Семинар
Мормоны Номын семинарын багшийн гарын авлагын оршил


“Мормоны Номын семинарын багшийн гарын авлагын оршил,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Оршил,” Мормоны Номын багшийн гарын авлага

Инээмсэглэж байгаа эмэгтэй

Мормоны Номын семинарын багшийн гарын авлага-ын оршил

Шашны семинар ба институтийн зорилго нь өсвөр үеийнхэн, залуучуудад Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм.

Энэхүү гарын авлага дээрх хичээлүүд болон бусад эх сурвалж нь энэ зорилгодоо хүрэхэд танд туслахад зориулагдсан. Эдгээр нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт анхаарлаа төвлөрүүлж, Христийн адилаар заах зарчмуудыг ашиглахад тань тусална.

Заахад бэлтгэхэд тань туслах хэрэгслүүд

Судрууд

Энэхүү гарын авлагад агуулагдсан хичээлүүдэд судруудыг тогтмол судалж, Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлдэг сүнслэг нөлөө бүхий багш хэрэгтэй. Ирээд, Намайг дага хэмээх багц судартай хамт судлах нь суралцагчдад заахаар бэлдэхэд туслах чухал арга зам юм. Та судруудыг тогтмол судалснаар Тэнгэрлэг Эцэг танд эдгээр материалыг суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохируулан өөрчлөхөд Сүнсээрээ дамжуулан урам зориг өгөх болно гэдэгт итгэлтэй байж болно.

Долоо хоног тутмын тойм

Энэхүү гарын авлагыг Ирээд, Намайг дага долоо хоног тутмын багц судрын дагуу эмхэтгэсэн. Энэхүү гарын авлагад долоо хоног тутмын багц судар бүрд зориулсан таван хичээл бүхий долоо хоногийн тойм багтсан болно. Долоо хоног тутмын тойм нь танд заахад бэлдэхэд туслан, хичээл бүртэй холбоотой дараах мэдээллийг өгдөг:

  • Хичээлийн зорилго

  • Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаа

  • Урьдчилан бэлтгэх шаардлагатай эд зүйлс ашигласан хичээл, тараах материал, зураг, видео эсвэл урьдчилан бэлтгэх шаардлагатай бусад материалын жагсаалт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж (Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library онлайнаар дамжуулан агуулгад нэвтэрч байгаа бол)

Долоо хоног бүрийн эхэнд тухайн долоо хоногийн тоймыг авч үзэх нь аль хичээлийг заахаа мөн ямар материалыг урьдчилан цуглуулах эсвэл бэлдэхээ шийдэхэд танд тусална.

Та дараа долоо хоногт заах хичээлийнхээ долоо хоног тутмын тоймыг олоорой. Урьдчилан мэдвэл зохих ямар мэдээллийг та эндээс олох вэ? Та заахаар бэлдэхдээ энэ мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ?

Хичээл заах зөвлөмж

Хичээл заах зөвлөмж нь багшийн хувьд сайжрахад тань туслах санал болгосон заах арга барил, зарчмуудыг тайлбарладаг. Хичээл бүрд уг хичээлийн оршлын дараа шууд хичээл заах зөвлөмж орсон байгаа. Та ChurchofJesusChrist.org дээрх багшийг хөгжүүлэх ур чадваруудын номын сангаас хичээл заах нэмэлт арга барил, зарчмуудыг олох боломжтой. Та өөрийгөө бэлэн гэж үзвэл заахдаа эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхийг хичээ. Та хичээл заах чадвар тань сайжирч байгааг олж харах болно.

Дараагийн заах хичээлийн заах зөвлөмжийг авч үз. Та хичээл дээр уг зөвлөмжийг хэрхэн ашиглахыг хичээж болох вэ?

Хичээл заах заавар

Хичээл заах заавар нь хичээлийг заахаар бэлдэхэд танд туслах зорилготой. Эдгээр заавар нь хичээлд санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг хэрхэн ашиглахаа мэдэхэд тань тусална. Эдгээр нь хичээлийн үйл ажиллагааны зорилгыг тайлбарлаж эсвэл хичээлийн агуулгыг суралцагчдын хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцүүлэхийн тулд хэрхэн тохируулан өөрчлөх зөвлөмжийг өгч болох юм. Эдгээр зөвлөмжид агуулга, үйл ажиллагааг шаардлагын дагуу тохируулан өөрчлөхөд танд туслах арга барилын өөр хувилбар, асуулт, үйл ажиллагаанууд багтсан болно.

Та удахгүй заах хичээлдээ хэрэгжүүлэх заах зарим зааврыг авч үзнэ үү. Та олж мэдсэн хичээл заах зааврууд дээр тулгуурлан ямар өөрчлөлтүүдийг хийж болох вэ?

Суралцагчийн бэлтгэл

Хичээл тус бүрд суралцах туршлагын үеэр оюун санаа, зүрх сэтгэлээ бэлдэхэд суралцагчдад туслах зөвлөмж багтсан болно. Долоо хоног тутмын тоймд тухайн долоо хоногийн таван хичээлд зориулсан суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаануудыг жагсаасан байна. Та долоо хоногийн эхэнд эдгээр санаатай танилцаад, аль санаа нь таны суралцагчдад хамгийн сайн туслахыг залбиран шийдэж болно. Та суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны зөвлөмж бүрийг нэг бүрчлэн ашиглах шаардлагагүй. Та тэдгээрийг тохируулан өөрчилж эсвэл өөрийн гэсэн санаа гаргаж болно. Эдгээр санал зөвлөмжийн ихэнх нь суралцагчдад суралцах туршлага олж авахын өмнө нэг эсвэл хэдэн хоногийн өмнө урьдчилан өгсөн байх зориулалттай.

Дараагийн хичээлийн суралцагчийн бэлтгэл үйл ажиллагаа хэсэгтэй танилцаад, санал болгосон суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг ашиглах, тохируулан өөрчлөх, аль эсвэл ашиглахгүй гэдгээ шийд. Хэрэв та суралцагчдаа бэлдэхэд урихаар шийдсэн бол энэхүү бэлтгэл үйл ажиллагааны санааг тэдэнтэй хэрхэн хуваалцах вэ? Та үүнийг амаар хуваалцаж эсвэл өмнөх хичээлийн төгсгөлд үзүүлж эсвэл боломжтой бол э-мэйл эсвэл мессеж илгээх аппликэйшнаар дамжуулан илгээж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хичээлийн энэ хэсэгт суралцах туршлагын үеэр ашиглах боломжит арга барилууд багтсан болно. Та хичээл заахдаа санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг бүгдийг нь ашиглах шаардлагагүй. Суралцагчдадаа байж болох хамгийн сайн туршлагыг өгч туслахын тулд та энэ хэсэг дээрх агуулгыг бичвэр гэхээс илүү заавар маягаар ашиглаж болно. Хэрэв та семинарын багш байх гараагаа дөнгөж эхэлж байгаа бол санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг нэг бүрчлэн дагах замаар эхлэх нь тустай байж болох юм. Та багшлах арга барилаа сайжруулах явцад суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад илүү сайн тохируулах үүднээс энэхүү гарын авлагын агуулгыг тохируулан өөрчлөх чадвараа сайжруулна.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Ихэнх хичээлийн төгсгөлд “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг орсон байна. Энэ хэсэгт суралцах үйл явцыг гүнзгийрүүлэх нэмэлт мэдээлэл байдаг. Та суралцагчдын асуултуудад өгөх боломжит хариултыг эсвэл уг хичээлдээ оруулж болох Сүмийн удирдагчдын мэдэгдлийг олох боломжтой. Та зөвхөн ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library аппликэйшн эсвэл онлайн Gospel Library-аар дамжуулан багшийн гарын авлага руу орж байгаа тохиолдолд л энэ хэсгийг харах боломжтой. Энэ хэсэг дээрх ихэнх мэдээлэл нь мөн Gospel Library аппликэйшн эсвэл онлайн Gospel Library-аар дамжин орох онлайн семинарын сургалтын хөтөлбөрт болон суралцагчийн гарын авлагад (“Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу? гарчгийн доор) багтсан байгаа. “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг нь багшийн болон суралцагчийн гэсэн хоёр гарын авлагын аль алиных нь PDF хувилбарт байхгүй болно.

Таны заах дараагийн хичээлд “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг байгаа эсэхийг үзнэ үү. Суралцагчидтайгаа хуваалцах нь тустай байж болох аливаа асуулт, хариулт эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдэл байгаа юу?

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Энэ хэсэг нь мөн хичээлийн төгсгөлд орсон бөгөөд суралцах туршлагын үеэр ашиглах арга барилын нэмэлт санаанууд багтсан болно. Нэмэлт суралцах үйл ажиллагааг зөвхөн ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library аппликэйшн эсвэл онлайн Gospel Library-аар орж байгаа тохиолдолд л багшийн гарын авлагаас харах боломжтой. Энэ хэсэг нь багшийн болон суралцагчийн гэсэн хоёр гарын авлагын PDF хувилбарт байхгүй.

Хэрэв таны дараагийн хичээл “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгтэй бол тэдгээр үйл ажиллагаатай танилц. Үндсэн хичээлд орсон суралцах үйл ажиллагааны оронд эсвэл нэмж ашиглах нь суралцагчид тань тустай ямар нэг санаа байна уу?

Төгс эзэмших сургаал

Багшийн хувьд та төгс эзэмших сургаалын хичээлд тавигдсан үр дүнд хүрэхэд нь суралцагчдадаа туслах нь чухал ач холбогдолтой. Тэдгээр үр дүнд суралцагчдад:

  • Сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлнэ.

  • Сонгосон судрын хэсгүүдийг болон мөн тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмшихэд туслах зэрэг нь багтана.

Сонгосон судрын хэсгүүдийг болон тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмших гэдэг нь суралцагчид:

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг сурч мэдэн, ойлгох.

  • Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ашиглан сургаалыг тодорхой тайлбарлах.

  • Есүс Христийн сайн мэдээний сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өдөр тутмын сонголтдоо мөн сургаал, хувь хүн, нийгэм, түүхэн асуудал, асуултуудад хариулахдаа ашиглах.

  • Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг санах, олж чаддаг байх, түлхүүр үг хэллэгийг цээжлэх чадвартай болно.

Энэ нь эхэндээ хэцүү санагдаж болох ч та энэхүү гарын авлага нь суралцагчдад тань сургаалыг төгс эзэмшихэд тусална гэдэгт итгэлтэй байж болно. Энэхүү гарын авлагын таван хичээл бүхий багц бүрд суралцагчдад эдгээр үр дүнд хүрэхэд нь туслах хичээлийг та олно. Эдгээр хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эсвэл төгс эзэмших сургаалын давтлага хичээлийн аль нэг нь байна.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлүүд

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлүүд ба тэдгээрийн өмнө ордог хам сэдвийн талаарх хичээлийг нэн чухалд тооцох нь зүйтэй. Семинар ороогүй байхад аваагүй хичээлүүдийг оролцуулан төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээл бүрийг хичээлийн жилийн туршид заасан байвал зохино. Эдгээр чухал хичээлд дараах нь багтана. Үүнд:

  • Сүнслэг мэдлэг олж авах нь, 1, 2, 3, 4-р хэсэг.

  • Төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийн хичээл бүрийн өмнө орох хам сэдвийн талаарх хичээл.

  • Төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийн хичээл (Жишээлбэл: “Төгс эзэмших сургаал: 1 Нифай 3:7” эсвэл “Төгс эзэмших сургаал: 2 Нифай 2:25”).

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлүүд нь суралцагчдад:

  • Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх,

  • Сургаалыг тайлбарлах,

  • Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон уг хэсэгт заасан сургаалыг амьдралд хэрэгжүүлэх дадлага хийхэд нь тусална.

Төгс эзэмших сургаалын давтлага хичээл

Төгс эзэмших сургаалын давтлага хичээлүүд нь төгс эзэмших сургаалын судрын зарим хэсгийг давтах (зарим тохиолдолд танилцуулах), төгс эзэмших сургаалын хичээлд тавигдсан үр дүнд хүрэхэд чиглэн ажиллах боломжийг олгодог. Төгс эзэмших сургаалын давтлага хичээлүүдийг заавал заах шаардлагагүй. Хэрэв суралцагчид хичээл ороогүйн улмаас төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг үзээгүй бол та тухайн хичээлийг төгс эзэмших сургаалын давтлага хичээлийн оронд зааж болно.

сургалтын дүрс Төгс эзэмших сургаалын хичээлийн үр дүнд хүрэхэд нь суралцагчдад хэрхэн туслах талаар илүү их мэдээлэл авах бол ChurchofJesusChrist.org дээрх “Төгс эзэмших сургаал” сургалтыг үзнэ үү.

Суралцах үйл явцаа үнэлэхэд суралцагчдад туслах

Шалгалт бол суралцах үйл явцын чухал хэсэг юм. Суралцах явцдаа түр зогсож, эргэцүүлэн бодох нь суралцагчдын хувьд эерэг туршлага байж болох бөгөөд тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болохын тулд тасралтгүй өсөж хөгжих сэдлийг өгдөг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд дараах мэргэн зөвлөгөөг багш нарт өгсөн.

“Суралцагчид бол дүүргэдэг сав биш, харин дүрэлзтэл асаах гал гэдгийг сана”

(“Angels and Astonishment” [Church Educational System Training Broadcast], June 12, 2019, broadcasts.ChurchofJesusChrist.org).

Суралцах үйл явцаа үнэлэх боломжийг суралцагчдад олгох нь ахлагч Холландын зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх нэг арга зам юм. Суралцах үйл явцыг нь үнэлснээр суралцагчид суралцах үйл явцын идэвхтэй оролцогчид болдог бөгөөд өөрсдийн суралцах үйл явцад илүү их хариуцлагатай ханддаг. Суралцаж буй зүйлээ мөн Есүс Христийн шавийн хувьд хэрхэн өсөн хөгжиж байгаагаа эргэцүүлэн бодох боломжийг олгох зорилготой хэд хэдэн суралцах туршлагыг энэхүү сургалтын хөтөлбөрт багтаасан болно.

“Суралцах үйл явцаа үнэлэх нь” хичээл

Энэ гарын авлагад “Суралцах үйл явцаа үнэлэх нь” хичээлүүд багтсан болно. Эдгээр хичээл нь суралцагчдад Мормоны Номын үндсэн сургаалуудыг тайлбарлах, өөрсдийн хандлага, хүсэл эрмэлзлийнхээ талаар эргэцүүлэн бодох, Есүс Христийн илүү үнэнч шавь болоход нь туслах зан чанарыг хөгжүүлэхэд гаргаж буй ахицаа хуваалцах боломжийг олгодог. Эдгээр хичээл нь өсөлт хөгжлөө харж баяр баясгаланг мэдэрч, цаашид илүү түлхүү ажиллах ёстой талуудаа тодорхойлоход нь суралцагчдад тусалдаг.

Суралцахуйн үнэлгээний шалгалтын давтлага хичээл

Цуврал хичээлийн эхний хагасыг зааж дуусах бүрдээ дараа нь та суралцагчдаас төгс эзэмших сургаалын хичээлд тавигдсан үр дүнд хүрэх чадвараа үнэлж дүгнэхэд нь туслах суралцахуйн үнэлгээний шалгалтыг авна. Суралцахуйн үнэлгээний шалгалтын давтлага хичээлийг шалгалт авахаас хэсэг хугацааны өмнө хичээлийн үеэр заах нь зүйтэй. Суралцахуйн үнэлгээний шалгалтын давтлага хичээл нь энэ гарын авлагын хавсралтад бий. Эдгээр хичээлд цуврал хичээлийн эхний болон сүүлийн хагаст судалсан төгс эзэмших сургаалын судрын хэсэг бүрээс сурч мэдсэн сургаал, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад туслах үйл ажиллагаанууд орсон. Эдгээр хичээл нь мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахад суралцагчдад тусалдаг.

Суралцахуйн үнэлгээний шалгалт

Цуврал хичээлийн эхний эсвэл хоёр дахь хагасын суралцахуйн үнэлгээний шалгалт нь төгс эзэмших сургаал дээр төвлөрсөн байх бөгөөд энэ гарын авлагын хавсралтад орсон болно. Суралцагчид хичээлийн үеэр шалгалтаа өгч, дараа нь багш болон бусад суралцагчийн тусламжтайгаар хичээл дээрээ засах боломжтой. Семинарын энэхүү цуврал хичээлээр кредит авахын тулд суралцагчид суралцахуйн үнэлгээний шалгалт бүрд 75 хувь буюу түүнээс дээш дүн авсан байх ёстой. Суралцагчид тэдгээр шалгалтыг хэдэн ч удаа өгч болно.

сургалтын дүрсСуралцагчдад суралцахуйгаа үнэлэхэд нь туслахад энэ гарын авлагыг хэрхэн ашиглах талаар мэдээлэл авах бол ChurchofJesusChrist.org дээрх “Шалгалтын талаарх сургалт” нэртэй сургалтыг үзнэ үү.

Онлайн семинарын багш нар

Хэрэв та онлайн семинарын багш бол хичээлдээ бэлдэхдээ энэ гарын авлага дээрх агуулгын талаар зөвлөлдөх нь тустай байж болно. Хэдийгээр энэ гарын авлага дээрх болон онлайн семинарын сургалтын хөтөлбөр дээрх хичээлүүдийн ихэнх нь ижилхэн агуулгатай ч семинарын багшийн гарын авлагад мөн хичээл заах заавар болон нэмэлт суралцах үйл ажиллагаа орсон байгаа. Эдгээр эх сурвалж нь суралцагчдын асуултад хариулах, онлайн сургалтын хөтөлбөрийн агуулгыг тохируулан өөрчлөх, танхимын хичээлд (биечлэн эсвэл виртуалаар) бэлдэхэд танд тусална.

Энэ гарын авлага болон онлайн семинарын сургалтын хөтөлбөрөөс гадна онлайн семинарыг заахад танд туслах нэмэлт эх сурвалжууд бий. Онлайн семинарын долоо хоног бүрийн сургалтын хөтөлбөрт “Онлайнаар заах багш нарт зориулсан зөвлөмж” гарчигтай багш нарт зориулсан хэвлэгдээгүй хуудас орсон байгаа. Энэ хуудсанд онлайнаар суралцах туршлагыг суралцагчдад илүү утга учиртай болгоход туслах янз бүрийн зөвлөмж оруулсан болно. Эдгээр зөвлөмжид дараах зүйлс орно. Үүнд:

  • Онлайнаар хичээл заах зөвлөмж

  • Хичээлийн зорилго

  • Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаа

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж

  • Онлайн агуулгыг тохируулан өөрчлөх зөвлөмж

Таныг онлайн семинарын сургалтын хөтөлбөрийг суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад тохируулан өөрчлөхийг урамшуулж байна. Онлайн семинарын сургалтын хөтөлбөрийн хуудас бүрийг засварлаж, өөрчлөх боломжтой. Таны онлайн сургалтын хөтөлбөрт хийж болох өөрчлөлтүүдэд:

  • Хичээлийн үйл ажиллагааг суралцагчдад илүү хамааралтай бөгөөд сонирхолтой болгож өөрчлөх

  • Суралцагчдын ойлгох чадвараас давсан эсвэл ойлгоход хэт хүнддэх зарим агуулгыг хасах

  • Судрууд дээрх сургаал болон зарчмын талаар гэрчилж буй эсвэл хувийн туршлагаа хуваалцаж буй өөрийнхөө эсвэл өөр хэн нэгний видеогоор агуулгыг солих

  • Эшлэлийг хамгийн сүүлийн үеийн эсвэл суралцагчдад илүү амархан ойлгогдох эшлэлээр орлуулах зэрэг багтана.

Онлайн семинарын багш нар орон нутгийн хөтөлбөрийг дагаж онлайн семинарын сургалтын хөтөлбөрийн хэдэн хичээлийн дарааллыг тохируулан өөрчлөх хэрэгтэй.

Гэрээр судлах семинарын багш нар

Хэрэв та гэрээр судлах семинарын багш бол суралцагчид семинарын суралцагчдын гарын авлагатай эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс Gospel Library аппликэйшн эсвэл онлайн Gospel Library-ээс авах боломжтой байх ёстой. Та ямар хичээлийг гэрээрээ судлах мөн ямрыг нь хамтдаа виртуалаар эсвэл биечлэн судлах талаар суралцагчидтай ярилцах хэрэгтэй. Суралцагчдын гарын авлага дээрх хичээл багшийн гарын авлага дээрх ижил хичээлтэй нийцсэн байх ёстой.

Аль хичээлийг танхимын сургалтаар заахаа шийдэхдээ бүлгийн орчинд ямар хичээлийг заах нь илүү үр дүнтэй байхыг бодож үз. Та суралцагчдад хичээлд бэлдэхэд нь туслах урилгыг илгээж болно. Хичээл бүрийн эхэнд байгаа суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны зөвлөмжүүд нь үүнийг хэрхэн хийж гүйцэтгэх зарим санааг танд өгнө. Танхимын хичээлийн суралцах туршлагыг төлөвлөхдөө суралцагчдын хамгийн сүүлд хичээлээр судалсан төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад хэсэг хугацааг зарцуул.

Суралцагчид суралцагчийн гарын авлагын дугаарласан даалгавруудыг гүйцэтгэж, дор хаяж долоо хоногт нэг удаа тэдгээрийг хураалгадаг байх ёстой. Суралцагчид хийсэн ажлаа цахимаар (э-мэйл, мессеж илгээх аппликэйшнаар эсвэл энэ мэт зүйлээр) илгээж эсвэл судлах тэмдэглэлдээ хийж болно. Хэрэв суралцагчид дасгал ажлаа судлах тэмдэглэлдээ хийж байгаа бол нэгийг нь шаардлагатай үед танд үлдээж, нөгөөх дээр нь үргэлжлүүлэн ажиллахын тулд хоёр судлах тэмдэглэлтэй байх ёстой бөгөөд тантай уулзах бүрдээ солилцох ёстой.

Суралцагчдын хийсэн ажлыг шалгахдаа тодорхой бөгөөд утга учиртай санал зөвлөгөө өгч бай. Суралцагчдыг урамшуулан дэмжих мөн илүү сайн суралцахад нь туслах арга замыг олоорой. Мөн та тэдэнтэй долоо хоногийн туршид харилцах арга замыг олсноор тэдэнд тус болж болно. Жишээлбэл: Хэрэв та суралцагчдыг энэхүү гарын авлага дээрх хичээлүүдийг гэртээ хийж байх үед нь эдгээр хичээлийг судалж байвал э-мэйл, групп чат эсвэл өөр харилцах арга замаар асуулт, видео эсвэл энэ гарын авлагын өөр бусад эх сурвалжийг суралцагчидтай хуваалцахад сүнслэгээр өдөөгдөж болох юм. Та мөн тэднийг сайн мэдээг судалж, хамтдаа өсөж хөгжих явцад нь ангийн дотор нэгдмэл байдлыг бий болгож, нэгэн хэсэг гэдгээ мэдрэхэд нь туслах зорилгоор сануулж, урамшуулан дэмжиж болно.