэнланд, “Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45)

Энэ хичээлийн үеэр та дараахтай адил асуултуудыг авч үзэхийг хүсэж болно.

  • Та Мормоны Номоос суралцаж байгаа зүйлийнхээ ачаар ямар арга замаар өсөж хөгжин, өөрчлөгдөж байна гэж мэдэрч байна вэ?

  • Та тавьсан зорилгодоо хэр ахиц дэвшил гаргасан бэ?

  • Та юун дээр үргэлжлүүлэн ажиллахыг хүсэж байна вэ? Эсвэл анхаарлаа өөр чиглэлд төвлөрүүлэхийг сонгох нь ашигтай юу?

Дараах үйл ажиллагаанууд нь таны ойлголт, мэдлэг, хийх гэж буй ахиц дэвшлийг тань хэмжихэд тусалж чадна. Таны хичээл зүтгэлийг танин мэдэж, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тань туслах Ариун Сүнсийг урь.

Бошиглогчдын үүрэг хариуцлагыг тайлбарлах нь

Та Мозая 11–17 дээр бошиглогч Абинадайн тухай судлахдаа, хаан Ноа, мөн бусад санваартан түүнийг илт үгүйсгэж байхад Алма өөрийгөө бошиглогч гэж итгэж, түүний сургаалыг дагадаг байсныг таньж мэдсэн байх. Орчин үед зарим хүн бошиглогчдыг хүлээн зөвшөөрч байхад зарим нь үгүйсгэж байгааг та анзаарч болох юм.

Бошиглогч гэж юу болох, өнөөдөр яагаад бошиглогчид хэрэгтэй байгааг ойлгоход туслах богино хариулт бэлтгэхийн тулд дараах эх сурвалжийг эсвэл өөр бусад зүйлийг ашигла. Хариултаа дэмжихийн тулд нэг эсвэл хэд хэдэн судрыг оруул.

Зөвхөн хариултаа бичихийн оронд та олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэл, богино хэмжээний видео, эсвэл мэддэг зүйлээ хуваалцах өөр аргыг бодож болно.

Тустай байж болох судрын эх сурвалжууд:

Хариултаа бодохдоо бодож үзэх асуултууд:

  • Бошиглогч гэж юу вэ, бошиглогчид юу хийдэг вэ?

  • Хүмүүс бошиглогчдын талаар ямар асуулт эсвэл буруу ойлголттой байж болох вэ?

  • Өнөөдөр Бурхан яагаад бошиглогчдыг дууддагийг ойлгоход нь бусдад туслахын тулд та өөр юу хуваалцаж болох вэ?

дүрс, тэмдэглэх
  1. Хариултаа эсвэл бэлдсэн зүйлийнхээ тайлбарыг тэмдэглэ.

Израилыг цуглуулж, бусдад үйлчлэхэд туслах нь

Бурханы бошиглогчдоороо дамжуулан илчилсэн үнэнүүдийн нэг бол Түүний ажил мөн алдар суу нь Түүний хүүхдүүдэд мөнх амьдралд хүрэхэд нь туслах юм (Мозая 1:39-ийг үзнэ үү). Мормоны Номд хаан Бенжамин Бурханы ажилд туслах нэг арга зам нь бусдад үйлчлэх гэдгийг онцолсон байдаг (Мозая 2:17-г үзнэ үү). Саяхан Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн ерөнхийлөгч Бонни Х.Кордон ийн заасан.

Бидний мөнхийн зорилго бол Христэд ирж, Түүний агуу ажилд идэвхтэй нэгдэх явдал билээ. Энэ нь “Хэн нэгэнд Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслах ямар нэгэн зүйл хийснээр бид Израилыг цуглуулж байгаа хэрэг юм” гэж ерөнхийлөгч [Рассэлл М.] Нэлсоны заасан шиг энгийн зүйл юм. Бид Түүний ажлыг хамтдаа хийж байхдаа Түүнийг илүү таньж мэдэн бас хайрладаг. (Бонни Х.Кордон, “Христэд ир, гэхдээ ганцаараа бүү ир,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган)

Бурханы ажилд оролцоход тань тусалж буй өмнөх хичээлүүд дээрээ тавьсан байж болох зорилго эсвэл гаргасан төлөвлөгөөнийхөө талаар бод.

  • Израилыг цуглуулах ажилд Их Эзэнд туслах нь (Иаков 5:71–72, 75-ыг үзнэ үү)

  • Христийнхтэй адил арга замаар бусдад үйлчлэх нь (Мозая 2:17-г үзнэ үү)

  • Сайн мэдээтэй холбоотой өөр зорилго эсвэл ажиллаж эхлэхийг хүсэж буй зүйл дээрээ ажиллах

  1. Дараах асуултуудад хариул.

  • Та энэ чиглэлээр хэрхэн ахиц дэвшил гаргасан бэ (эсвэл яагаад үүнийг хүсэж байна вэ)? Та энэ ахиц дэвшлийг гаргахын тулд юу хийсэн (эсвэл хийж чадах байсан) бэ?

  • Танд тулгарч байсан (эсвэл тулгарах байх гэсэн) ямар зарим саад бэрхшээл, тэмцэл байдаг вэ? Та тэдгээрийг хэрхэн даван туулах гэж оролдсон (эсвэл даван туулж чадах байсан) бэ?

  • Та энэ зорилгынхоо төлөө ажиллаж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн хайрыг хэрхэн мэдэрсэн бэ? Тэрээр яагаад таны хүч чармайлтыг таалах болно гэж та бодож байна вэ?

Есүс Христээр дамжуулан аз жаргал, баяр хөөрийг мэдрэх

Та Мормоны Номыг судлахдаа Есүс Христээр болон Түүний сайн мэдээгээр дамжуулан баяр хөөр, аз жаргалыг олсон олон хүний түүхийг уншсан. Эдгээр жишээний заримыг уншихын тулд цаг гарга. Дараах зүйлс орно. Үүнд:

  • Лихай ба амьдралын модонд ирсэн хүмүүс (1 Нифай 8:10–12, 30-ийг үзнэ үү)

  • Инос (Инос 1:1–8-ыг үзнэ үү)

  • Есүс Христийн тухай мөн Түүний сайн мэдээний талаар сурч мэдсэн зүйлдээ баярласан хаан Бенжамины иргэд (Мозая 2:41; 4:3; 5:1–5-ыг үзнэ үү)

Та Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан мэдэрч буй аз жаргалаа хэрхэн дүрсэлж эсвэл тайлбарлаж болох талаар бод.

Судлах тэмдэглэлийнхээ хоосон хуудас эсвэл өөр цаасны голд Есүс Христээр дамжин ирсэн баяр хөөр, аз жаргал гэсэн үгсийг бич. Үгсийг тойруулаад, дугуй дүрс зур. Одоо эдгээр үгтэй холбоотой санаагаа нэмж эхэл. Эхлэхийн тулд та дараах асуултуудад хэрхэн хариулах талаар бод.

  • Есүс Христийн сайн мэдээ амьдрал дахь баяр хөөрт тань хувь нэмрээ оруулж байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

  • Илүү аз жаргалтай байхад тань тусалсан юуг та Мормоны Номоос сурч мэдсэн бэ?

  • Та судраас суралцсанаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа тань илүү дээр болсон гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Санаанууд бодож байхдаа цаасан дээрээ бичээд дугуйл. Тэдгээрийг хооронд нь эсвэл цаасны төв хэсэгт бичсэн байгаа үг хэллэг рүү холбо. Та илүү олон бодол, санаа нэмэх тусам таны санааны зураглал иймэрхүү харагдах болно:

хоосон санааны зураглал

Санааны зураглалаа хийж дууссаны дараа үүнийг дараагийн долоо хоногт харах боломжтой газар байрлуулаарай. Та Есүс Христээс, мөн Түүний сайн мэдээнээс илүү их баяр хөөр, аз жаргалыг олж, таньж мэдэхэд туслахыг хүсэн, Тэнгэрлэг Эцэгт залбирахыг хүсэж болно.