Семинар
Алма 43, 48–50: Дайны талаарх бүлгүүдээс суралцах нь


“Алма 43, 48–50: Дайны талаарх бүлгүүдээс суралцах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 43, 48–50,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 43, 48–50

Дайны талаарх бүлгүүдээс суралцах нь

хориглох газарт буй зэвсэглэсэн нифайчууд

Алма номын сүүлчийн хэсэг нь маргаан, дайны үеийг дүрсэлдэг. Нифайчуудын эдгээр дайнд ашигласан стратеги нь Сатаны эсрэг өдөр тутмын тулаандаа ашиглаж болох стратеги боловсруулахад бидэнд тусалж чадна. Энэ хичээл танд дайсны байнгын бөгөөд өсөн нэмэгдэж буй дайралтад Их Эзэний хамгаалалтыг хүлээн авахын тулд судруудыг өөртэйгөө адилтгахад тусална.

Дайснаа таних нь

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн анхааруулсан.

Та нар дайсны газар нутагт өсөж байна. … [Дайсан] гэр оронд чинь, үзвэрийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэл яриа гэхчлэн—та нарын эргэн тойронд хаана л бол хаана байж байдаг. Ихэнх тохиолдолд түүний байгаа нь мэдэгддэггүй. (Boyd K. Packer, “How to Survive in Enemy Territory,” New Era, Apr. 2012, 2)

  • Энэхүү мэдэгдлийн талаар та бүхэнд ямар мэдрэмж, бодол төрж байна вэ?

  • Ерөнхийлөгч Пакэр юуны талаар ярьж байсныг харуулсан ямар жишээг та бодож чадах вэ?

Ерөнхийлөгч Пакэрын мэдэгдэл танд ямар байдлаар хамааралтай байж болохыг хэсэг хугацаанд тунгаан бод. Сатаны уруу таталт танд болон таны хайртай хүмүүст нөлөөлж байгааг анзаарах ямар ямар арга зам байна вэ? Та түүний дайралтаас өөрийгөө хамгаалахын тулд ямар хүчин чармайлт гаргаж байгаа вэ?

Нифайчууд, леменчүүдийн хоорондох дайнууд

Алма номын төгсгөлд нифайчууд, леменчүүдийн хооронд болсон зарим дайныг дүрсэлсэн байдаг. Та эдгээр цэдгийг судалснаар Сатаны эсрэг тулалдаанд тань туслах үнэ цэнтэй сургамжийг авах болно. Жишээлбэл: Леменчүүдийн зорилго, тактикийг Сатаны бидэнд хандсан зорилго, тактиктай харьцуулж болно.

Алма 43:5–8; 46:3–5, 10-ыг уншаад, леменчүүдийн ёс бус удирдагчид Сатаны зорилго, тактиктай адил юу хийснийг олж мэд.

  • Эдгээр удирдагчийн зорилго, тактик Сатаныхтай хэр адил байсан бэ?

Моронай ба эрх чөлөөний туг

Нифайчуудын их цэргийг Моронай хэмээх зөвт нэгэн удирдаж байв.

Алма 48:11–13, 17-г уншаад, Христийнхтэй адил шинж чанар, Моронайн зан чанарыг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

Судруудыг өөртэйгөө адилтгах нь

Таны судруудад хийсэн харьцуулалт таныг эдгээр цэдгийн бусад мэдээллийг өөрийн амьдралтай зүйрлэхэд эсвэл холбоход бэлдэж чадна.

Дараах үйл явц нь судруудыг өөрийн амьдралтай адилтгахад тусална. Судлах тэмдэглэлдээ дараах алхмуудыг бичиж тэмдэглэ. Үүнд:

  1. Чухал мэдээллийг олж харах.

  2. Амьдралаа харьцуулах.

  3. Үнэ цэнтэй сургамж олж авах.

  4. Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох.

Нифайчууд, леменчүүдийн хоорондох тулалдааны талаар суралцахдаа энэ үйл явцыг ашиглан, судар судлаад адилтгах ур чадварыг дадлагажуул.

Алхам 1: Чухал мэдээллийг олж харах

Алма 43:17–21, 37–39, 51–54-ийг уншаад, чухал мэдээллийг олж мэд. Эдгээр мэдээлэлд хүмүүс, газар орон, эд зүйл эсвэл үйлдэл орж болно.

Моронай цэргүүдээ хуяг дуулга, зузаан хувцсаар хамгаалж байсан бол леменчүүд ямар ч хамгаалалтын хуяг өмсөөгүй байсныг мөн леменчүүд тоо хэмжээгээрээ хамаагүй их байсан ч нифайчууд ялсныг та анзаарсан байх.

Алхам 2: Амьдралтайгаа харьцуулах

Өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээллийг ямар нэг сүнслэг байдлын зүйлтэй эсвэл таны амьдралын нөхцөл байдалтай хэрхэн харьцуулж болох талаар бод.

  • Та өмнөх алхам дээр тодорхойлсон мэдээлэлтэй ямар харьцуулалт хийж чадах вэ? (Хэрэв шаардлагатай бол Сургаал ба Гэрээ 27:1, 15–18 эсвэл Ефес 6:11–16-г үзнэ үү. Та эдгээр шүлгийг Алма 43 дахь шүлгүүдтэй хооронд нь холбож болно.)

Та нифайчуудын хуяг дуулгыг Бурханы хуяг дуулгатай зүйрлэсэн байж магадгүй. Та бас нифайчуудын ялалтыг Сатаныг болон түүний уруу таталтыг ялсантай харьцуулсан байж болох юм.

Алхам 3: Үнэ цэнтэй сургамжийг олж авах

Танд нөлөөлсөн цэдгээс юу сурч мэдсэн тухайгаа бод. Та мөн Аврагчийн тухай юу сурч мэдсэнээ бодож болох юм.

  • Нифайчууд, леменчүүдийн хоорондох тулаанаас Сатаны эсрэг тулаанд тань тусалж болох ямар сургамжийг та олж мэдсэн бэ?

  • Энэ цэдэг Есүс Христийн талаар танд юу зааж байна вэ?

Бидний сурч мэдэж болох нэг зарчим бол Сатантай тэмцэхэд бидэнд хэрэгтэй хамгаалалтыг Есүс Христ бидэнд өгдөг гэсэн зарчим юм.

Алхам 4: Хувийн амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхээ тодорхойлох

Өмнөх алхам дээр тодорхойлсон сургамжаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод.

  • Сатаны эсрэг Есүс Христийн хамгаалалтыг авахын тулд та юу хийж чадах вэ?

Энэ үнэнийг хэрэгжүүлэх олон арга замын дотроос та залбирал (Сургаал ба Гэрээ 10:5-ыг үзнэ үү), судар судлах (1 Нифай 15:24-ийг үзнэ үү) эсвэл Их Эзэний зарлигуудыг сахих (Мозая 2:41-ийг үзнэ үү) гэх зэрэг үнэнч үйлдлээр дамжуулан Аврагчийн хамгаалалт хэрхэн боломжтой болох талаар бодож байсан байх.

Судруудыг адилтгах дасгалыг дахин хий

Дараах шүлгээс дор хаяж хоёрыг сонгоод, судлах явцдаа дөрвөн үе шаттай судруудыг адилтгах үйл явцыг ашиглан дадлага хий.

Алма 48:7–9; 49:13–15

Алма 48:14–16

Алма 49:1–5, 8–9

Алма 49:18–23

Алма 50:1–6

Алма 50:17–23

  1. Дараах асуултуудад хариул.

  • Та судалсан цэдгээсээ ямар чухал мэдээллийг олж мэдсэн бэ?

  • Та эдгээр мэдээлэл, амьдралынхаа үзэл бодлын хооронд ямар харьцуулалт хийсэн бэ?

  • Та энэ цэдгээс ямар сургамж олж мэдсэн бэ?

  • Эдгээр сургамжийг та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?