“Төгс эзэмших сургаалын сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2022)
“Төгс эзэмших сургаалын сургалт,” Семинарын хөтөлбөрийн сургалт
Төгс эзэмших сургаалын сургалт
Төгс эзэмших сургаалын оршил
2016 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард өнөөгийн өсвөр үеийнхний амьдралд гүйцэтгэх төгс эзэмших сургаалын чухал зорилгыг мөн үүнийг хэрэгжүүлэхэд семинарын багшийн хувьд та ямар чухал үүрэгтэйг ийн танилцуулсан.
Хэдхэн үеийн өмнө залуус маань түүх, сургаал, зан үйлийн талаарх мэдээллийг зөвхөн Сүмээс хэвлэгдэн гарсан материалаас олж авдаг байв. Зөвхөн цөөн суралцагч уламжлалт бус тайлбартай учирч байлаа. Залуучууд ихэнхдээ сайтар хамгаалагдсан орчинд амьдарч байсан.
Тэр үеийн сургалтын хөтөлбөр сайн байсан ч суралцагчдыг өнөөдрийн өдөрт буюу Сүмийн талаарх боломжтой бүх өнцгөөс авч үзсэн, бараг бүх мэдээллийг шууд авч болох энэ үед бэлдээгүй. Өнөөдөр тэдний зөөврийн хэрэгсэл дээрээ харж байгаа зүйл итгэлд нь хор хөнөөлтэй байхын зэрэгцээ итгэлийг нь урамшуулан дэмжиж ч болно. …
Иймэрхүү хүндрэл, бэрхшээлтэй тэмцэхийн тулд саяхан Сүмийн боловсролын зөвлөл “Төгс эзэмших сургаал” нэртэй цоо шинэ санаачилга гарган ажиллаж байна. … Энэхүү шинэ санаачилга нь суралцагчдынхаа Есүс Христэд итгэх итгэлийг бий болгож, хүчирхэгжүүлэн, сайн мэдээг амьдралдаа дагаж, хэрэгжүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд төвлөрөх болно. Тэд судруудаас болон бошиглогчдын үгсийг ашиглан сүнслэг мэдлэг олж авахаас гадна Христийн сайн мэдээг ойлгохын тулд Түүнд итгэх итгэлээр хэрхэн үйлдэхэд суралцана. Түүнчлэн тэдэнд өдөр бүр үе тэнгийнхнээсээ болон сошиал медиагаар сонсож, үзэж харж байгаа асуулт, асуудлуудаа шийдвэрлэхдээ Христийн сургаал, сайн мэдээний зарчмыг хэрхэн ашиглаж болохоо мэдэж авах боломж олдоно.
Энэ нь сүнслэгээр өдөөгдсөн, цагаа олсон санаачилга бөгөөд манай залуу үеийнхэнд гайхалтай нөлөөлнө. Гэхдээ “Төгс эзэмших сургаал” болон СБС-ийн бусад бүх сургалтын хөтөлбөрийн амжилтын ихэнх хувь та нарын хичээл зүтгэлээс шалтгаална. (М.Рассэлл Баллард, “21-р зуун дахь СБС-ийн багш нарын боломж ба үүрэг хариуцлага” [Ерөнхий эрх мэдэлтэнтэй хамт нэгэн үдэш, 2016 оны 2-р сарын 26], broadcasts.ChurchofJesusChrist.org)
-
Ерөнхийлөгч Баллардын хуваалцсан зүйлээс юу танд онцгой санагдсан бэ?
-
Өнөөгийн өсвөр үеийнхэн Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд яагаад өмнөх үеийнхнээс өөр арга замаар бэлтгэх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?
Хөтөлбөр дэх “Төгс эзэмших сургаал”
Төгс эзэмших сургаалын үр дүнд хүрэхэд нь суралцагчдад туслах зорилгоор багшийн гарын авлагад долоо хоног бүр төгс эзэмших сургаалаас суралцах туршлагуудыг оруулсан. Тэдгээр үр дүнд суралцагчдад
-
сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг сурч мэдэн, амьдралдаа хэрэгжүүлэх,
-
сонгосон судрын хэсгүүдийг болон мөн тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмшихэд туслах зэрэг нь багтана.
Сонгосон судрын хэсгүүдийг болон мөн тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмшсэнээр суралцагчид
-
төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг сурч мэдэн, ойлгох;
-
төгс эзэмших сургаалын судрын холбогдох хэсгүүдийг ашиглан сургаалыг тодорхой тайлбарлах;
-
Есүс Христийн сайн мэдээний сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өдөр тутмын сонголтдоо мөн сургаал, хувь хүн, нийгэм, түүхэн асуудал, асуултуудад хариулахдаа ашиглах; мөн
-
төгс эзэмших сургаалын хэсгүүдийг санах, олж чаддаг байх, түлхүүр үг хэллэгийг цээжлэх чадвартай болно.
“Сүнслэг мэдлэг олж авах” хичээл
“Сүнслэг мэдлэг олж авах” бүлгийн 1, 2, 3-р хэсгийг зааснаар та суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг танилцуулна. Хичээлийн жилийн эхэнд семинар эхлэх үед уг хичээл бүрийг заахад анхаар. Эдгээр хичээл нь суурь зарчмуудыг заадаг бөгөөд төгс эзэмших сургаалын бусад хичээл үүн дээр тулгуурладаг. “Сүнслэг мэдлэг олж авах” хичээлүүдийг семинар хичээллэх жил бүр заах ёстой. Хэсэг бүр нь суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах аль нэг зарчмыг танилцуулдаг.
-
1-р хэсэг: Итгэлээр үйлд
-
2-р хэсэг: Асуулт болон асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судал
-
3-р хэсэг: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголт олж авахаар эрэлхийл
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлүүд
Төгс эзэмших сургаалын судрын хэсэг бүртэй холбоотой хоёр хичээл байдаг ба эдгээр нь хам сэдвийн болон төгс эзэмших сургаалын хичээлүүд юм. Энэ хоёр хичээл дээр төгс эзэмших сургаалын үр дүнг хамтад нь авч үздэг.
Хам сэдвийн хичээлийн судрын багц дотор төгс эзэмших сургаалын судрын хэсгийг танилцуулдаг. Суралцагчид судрын хэсгүүдэд заасан сургаалыг судлахад хангалттай цаг зарцуулж, үүнийг мэдэж, ойлгох ёстой. Энэ нь суралцагчдад сургаалыг тайлбарлахад, дараагийн төгс эзэмших сургаалын хичээлд ашиглахаар бэлдэхэд тусалдаг.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлээр суралцагчид өгөгдсөн судрын хэсгийг ашиглан сургаалыг тайлбарлаж, судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийг цээжилж эхлэх боломжтой болдог. Та мөн суралцагчдыг судрын хэсгийг бүхэлд нь цээжлэхэд урамшуулж болно. Суралцагчдад сургаалыг тайлбарлаж, эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах нь төгс эзэмших сургаалын чухал үр дүн юм. Эдгээр сургалтын үйл ажиллагаа нь тийм ч их цаг хугацаа шаардахгүй боловч эн тэргүүнд авч үзэх нь чухал.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийн ихэнх цагийг “Дадлага хийх” хэсэгт зарцуулах ёстой. Дадлага хийх хэсэг бүр нь суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтах боломжийг олгосноор эхэлдэг. Суралцагчид эдгээр зарчмыг ашиглахдаа итгэлтэй байх үүднээс тэдгээрийг тогтмол давтаж байх ёстой. Нэг юм уу хоёр суралцагч зарчмуудыг сайн мэддэг байлаа гээд бусад бүх суралцагчийг тийм гэж дүгнэхээс болгоомжил.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтсаныхаа дараа суралцагчдад үнэн сургаалыг зөв ойлгоход нь туслах асуулт эсвэл нөхцөл байдлыг дүрсэлсэн жишээг үзүүл. Суралцагчид уг асуулт эсвэл нөхцөл байдалд хариулахын тулд төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан дадлага хийж болно.
Та суралцагчдын хэрэгцээг илүү сайн хангахын тулд шаардлагатай жишээ, санал болгож буй асуултууд эсвэл бусад сургалтын үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно. Аливаа өөрчлөлт нь суралцагчдад сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэн дадлага хийх боломжийг олгож байгаа эсэхэд анхаар.
Төгс эзэмших сургаалын хичээл бүрийн төгсгөлд хэд хоногийн дараа ангиараа давтлага хийхийг санал болгосныг та анзаарах болно. Эдгээр давтах үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг бүрд байгаа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой юм.
Төгс эзэмших сургаалын давтлага
Ирээд, Намайг дага гарын авлагын долоо хоног тутмын зарим судрын багцад төгс эзэмших сургаалын судрын хэсгийг оруулдаггүй. Суралцагчдад төгс эзэмших сургаалаас суралцах туршлагыг долоо хоног бүр олгохын тулд багшийн гарын авлага, суралцагчийн гарын авлага, онлайн семинарын сургалтын хөтөлбөрт төгс эзэмших сургаалын давтлагыг долоо хоногийн таван хичээлийн нэг болгон оруулсан. Эдгээр хичээл нь суралцагчдад судрын эшлэлүүд, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэн, сургаалыг ойлгож, хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой юм.
Хэрэв сургуулийн амралтын улмаас төгс эзэмших сургаалын судрын хэсгийг алгассан эсвэл алгасах бол та төгс эзэмших сургаалын давтлага хэсэгт алгассан хэсгийг заах хэрэгтэй. Төгс эзэмших сургаалын хичээлтэй холбоотой хам сэдвийн хичээлийг бас долоо хоногийн дундуур өөр хичээлийн оронд шилжүүлэх шаардлагатай. Суралцагчдын сургуулийн хуваарийн улмаас орхигдсон төгс эзэмших сургаалын хичээлүүдийг хэзээ заахыг зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчийн өгсөн орон нутгийн хичээл хуваарилах удирдамжаас үзнэ үү.
Төгс эзэмших сургаалыг үр дүнтэй заах ур чадвар
Дараах сургалтууд нь суралцагчдад сургаалыг төгс эзэмшихэд туслах ур чадварыг заана. Сургалт бүр (1) ур чадварыг тодорхойлж, тайлбарлаж, (2) ур чадварыг хэрхэн ашиглах загвар, дадлагыг өгч, (3) ур чадварт дүн шинжилгээ хийх боломжийг олгож, (4) ур чадварыг хичээлдээ хэрэгжүүлэх урилгыг өгдөг.
Төгс эзэмших сургаалын үйл ажиллагааны шалтгааныг тайлбарла.
Тодорхойл:
Төгс эзэмших сургаалын үйл ажиллагааны шалтгааныг хуваалцах нь суралцагчдад үүнд оролцох сэдэл төрүүлж болох юм. Энэ нь мөн Ариун Сүнсэнд үйл ажиллагааны ач холбогдлын талаар заах боломжийг олгодог. Ангиараа юу хийхээ дурдсаны дараа тухайн үйл ажиллагааг хийх нь ямар ач холбогдолтой болохыг суралцагчдад ойлгуулахын тулд уг үйл ажиллагааг хийж буй нэг юм уу хоёр шалтгааныг хуваалц.
Загвар:
“Суралцагчид аа, дараагийн хэдэн минутад бид Лук 2:10–12-оос мэдэж авсан Есүс Христ бол дэлхийн Аврагч гэсэн сургаалыг тайлбарлана. Үүнийг хийж буй нэг шалтгаан бол бидний таньдаг хэн нэгэн Есүс Христ яагаад бидэнд чухал болохыг асуух үед итгэлтэй хариулахад бидэнд туслах явдал юм.”
Дадлага хий:
Дараах өгүүлбэрүүдийг гүйцээж бич.
-
“За, суралцагчид аа. Төгс эзэмших сургаалын судрын эшлэлийг түлхүүр үгтэй нь хамт цээжлэхэд туслах үйл ажиллагааг хийцгээе. Энэ эшлэлийг цээжлэх нэг шалтгаан бол …”
-
“Дараах хэдэн минутад бид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтана. Эдгээр зарчмыг мэдэх нь бидэнд …-д тусална”
-
“Бид сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг ашиглан дадлага хийх болно. Эдгээр зарчмыг ашигласнаар … чадна”
Дүгнэлт хий:
Төгс эзэмших сургаалын үйл ажиллагааг хийх шалтгааныг тайлбарлан дадлага хийснээр чи юу сурч мэдэж байна вэ?
Хэрэгжүүл:
Төгс эзэмших сургаалын үйл ажиллагаа бүрийг бэлдэхдээ энэ нь суралцагчдад үнэ цэнтэй байж болох дор хаяж нэг шалтгааныг бич.
Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтахыг урь.
Тодорхойл:
Ангиараа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг тогтмол давтсанаар Ариун Сүнс хэрэгтэй үед нь тэдгээрийг санаж, ашиглахад нь суралцагчдад тусална. Та жишээг хуваалцахаас өмнө эсвэл тэднийг жишээнүүд дээр ажиллаж байхад нь эдгээр зарчмыг давтахад суралцагчдыг урьж болно. Эдгээр урилгад суралцагчдад дор хаяж нэг зарчмыг давтах боломж, тухайн зарчмыг хэр удаан давтах заавар, юу сурч мэдсэнээ хуваалцах боломж зэрэг нь багтана. Ийнхүү хийснээр суралцагчид хэрэгжүүлэх хэсгийн хүрээнд зарчмуудыг илүү сайн ашиглах боломжтой болох юм.
Загвар:
Өнөөдөр бид 2018 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-аас сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтана. Бид гурван бүлэгт хуваагдана. Бүлэг тус бүр өөр өөр зарчмыг авч үзнэ.
-
Нэг бүлэг нь “1-р зарчим: Итгэлээр үйлд,”
-
нөгөө бүлэг нь “2-р зарчим: Асуулт болон асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судал,”
-
өөр нэг бүлэг нь “3-р зарчим: Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголт олж авахаар эрэлхийл” хэсгийг авч үзнэ.
Гурваас дөрвөн минутын турш уншаад, хэцүү асуулт, нөхцөл байдалтай тулгарсан хэн нэгэнд уг зарчим тусалж болох нэг арга замыг хуваалцахаар бэлд.
Дадлага хий:
-
Сүнслэг мэдлэг олж авах нэг зарчмыг авч үзэх урилгыг суралцагч бүрд зориулан бич.
-
Хамт ажилладаг хүн, гэр бүлийн гишүүн, найзаа урих дадлага хий.
Дүгнэлт хий:
Дадлага хийх явцдаа та сүнслэг мэдлэг олж авах зарчмыг давтах тодорхой бөгөөд сайтар бодож бэлдсэн урилгыг өгөхийн ач холбогдлын талаар юу сурч мэдэж байна вэ?
Хэрэгжүүл:
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг тогтмол давтахад суралцагчдыг урих төлөвлөгөө бич.
Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим нь хэцүү асуулт, нөхцөл байдалтай тулгарсан хэн нэгэнд хэрхэн тусалж болохыг үгээр илэрхийлэхэд суралцагчдад туслах асуултуудыг асуу.
Тодорхойл:
Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтаад, дадлага хийх жишээг уншсаных нь дараа энэ жишээнд ямар зарчим тус болохыг үгээр илэрхийлэхэд урих асуултуудыг тэдэнд тавь. Таны асуулт:
-
Нээлттэй
-
Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг бүгдийг тусгахад суралцагчдад туслах
-
Суралцагчдад бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэх боломж олгох ёстой.
Суралцагчид эдгээр асуултын хариултыг эрэлхийлснээр амьдралд нь гарч ирэх асуулт, тулгарах нөхцөл байдалтайгаа илүү сайн итгэлээр нүүр тулахад бэлтгэгдсэн байх болно.
Загвар:
Суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг аль хэдийн үзэж, жишээг судалсан гэдгийг санаарай.
-
Сүнслэг мэдлэг олж авах аль зарчим энэ жишээнд танд тус болох вэ? Яагаад?
-
Энэ жишээнд гарсантай адил асуулттай тулгарахад тухайн зарчим хэрхэн танд тус болох вэ?
-
Энэ зарчим өөр ямар байдлаар тус болж болох вэ?
-
Энэ жишээнд сүнслэг мэдлэг олж авах өөр зарчим хэрхэн тус болж болох вэ?
Дадлага хий:
Суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг аль хэдийн үзэж, жишээг судалсан гэдгийг санаарай.
-
Өөр нэг хүнтэй дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ. Та багш, нөгөө хүн тань таны суралцагч. Таны суралцагч дараах жишээг дөнгөж уншиж, тунгаан боджээ. Загварт орсон асуултуудыг нэг суралцагчаас асууж, хариултыг нь ав.
Шашин шүтдэггүй нэг найз тань цэцэрлэгт хүрээлэнд хэсэг хүнтэй ярилцаж буй номлогчдыг харжээ. Найз тань танаас “Танай сүмийн номлогчид яагаад гадуур явж, Есүсийн талаар номлодог юм бэ? Та нар итгэл үнэмшлээ бусад хүнд хүчээр тулгаж байгаа юм шиг санагдаж байна. Та нар яагаад тэднийг байгаагаар нь аз жаргалтай байлгаж болдоггүй юм бэ?” гэж асуув.
-
Таван минутад сүнслэг мэдлэг олж авах гурван зарчим хэрхэн хэцүү асуулт, нөхцөл байдалд ороход тэдэнд болон бусдад тусалж болохыг үгээр илэрхийлэхэд суралцагчдад туслах өөр олон асуултыг бич.
Дүгнэлт хий:
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь хэцүү асуулт, нөхцөл байдалтай тулгарахад нь тэдэнд болон бусдад хэрхэн тусалж болохыг үгээр илэрхийлэхэд суралцагчдын амьдралд юу тохиож болох вэ?
Хэрэгжүүл:
Сүнслэг мэдлэг олж авах зарчим хэцүү асуулт, нөхцөл байдалтай тулгарахад нь хэрхэн тэдэнд болон бусдад тусалж болохыг үгээр илэрхийлэхэд нь суралцагчдад туслахын тулд та юу хийж чадах вэ?
Дүгнэлт
Суралцагчид тань төгс эзэмших сургаалыг дөрвөн жил үзсэний дараа асуулт эсвэл асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх боломжтой болохыг төсөөлөөд үз. Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах, сургаалын зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд эхэндээ багшийн хувьд танаас илүү их тусламж, дэмжлэг хэрэгтэй болно. Гэсэн хэдий ч та төгс эзэмших сургаалыг ангидаа үргэлжлүүлэн зааж, суралцагчдад тогтмол дадлага хийх боломжийг олгох тусам сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон сургаалыг хэрэгжүүлдэг байдал суралцагчдын аяндаа хийдэг дадал болох болно. Энэ бол та суралцагчдад Есүс Христийн хадан дээр мөн Түүний сургаал дээр бат бөх сууриа тавихад туслах нэг арга зам юм. Суралцагчдадаа төгс эзэмших сургаалын үр дүнд хүрэхэд нь туслахын тулд чадах бүхнээ хий.