“Үнэлгээний сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2022)
“Үнэлгээний сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт
Үнэлгээний сургалт
Үнэлгээ бол суралцахуйн чухал хэсэг юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар суралцахуйн үнэлгээг шалгалт маягаар явуулах нь чухал болохыг онцолсон.
Үе үе өгдөг шалгалт нь сурч мэдэхэд зайлшгүй хэрэгцээтэй зүйл юм. Үр дүнтэй шалгалт нь тодорхой сэдвийн талаарх бидний бодитой мэдлэгийг мэдвэл зохих зүйлтэй харьцуулахад тусалдаг ба энэ нь бидний сурах, хөгжих байдлыг үнэлэх жишгийг тогтоодог.
Үүнтэй адил, мөнх бус байдалд тохиолддог сорилтууд бидний мөнхийн хөгжил дэвшилд амин чухал хэсэг болдог юм. Гэхдээ сонирхолтой нь, Жишиг бүтээлүүдийн англи хэл дээрх судрын эх сэдэвт шалгалт гэсэн үг огт байдаггүй. Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн аз жаргалын төлөвлөгөөний талаарх бидний сүнслэг мэдлэг, ойлголт мөн үүнд бүхнээ зориулах байдлыг болон Аврагчийн Цагаатгалын адислалуудыг эрэлхийлэх бидний чадавхыг зохих ёсоор харуулах янз бүрийн хэв маягийг дүрслэхэд нотлох, шалгах, сорих зэрэг үгсийг хэрэглэдэг. (Дэвид А.Бэднар, “Үүгээр бид тэднийг нотлох болно,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)
Семинарт тогтмол үнэлгээ хийх нь суралцагчдад өөрсдийн сүнслэг мэдлэг, ойлголт, үнэнч байдлыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт харуулахад тусалдаг. Ийм төрлийн явцын үнэлгээ нь тэдэнд юу сурч, хэрхэн өсөж хөгжиж буйгаа илүү сайн ойлгоход тусална.
Энэхүү ухаарал нь урамшмаар мөн сэдэлжүүлсэн туршлага байж болох ба суралцагчдын амьдралд хувийн илчлэлтийг түлхүү урих боломжтой. Мөн энэ нь суралцагчдад өсөж хөгжих, суралцах ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад тусалж чадна. Семинарын хөтөлбөр дэх үнэлэх үйл ажиллагааны зарим жишээнд “Суралцах үйл явцаа үнэлэх” хичээл, төгс эзэмших сургаалын хичээлүүд (давтлагыг оруулаад), улирал дундын суралцахуйн үнэлгээ зэрэг багтдаг.
“Суралцахуйгаа үнэлэх” хичээл
Та семинарын хөтөлбөрөөс “Суралцахуйгаа үнэлэх” хичээлийг үе үе олж харах болно. Эдгээр хичээл нь ойролцоогоор 4-6 долоо хоног тутам орохоор төлөвлөгдсөн ба суралцагчдад сурсан мэдсэнээ сайтар тунгаан бодох боломжийг олгодог. Тухайлбал: Эдгээр нь суралцагчдад уг хичээлээр сурсан сургаалыг тайлбарлах; Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө болон Есүс Христийн сайн мэдээтэй холбоотой мэдрэмж, хандлага, хүслээ эргэцүүлэн бодох; шавийн амьдрал, Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхийн тулд ажиллаж буй төлөвлөгөө эсвэл зорилгуудаа эргэн харах боломжийг олгодог. Суралцагчдын эдгээр үнэлгээний гүйцэтгэлийг төгс эзэмших сургаалын үнэлгээ шиг албан ёсоор бүртгэдэггүй. Энэхүү явцын үнэлгээнүүд нь суралцагчдад туслах зорилготой.
Хэдийгээр суралцагч энэ хичээлүүдээр сурсан зүйлээ өөрөө үнэлэх үндсэн үүрэгтэй ч бусад хүн тусалж бас болно. Ариун Сүнс суралцагчдад өөрсдийгөө үнэлэхэд нь туслах амин чухал үүргийг гүйцэтгэдэг. Суралцагчдад хэрхэн суралцаж, өсөж хөгжиж, цаашид сайжирч болох талаараа тодорхой харахад туслах илүү сайн хамтрагч Ариун Сүнснээс өөр байхгүй.
Багшийн хувьд та эсвэл суралцагчид бие биедээ сурч мэдсэнээ үнэлэхэд тусалж болно. Суралцагчдад сургаалыг тайлбарлах хэсэг нь тайлбарлах эсвэл дүрд тоглох дадлагыг хамтдаа хийх тохиромжтой цаг байж магадгүй. Багшийн хувьд та тэдний гаргаж буй эсвэл гаргахаар тэмцэж буй ахиц дэвшлийн талаар санал бодлоо илэрхийлэх сайн эх сурвалж байж чадна. Та суралцагчид туслахын тулд санаа бодлыг нь сонсож эсвэл өөрийн амьдралын туршлагаас хуваалцаж болно. Гэхдээ тэд танд зорилго, төлөвлөгөөгөө тайлагнадаг гэсэн хүлээлтийг үүсгэж болохгүйг сана. Тэдний зорилго, төлөвлөгөөний зарим хэсэг нь илүү хувийн шинж чанартай байж магадгүй. Хэрэв суралцагчид төлөвлөгөө, зорилгынхоо талаар тантай ярихад таатай санагдаж байвал тэдэнтэй зөвлөлд мөн суралцагчийг эцэг эх, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч рүү нь хэзээ чиглүүлэх ёстойг таньж мэд.
“Суралцахуйгаа үнэлэх” хичээлд зориулан үнэлэх үйл ажиллагааг зохиох
Заримдаа танд “Суралцахуйгаа үнэлэх” хичээлийг тохируулан өөрчилж үнэлэх шинэ үйл ажиллагааг зохиох шаардлагатай болно. “Суралцахуйгаа үнэлэх” хичээл нь семинарын сургалтын хөтөлбөрт багтсан ч сургуулийн хичээлийн хуваарийн улмаас суралцагчдын судлаагүй хичээл байж магадгүй. Эсвэл “Суралцахуйгаа үнэлэх” хичээлд тусгагдаагүй мөртлөө суралцагчдад онцгой ач холбогдолтой хичээл байж болно. Эдгээр тохиолдолд та тухайн сэдвийн талаарх суралцагчдын ойлголт эсвэл ахиц дэвшлийг үнэлэхийн тулд “Суралцахуйгаа үнэлэх” хичээлийн үйл ажиллагааны аль нэгийг өөрийн зохиосон нэг үйл ажиллагаагаар солих шаардлагатай болно.
Дараах алхмууд нь танд үр дүнтэй үнэлэх үйл ажиллагааг зохиоход тусална.
1-р алхам: Үргэлжлүүлэн ярилцахыг хүсэж буй хичээлээ тодорхойлохоос эхэл. Хичээл ямар төрлийн үр дүнд төвлөрч байсан бэ?
Суралцагчдын мэдлэг, ойлголтод илүү төвлөрсөн үү? Мэдрэмж, хандлага, хүсэлд онцгой анхаарсан уу? Эсвэл суралцагчдын зан байдалд голчлон төвлөрсөн үү? Суралцагчдад ямар төрлийн үр дүнд хүрэхэд нь туслахыг хүсэж буйгаа мэдэх нь тохирох үнэлгээний туршлагыг бий болгоход танд тусална.
2-р алхам: Суралцагчид өсөлт хөгжил, суралцах үйл явцаа харахад туслах юуг өөрсдөө хийж болох талаар бодож үз. Тэд үүнийгээ танд эсвэл бусад суралцагчид харуулах шаардлагагүй гэдгийг сана. Энэ нь тэдэнд сурах явцдаа гаргаж буй өөрсдийн ахиц дэвшлийг харахад туслах зүйл байх ёстой. Үүнд дараах зүйлс орж болно.
-
Мэдлэг, ойлголтын үр дүн: Суралцагчид сургаалын үзэл баримтлалыг амаар эсвэл бичгээр зааж, тайлбарлаж болно. Суралцагчид ямар нэгэн жишээнд хариу болгон сургаалыг тайлбарлах дадлага хийж болно.
-
Мэдрэмж, хандлага, хүслийн үр дүн: Суралцагчид өмнөх хичээлээсээ өөрийгөө үнэлэх хэсгийг эргэн хараад, одоогийн хариултаа хичээлийг анх судалж байхдаа өгсөн хариулттайгаа харьцуулж болно. Энэ нь ялгааг нь харахын тулд тэдний эргүүлэн харж болох тэмдэглэл юм уу бөглөсөн судалгаа байж болно. Эсвэл судалгааг дахин бөглөж болно.
-
Зан байдлын үр дүн: Суралцагчид хийхээр өдөөгдсөн зүйлээ эсвэл гаргасан төлөвлөгөөгөө хичээлийн нэг хэсэг болгон эргэн харж болно. Дараа нь тэд төрсөн сэтгэгдэл, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу хэрхэн үйлдэж, хэрэгжүүлсэн талаараа эргэцүүлэн бодож болно. Хэт хувийн шинж чанартай биш бол цөөн хэдэн суралцагч туршлагаа хуваалцахыг хүсвэл хуваалцаж болно. Тэд FamilySearch Family Tree аппликэйшныг ашиглах, судар судлах ур чадвараа харуулах зэргээр хүссэн зан байдлын дүр зургаа ангийнхандаа үзүүлж болно.
3-р алхам: Суралцагчдад хэрхэн өсөж хөгжиж, сурч байгаагаа харах боломжийг олгох суралцахуйн туршлагыг бий болго. Үүнийг сонирхолтой, тааламжтай болгох арга замыг хайж олоод, тэдэнд ахиц дэвшлээ эргэцүүлэн дүгнэх хангалттай цаг гаргаж өг. Зарим суралцагч одоогийн ахиц дэвшилдээ сэтгэл дундуур байж магадгүй. Суралцагчдыг ахиц дэвшлээ бусадтай харьцуулахад хүргэхгүй байх боломжийг бүрдүүл. Тэдэнд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэр дэх Эцэгээсээ тусламж эрж, юуг сайн хийж байгаагаа болон хэрхэн сайжирч чадахаа мэдэхэд зориулан хангалттай цаг гаргаж өг. Тэдэнд эдгээр үнэлгээг эцсийн гэж хэзээ ч үзэх ёсгүйг ойлгуул. Харин суралцагчдыг суралцах дараагийн алхам нь юу болох талаар бодоход үргэлж урамшуулан дэмж.
Төгс эзэмших сургаалын үнэлгээ
Семинарын суралцахуйн хоёр цогц шалгалт нь суралцагчдад төгс эзэмших сургаалын ур чадвараа харуулах боломжийг олгодог. Энэ хоёр үнэлгээн дээр үзүүлсэн суралцагчийн гүйцэтгэлийг бүртгэж авдаг. Хэдийгээр тэд тухайн хичээлийн жилийнхээ семинарын кредитийг авахын тулд энэ хоёр шалгалтад хоёуланд нь тэнцэх шаардлагатай боловч, хэдэн ч удаа шалгалт өгч болдог. Түүнчлэн багш нар суралцагчдын хэрэгцээний талаар болон эдгээр шалгалтыг хэрхэн гүйцэтгэх талаар эцэг эхчүүдтэй зөвлөлдсөний дараа боломжит нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Шаардлагатай бол эдгээр шалгалтыг эсвэл хэрхэн гүйцэтгэх арга барилыг тохируулан өөрчилж болно.
Багшийн гарын авлагын хавсралтад төгс эзэмших сургаалын үнэлгээний хоёр давтлага хичээл багтсан. Энэ нь суралцагчдад суралцахуйн үнэлгээний шалгалтад бэлтгэн хамтдаа давтахад туслах зорилготой ангийн үйл ажиллагаа юм. Суралцагчид онлайнаар эсвэл биечлэн цугларсан үедээ эдгээр давтлагыг хийх ёстой.
Дүгнэлт
Сурсан мэдсэнээ тогтмол үнэлэхэд нь суралцагчдад туслахын ашиг тусыг бод. Тэдэнд сургаалыг тайлбарлах; мэдрэмж, хандлага, хүслээ эргэцүүлэн бодох; ажиллаж буй төлөвлөгөө эсвэл зорилгоо эргэн харах боломжийг олгосноор Есүс Христтэй илүү адилхан болох тэдний хичээл зүтгэлд туслах болно. Мөн үнэлэх хичээлүүд нь суралцагчдыг юуг сайн хийж байгаагаа мэдрэхэд туслах, сайжрах урам зориг өгөх замаар урамшуулах боломжийг Ариун Сүнсэнд олгодог. Энэ хичээлүүд нь чухал бөгөөд тогтмол заагдаж байх ёстой.