“Алма 30:1–29: Корихорын сургаал олон хүнийг Аврагчаас холдуулав,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 30:1–29,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 30:1–29
Корихорын сургаал олон хүнийг Аврагчаас холдуулав
Корихор гэгч нэгэн ёс бус хүн нифайчууд дунд орж иржээ. Тэрээр Есүс Христийн тухай бошиглолын эсрэг номлож, олон хүний зүрх сэтгэлийг Бурханаас холдуулав. Өнөө үед биднийг Есүс Христээс холдуулахыг эрмэлздэг олон дуу хоолой байна. Энэ хичээл танд Есүс Христээс холдуулж болох сургаалыг таньж, эсэргүүцэхэд тань тусалж чадна.
Сатаны хууран мэхлэлт
мaкa-фeкe нь наймаалжийн урхи юм. Наймаалжийн урхи нь жинхэнэ идэштэй маш төстэй харагдахаар хийгддэг тул хууртсан наймаалж нэгэнтээ барьж авсан л бол тавьдаггүй. Ийм тохиолдолд загасчин наймаалжийг завин дээрээ амархан гаргаж ирж чадна.
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) Сатан хэрхэн ажилладгийг заахын тулд мaкa-фeкeгийн жишээг ашигласан.
Өнөөдөр биднийг уруу татаж, улмаар урхинд оруулахыг оролддог, өмнө минь санжганах хилэнцэт мaкa-фeкeнүүд бидний эргэн тойронд олон байна. Ийм мaкa-фeкeнүүдийг нэгэнт барьсан бол тавихад маш хэцүү, заримдаа бараг боломжгүй байдаг. Аюулгүй байхын тулд бид тэднийг юу болохыг нь таньж мэдэж, дараа нь тэднээс зайлсхийхдээ гуйвшгүй шийдэмгий байх ёстой. (Thomas S. Monson, “True to the Faith,” Liahona, May 2006, 18)
-
Таныг “уруу татаж”, “урхинд оруулах” Сатаны хуурамч сургаалыг таних чадвартаа та хэр итгэлтэй байна вэ?
Биднийг Аврагчаас холдуулах зүйлсээс зайлсхийх нь
Нифайчууд, леменчүүдийн хоорондох агуу тулааны дараа нутаг даяар амар амгалан тогтжээ. Хоёр жилийн дараа Корихор гэгч хүн Зарахемлагийн хүмүүсийн дунд номлож эхлэв. Сатан Корихорт юу гэж хэлэхийг нь заав (Алма 30:53-ыг үзнэ үү). Өнөөдөр судлах явцдаа Корихор үгээ мөн хуурамч сургаалыг хэрхэн мaкa-фeкe болгон ашиглаж, хүмүүсийг урхинд оруулсныг анзаар.
Алма 30:6, 12-ыг уншаад, Корихорын захиасыг болон номлолыг дүрсэлсэн үг, хэллэгийг олж мэд.
-
Тэр “Христийг эсэргүүцэгч” байсан гэсэн нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (Алма 30:6).
Христийг эсэргүүцэгч гэдэг үг нь “үнэн сайн мэдээний авралын төлөвлөгөөг хуурамчаар дуурайдаг, түүнчлэн Христтэй ил буюу далд сөргөлддөг ямар нэг юм буюу хүн” юм (Судруудын удирдамж, “Христийг эсэргүүцэгч,” scriptures.ChurchofJesusChrist.org). Корихорын түүхээс бид Сатан биднийг Есүс Христээс холдуулахын тулд хуурамч сургаал ашигладаг гэсэн нэг үнэнийг сурч мэдэж болно.
Корихорын Христийн эсрэг сургаал
Алма 30:12–18-ыг уншаад, Корихорын хуурамч сургаалыг олж мэд. Корихорын сургаалыг ялгахын тулд (жишээлбэл: содон өнгө, бэлгэ тэмдгээр) тэмдэглэ эсвэл судлах тэмдэглэлдээ бич.
-
Корихорын зарим хуурамч сургаал юу байсан бэ?
Эхний хоёр асуултад хариулахдаа ашиглах Корихорын хоёр эсвэл гурван тодорхой сургаалыг сонго. Тухайлбал:
-
Та Корихорын сургаалыг хэрхэн өнөө үеийн хэллэгээр дахин хэлж болох вэ?
-
1-ээс 10 хүртэлх оноог (10 нь хамгийн хүчтэй) ашиглан, одоо үед Корихорын сургаалыг хэр хүчтэй сурталчилж байна гэж та харж байна вэ?
-
Эдгээр сургаалын юу нь хүмүүсийг Есүс Христээс холдуулдаг вэ? Эдгээр санаа яагаад аюултай вэ?
Сүнсний удирдамжийг эрэлхийлж, Корихорын сургаал таны амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бод. Эдгээр хуурамч сургаалын аль нэг нь хувь хүний тань хувьд танд нөлөөлж болох арга замуудыг бод.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Корихорын тухай мөн түүний сургаалын талаар ийн ярьсан. Та ChurchofJesusChrist.org дээрх “Наманчлалын бурханлаг бэлэг” видеог цагийн код 2:08-аас 2:40 хүртэл үзэж болох юм.
Корихор [гэх мэт хүмүүс] … Христ амьд гэдгийг болон нүгэл үнэхээр байдаг гэдгийг үгүйсгэдэг. Аливаа зүйлийн үнэ цэн, хэм хэмжээ, үнэн чанар хүртэл тэдний хувьд харьцангуй байдаг. Тиймээс ч нэгнийхээ үнэн гэж үзсэн зүйлийг бусад нь буруушаан шүүмжилж чадахгүй.
Иймэрхүү хуурамч сургаалын гадаад байдал нь биднийг аливаа зүйлсийн үр дагаврыг харгалзаж үзэлгүйгээр сонголт хийхэд хөтөлдөг. (Д.Toдд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлаг бэлэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45)
-
Эдгээр сургаал хүмүүсийг хэрхэн нүгэл үйлдэхэд хүргэнэ гэж та бодож байна вэ? (18-р шүлэг-ийг үзнэ үү.)
Алма 30:19–21-ийг уншаад, Жершон ба Гидеоны хүмүүс Корихорын сургаалд ямар хариу үйлдэл гаргасныг олж мэд.
Тэдний хариу үйлдэл Зарахемлагийн хүмүүсийнхээс яагаад “илүү цэцэн” (Алма 30:20) байсан гэж та бодож байна вэ? (Алма 30:18-ыг үзнэ үү).
-
Бид хэрхэн “илүү цэцэн” байж, Христийн эсрэг захиасыг эсэргүүцэж чадах вэ?
-
Аврагчийн талаарх таны мэдлэг мөн Түүнтэй харилцах харилцаа Христийн эсрэг эдгээр сургаалын танд үзүүлэх нөлөөнд хэрхэн нөлөөлж чадах вэ?
Судалснаасаа сурч мэдсэн мөн мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж, таныг Түүнээс холдуулах сургаалыг эсэргүүц.