“Моронай 7:20–43: Христээс найдвар олох,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Моронай 7:20–43,” Мормоны Номын багшийн гарын авлага
Моронай 7:20–43
Христээс найдвар олох
Танд амьдралдаа илүү их найдвар мэдрэх шаардлага гарч байсан уу? Хүмүүс нь устгагдсаны дараа олон жил ганцаар хэрэн хэсүүчилсэн Моронай бидний Христ дотор ирэх ирээдүйд тохиох агуу зүйлсийн тухай аавынхаа үгсийг цэдэглэжээ. Энэ хичээл Есүс Христээр дамжуулан итгэл найдвараа нэмэгдүүлэхэд танд тусална.
Сайн зүйл болгоноос зууран барь
Моронай 7-д Мормон өөрийн хүмүүст хэрхэн “сайн юм болгоноос барьж” (21-р шүлэг) авахыг мэдэхэд нь туслахыг хүссэн гэж хэлсэн.
-
Мормон “сайн зүйл” гэсэн үг хэллэгийг ашиглахдаа юутай зүйрлэж хэлсэн гэж та бодож байна вэ?
-
Таны энэ эсвэл дараагийн амьдралдаа барьж үлдэхийг эсвэл хүлээн авахыг хүссэн сүнслэг болоод мөнхийн “сайн зүйл” юу вэ?
Та Моронай 7:12–19-д Мормон бүхий л сайн зүйл Есүс Христээс ирдэг хэмээн заасныг санах байх. Моронай 7:20–26-г уншаад, эдгээр сайн зүйлийг Христээс хэрхэн хүлээн авах тухай Мормон юу заасныг олж мэд.
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг дэлхийн Аврагч гэдгийг тунхаглахын тулд тэнгэр элч нарыг илгээсэн тухай ямар түүх таны санаанд орж байна вэ?
Найдварын утга учир
Найдварын талаарх Мормоны сургаалуудын тухай илүү ихийг мэдэхэд бэлтгэхийн тулд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын дараах түүхийг унш.
Намайг 12 нас хүрэхээс өмнө дайн дажин, улс төрийн зөрчилдөөнөөс болж манай гэр бүл хоёр ч удаа гэрээсээ дүрвэж; үймээн самуун, айдас хүйдэс, түгшүүрт байдал дунд амьдралаа дахин эхлэх хэрэгтэй болж байсан. Тэр үе бол миний хувьд түгшүүртэй үе байсан. …
Дэлхийн II дайны дараах тэр цөвүүн цаг үе дэлхийд маш том толбыг үлдээсэн. Би ч гэсэн толботой үлдсэн.
Тэр үед би туйлын ганцаардаж гунигласан үедээ “Хорвоо дэлхийд найдвар төрүүлэх ямар нэгэн зүйл үлдсэн болов уу?” гэж бодлогоширдог байлаа. (Дийтр Ф.Угдорф, “Бурхан бидний дунд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)
-
Өнөө үеийн хүмүүст найдварыг үгүйлж байгаагаа мэдрэх болсон зарим шалтгаан юу вэ?
Ахлагч Угдорф “дэлхий эрээ цээргүй байдал, хорсол гуниг, үзэн ядалт, айдаст автаж байсан тэр үед “түүнийг найдвараар дүүргэсэн зүйл олсон” гэдгээ дурссан юм” (“Бурхан бидний дунд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5).
Та амьдралдаа найдварыг үгүйлж байгаагаа мэдэрч байсан уу? Хамгийн хүнд нөхцөл байдалд орсон үед ч юу танд найдвар төрүүлсэн талаар бод. Та энэ хичээлийг үргэлжлүүлэн судлах явцдаа, таныг найдвараар дүүргэж чадах үнэнүүдийг олж мэд.
Мормон найдварын тухай заав
Моронай 7:40–44-ийг уншаад, бидний Есүс Христэд итгэх итгэл найдвартай хэрхэн холбогддогийг олж мэд.
-
Та 41-р шүлгийг хэрхэн өөрийн үгээр хураангуйлах вэ?
Мормоны сургаалаас суралцах үнэн
Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх юм бол Түүний Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралд босгогдох найдварыг олж авч чадна гэсэн нэг үнэнийг бид мэдэж авч чадна.
-
Есүс Христэд найдах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, найдахын тулд яагаад дөлгөөн эсвэл “хүлцэнгүй даруу мөн зүрх сэтгэлдээ номхон” (Моронай 7:43) байх шаардлагатай вэ?
Есүс Христэд итгэх замаар найдварыг олж авсан хүний жишээг харахын тулд дараах түүхүүдийн нэгийг үз. Ингэхдээ тухайн хүн хэрхэн Есүс Христээр дамжуулж найдвар мэдэрснийг олж мэд.
-
Алма 22:12–18 буюу хаан Лемонайн эцгийн талаарх түүхийг унш.
-
Алма 36:12–21-ийг унш эсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Alma Testifies to His Son Helaman (Алма хүү Хиламандаа гэрчилсэн нь)” видеог цагийн код 1:30-аас 2:32 хүртэл үз.
-
ChurchofJesusChrist.org дээрх “Finding Hope through the Resurrection of Christ” (Христийн амилалтаар дамжуулан найдварыг олох) (4:41) видеог үз.
-
ChurchofJesusChrist.org дээрх “Эдгээгч эзэн” видеог цагийн код 8:49-өөс 11:53 хүртэл үз.
Хэдийгээр бид Есүс Христэд итгэдэг гэдгээ харуулж, Түүний санал болгосон адислалуудад найдаж байгаа ч бидний амьдралд хүнд хэцүү, хичээж чармайх үеүд байсаар байх болно гэдгийг мэдэх нь чухал юм. Гэхдээ бид үргэлжлүүлэн Аврагчид итгэх итгэлээ хэрэгжүүлж, Түүн дээр мөн Түүний бидэнд боломжтой болгож өгсөн мөнх амьдрал дээр төвлөрөх юм бол эрэлхийлж буй найдвараа олж авах болно.