“Алма 29: Бидний зүрхний хүсэл,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 29,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 29
Бидний зүрхний хүсэл
Таны амьдралын хүсэл Их Эзэний танаас хүсдэг зүйлтэй нийцэж байгаа эсэхийг та хэрхэн мэдэх вэ? Алма 29 нь Алмагийн зүрхний хүсэл, бодол Бурханы түүнд хүсдэг зүйлтэй нийцэж байгаа эсэх тухай түүний эргэцүүллийг цэдэглэжээ. Энэ хичээл таныг өөрийнхөө хүслийг дүгнэж, Их Эзэний хүсэлд нийцүүлэхэд тань тусалж чадна.
Миний амьдралын хүсэл
-
Та багадаа ямар зүйлийг хамгийн их хүсдэг байсан бэ?
-
Одоо таны хүсэл хэрхэн өөрчлөгдсөн байна вэ? Таны хүсэл ирээдүйд хэрхэн өөрчлөгдөж болох вэ?
Судлах тэмдэглэлийнхээ хуудасны нэг талд амьдралынхаа хэд хэдэн хүслийг бич. (Та хичээлийн төгсгөлд хуудасныхаа нөгөө талыг нь ашиглах болно.)
-
Бидний хүсэл амьдралд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Бид сайн мэдээнд өсөж том болон, төлөвшиж, Бурханд ойртох тусам бидний зарим хүсэл өөрчлөгдөж, Түүний бидэнд хүсдэг зүйлтэй илүү нийцэж магадгүй юм.
-
Бидний хүсэл Бурханы бидний төлөө хүсдэг зүйлтэй нийцэж байгаа эсэхийг бид хэрхэн тодорхойлох вэ?
Та энэ хичээлийг судлахдаа хүслээ тунгаан бод. Бурханы хүсэлтэй нийцэж байгаа болон төлөвшиж, өөрчлөх шаардлагатай хүслээ олж тогтоохыг хичээ.
Хүсэл тэмүүллээ Их Эзэний хүсэлд нийцүүлэх нь
Алма 29-д Алма нэг хүслээ цэдэглэсэн. Алма 29:1–2-ыг уншаад, түүний юу дүрсэлснийг олж мэд.
-
Алма яагаад тэнгэр элч болохыг хүссэн бэ? Энэ нь танд Түүний талаар юу хэлдэг вэ?
-
Алмагийн тэнгэр элч болох хүсэлд бурханлагаар нөлөөлсөн байж болох өнгөрсөн үеийн талаар та юу мэдэх вэ? (Мозая 27:11–17-г үзнэ үү).
Дараах зураг танд Алмагийн өмнөх амьдралын нэгэн чухал туршлагыг санахад тусална.
Шүлгүүдийн хам сэдвийг ойлгох нь бидэнд нэмэлт ойлголтыг өгнө. Алма 29-өөс өмнөх бүлгүүдэд Их Эзэн Антай-Нифай-Лихайчуудыг хамгаалахын тулд нифайчуудтай хамт амьдруулахаар авчрахыг Аммонд зарлигласан (Алма 27:4–12-ыг үзнэ үү). Нифайчууд Антай-Нифай-Лихайчуудад Жершоны нутгийг суурьшуулахаар өгч, тэднийг хамгаалахаа амлав. Ёс бус леменчүүд Антай-Нифай-Лихайчуудыг дагаж, тулаан эхлэв. Нифайчууд леменчүүдээс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалав. Үүний үр дүнд, “леменчүүдийн хэдэн арван мянга нь алагдан мөн тараан сарниулагдав… мөн түүнчлэн Нифайн хүмүүсийн дунд ч аймшигт аллага болов” (Алма 28:2–3).
-
Алма яагаад хүмүүсийг наманчлалд зоригтой дуудаж, уй гашуугаас урьдчилан сэргийлэхийг хүссэн байж болохыг ойлгоход энэ хам сэдэв танд хэрхэн туслах вэ?
Алма 29:3–6-г уншаад, Алма хүслийн талаар юу ойлгосныг хайж ол.
Таны тодорхойлсон нэг зарчим нь бидний хүсэлд тулгуурлан сонголт хийх боломжийг Бурхан бидэнд олгодог гэсэн зарчим байж болно.
-
Энэ зарчмыг ойлгох нь бидний хувьд яагаад ач холбогдолтой вэ?
Өөрийнхөө хүслийг Их Эзэнийхтэй харьцуулахын тулд Их Эзэн хүүхдүүдийнхээ төлөө юу хүсдэгийг судлах тэмдэглэл дээрх хуудасныхаа нөгөө талд жагсаан бич. Энэ жагсаалтыг гаргахын тулд та дараах хэсгүүдийн заримыг уншиж болно.
Хуудасныхаа хоёр талыг хар. Их Эзэн биднээс Өөрийг нь болон найз нөхдөө хайрлаж, үйлчлэхэд хүслээ төвлөрүүлээсэй гэж хүсдэгийг анхаар. Таны хүсэл Бурханы танд өгөх хүсэлтэй хэр нийцэж байгааг тунгаан бод.
Хэдийгээр Алмагийн сайн мэдээг хуваалцах хүсэл нь сайн байсан ч сайн мэдээг тэнгэр элч мэт хуваалцах хүсэл нь Бурхан өөрийг нь хаана, хэрхэн үйлчлэхээр дуудсантай бүрэн нийцэхгүй гэдгийг тэрээр ойлгосон. Алма өөрийн хүслийг Бурханы хүсэлд нийцүүлэхийг хүссэн гэдгийг харуулсан Алма 29:3–6 дахь үг хэллэгүүдийн доогуур зур.
-
Их Эзэний бидэнд өгсөн зүйлд сэтгэл хангалуун байна гэдэг нь таны бодлоор юу гэсэн үг вэ?
-
Бид яагаад Алмагийн адил хүслээ Их Эзэнийхтэй нийцүүлэхийг эрэлхийлэх ёстой гэж та бодож байна вэ?
-
Өөрсдийнхөө хүслээс өөр арга замаар үйлчлэх дуудлагыг хүлээн авах үед бид хэрхэн хүслээ Бурханы хүсэлд нийцүүлэх вэ?
Энэ бүлгийн сүүлд Алма Бурхан бүх үндэстэнд Өөрийн мэргэн ухаан, цаг хугацаанд заах учраас бүх дэлхийн хязгаарт ярихын тулд тэр өөрөө тэнгэр элч байх шаардлагагүй гэж тайлбарласан (Алма 29:7–8-ыг үзнэ үү). Алма 29:9, 13-ыг уншаад, Алма юугаараа алдаршсаныг, хүслээ Бурханы хүсэлд нийцүүлэхдээ ямар мэдрэмж авсныг олж мэд.
Хүслийн ач холбогдол
Би Их Эзэнийг дагах хүслээ хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Та энэ асуултыг тунгаан бодож байхдаа Их Эзэнд хөрвүүлэгдсэн хүмүүсийн жишээг бодох нь тустай байж болно. Таны судалж болох зарим хүн бол Инос (Инос 1:1–7-г үзнэ үү), Хаан Бенжамины хүмүүс (Мозая 5:1–5-ыг үзнэ үү), хаан Лемонай (Алма 22:15–16-г үзнэ үү) юм.
Би амьдралдаа юу хүсэх хэрэгтэй вэ?
Та энэ асуултын илчлэлтийг эрэлхийлэх явцдаа бусад хүн юу хүсэж байсныг эсвэл Их Эзэн тэднийг юу хүсээсэй гэж хүсэж байсан тухай жишээнүүдийг судал (Ром 10:1; 3 Нифай 19:7–9; Сургаал ба Гэрээ 6:6–8-ыг үзнэ үү).
Судрууд бидний хүслийн талаар өөр юу заадаг вэ?
Сэдэвчилсэн гарын авлага эсвэл Сайн мэдээний номын сангийн аппаас “Хүсэл”-ийг судлах нь тустай байж болно. Эсвэл дараах шүлгүүдийн заримыг унш: Дуулал 37:4; Сургаалт үгс 10:24; Инос 1:12; Алма 41:5; Сургаал ба Гэрээ 18:38; 137:9.
Цаг гарган, энэ хичээл танд хэр хамаатайг тунгаан бод. Өөрийн зөв шударга хүслийг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадахаа судлах тэмдэглэлдээ бичээд, бусад хүслээ Их Эзэний хүсэлд нийцүүлэхийн тулд Түүнээс тусламж хүс.