Семинар
Хиламан 8: Бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилдэг


“Хиламан 8: Бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилдэг,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 8,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 8

Бошиглогчид Есүс Христийн талаар гэрчилдэг

Зураг
Есүс Христ

Маш олон дуу хоолой биднийг маш олон чиглэл рүү хөтөлдөг энэ ертөнцөд Бурхан Өөр лүү нь биднийг удирдан залах бошиглогчдыг бидэнд өгсөн. Ёс бус нифайчууд яагаад өөрсдийнх нь талаар ийм хатуу үг хэлснийг Нифайгаас асуухад тэрбээр Аврагчийг зоригтой гэрчлэв. Энэ хичээл бошиглогчид Есүс Христийг гэрчилдэг гэдгийг ойлгож, бошиглогчдын гэрчлэлийн үнэнийг мэдрэхэд тань тусална.

Гэрчийн гэрчлэл

Итгэхэд бэрх зүйл сонссон үеэ бод. Жишээ нь хэн нэгэн боломжгүй мэт санагдах зүйлд хүрсэн эсвэл санваарын хүчээр гайхамшигтай эдгэрсэн талаар та сонсож байсан байх. Тэдгээр зүйлд итгэхэд танд юу хэрэгтэй байсан бэ? Энэ тухай гэрчээс сонсох нь таны итгэл үнэмшилд хэрхэн нөлөөлөх вэ?

Ихэнх хүмүүс Есүс Христийг хараагүй ч маш олон хүн Түүнд итгэдэг.

  • Хүмүүс Есүс Христэд итгэдэг зарим шалтгаан юу вэ?

  • Таныг Аврагчид итгэхэд бошиглогчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Эртний бошиглогчдын гэрчлэл

Та бүхэн бошиглогч Нифай ёс бус нифайчуудад хэрэв тэд наманчлахгүй бол устгагдах болно гэж бошиглосныг санаж байгаа байх (Хиламан 7:22–29-ийг үзнэ үү). Нифайчуудын олонх нь өөрсдийнхөө ёс бус байдлын эсрэг үг хэлсний төлөө Нифайд уурссан (Хиламан 8:1–7-г үзнэ үү). Нифай тэр хүмүүсийг зэмлэж, тэд зөвхөн түүний үгсийг төдийгүй өмнөх бошиглогчдын, тэр дундаа Есүс Христийг гэрчилсэн Мосегийн үгсийг үгүйсгэж байна хэмээв (Хиламан 8:10–13-ыг үзнэ үү).

Хиламан 8:13–23-ыг уншаад, Мосе, бусад өнгөрсөн үеийн бошиглогчдын талаар Нифай юу хуваалцсаныг олж мэд. Та Нифайн тодорхойлсон бошиглогчдын нэрсийг тэмдэглэж авахыг хүсэж болох юм.

  • Эдгээр бүх бошиглогчид ямар нийтлэг зүйл байна вэ?

Бидний эдгээр шүлгээс сурч мэдэж болох нэг үнэн бол бошиглогчид Есүс Христийг гэрчилдэг юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн хэлсэн:

Их Эзэний бошиглогчийн хамгийн чухал үүрэг нь Аврагчийн тухай зааж, биднийг Түүн рүү хөтлөх явдал юм. …

Бошиглогч Аврагч болон бидний хооронд зогсдоггүй. Харин тэр бидний хажууд зогсон, Аврагч руу очих замыг заадаг. Бошиглогчийн хамгийн агуу үүрэг хариуцлага, бидэнд өгдөг хамгийн үнэ цэнтэй бэлэг нь Есүс бол Христ гэсэн түүний баттай гэрч, тодорхой мэдлэг юм. (Нийл Л.Андэрсэн, “Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын ерөнхий чуулган)

  • Та яагаад бошиглогчийн бидэнд өгсөн хамгийн том бэлэг нь Есүс Христийг гэрчлэх явдал гэж бодож байна вэ?

Есүс Христийг гэрчилж буй бошиглогчдын жишээ

Есүс Христийн талаарх бошиглогчдын зарим гэрчлэлийг судлахад цаг гарга. Таныг тэдний гэрчлэлийг судлах үед Ариун Сүнс тэдний үгс үнэн болохыг таны зүрх сэтгэл, оюун санаанд гэрчлэх болно.

  1. Дараах үйл ажиллагаануудаас нэгийг нь хийж гүйцэтгэ:

А хувилбар: Эртний бошиглогчид Есүс Христийг гэрчилсэн нь

Нифайн дурдсан бошиглогчдын дараах гэрчлэлүүдээс гурваас доошгүйг унш. Эдгээр гэрчлэл танд Есүс Христийн талаар юу зааж байгаа талаар жагсаалт гарга.

Мосе: Гэтлэл 15:2; Дэд Хууль 18:15 (мөн 3 Нифай 20:23–24-ийг үзнэ үү)

Абрахам: Абрахам 3:22–24; Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 15:12–31 (Библийн хавсралт)

Исаиа: Исаиа 7:14; 9:6; 53:3–5

Иеремиа: Иеремиа 33:14–16; 50:34

Лихай: 1 Нифай 1:14–15; 2 Нифай 2:6–8

Лихайн хүү болох Нифай: 1 Нифай 19:9–11; 2 Нифай 25:19, 23–26

Өөрийн гаргасан жагсаалтыг хяна. Судлах явцдаа Аврагчийн талаарх ойлголт, мэдрэмж, сэтгэгдлээ бичиж тэмдэглэж ав. Хэрэв бошиглогчид Есүс Христийн талаар эдгээр зүйлийг бидэнд заагаагүй бол таны амьдрал хэрхэн өөр байж болохыг тайлбарласан хэдэн өгүүлбэр бич.

Хэрэв та энэ сонголтыг сонгосон бол бичсэн зүйлээ илгээнэ үү.

Б хувилбар: Хожмын үеийн бошиглогчид Есүс Христийг гэрчлэх нь

Есүс Христийг гэрчилж буй хожмын үеийн бошиглогчдын эсвэл төлөөлөгчдийн хоёр ба түүнээс дээш жишээг ол. Тэдгээр нь саяхан болсон ерөнхий чуулган эсвэл Сүмийн түүхээс байж болно. Хайлтдаа ChurchofJesusChrist.org вебсайтыг эсвэл Сайн мэдээний номын сан аппликэйшныг ашигла. Та мөн ChurchofJesusChrist.org дээрээс “The Living Christ: The Testimony of the Apostles”-ийг уншиж эсвэл сонсож болно.

Хэрэв та энэ сонголтыг сонгосон бол Христийг гэрчилж буй бошиглогчдын жишээг тэмдэглэж ав. Есүс Христийн талаар юу сурч мэдсэнээ бичээд, эдгээр гэрчлэлийг уншиж, сонсох явцдаа юу мэдэрснээ бич.

Хэвлэх