Семинар
Хиламан 5:1–13: “Бидний Гэтэлгэгчийн хад”


“Хиламан 5:1–13: ‘Бидний Гэтэлгэгчийн хад,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Хиламан 5:1–13,” Мормоны Номын багшийн гарын авлага

Хиламан 5:1–13

“Бидний Гэтэлгэгчийн хад”

Аврагч хадан дээр суугаад, зааж байгаа нь

Та сөрөг нөлөөнд автаж, чөтгөрийн уруу таталтад орж байгаагаа мэдэрч байсан уу? Бошиглогч Хиламан Сатаны халдлагыг биднийг нүдэх мөндөр мөн хүчит шуургатай зүйрлэв. Тэрээр өөрсдийн амьдралын суурийг “бидний Гэтэлгэгчийн хадан дээр” (Хиламан 5:12) тавьсан хүмүүс хилэнцийг эсэргүүцэж, үнэнч хэвээр үлдэх хүч чадалтай болно хэмээн тунхаглажээ. Энэ хичээл чөтгөрийн эсрэг зогсож, сууриа Есүс Христ дээр тавихад тань тусалж чадна.

Есүс Христийг хайрлах хайр, мөн талархлаа гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусал. Суралцагчдыг Есүс Христийн талаар судлах үед Түүний хэлсэн, хийсэн зүйлийг сурч мэдэхээс гадна Түүнийг хэн болохыг сурч мэдэхэд тэдэнд тусал. Үүнийг хийх нэг арга зам бол Түүний зан чанар, дүр төрх дээр төвлөрөх явдал юм. Аврагч Өөрийн хүч чадлыг амьдралд нь хэрхэн хэрэгжүүлдэг талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хиламан 5:12-ыг уншаад, өөрсдөд нь утга учиртай санагдсан үгийг эсвэл хэллэгийг тэмдэглэж авахад урь. Мөн суралцагчдыг уг хэсгийг бүхэлд нь цээжилж эхлэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Таны сүнслэг байдлын суурь

Дараах асуултуудад өгсөн суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич.

  • Итгэлийн эсвэл сүнслэг байдлын суурийг ганхуулж болох ямар сорилт эсвэл асуудал байдаг вэ? Тэдгээрийг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Солт Лэйк ариун сүмийн зургийг үзүүл.

Солт Лэйк ариун сүм

2021 оны 10-р сарын Ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Солт Лэйк ариун сүмийн анхны суурийг бэхжүүлэх хэрэгтэй байгааг ярьсан. Тэрээр дараа нь Сүмийн гишүүдийг өөрсдийн сүнслэг байдлын суурийг анхаарч үзэхэд урьсан юм. Дараах мэдэгдлийг уншаад, ерөнхийлөгч Нэлсон хэрхэн ариун сүмийн бэхлэлтийг бидний хувийн амьдралтай харьцуулж байгааг анзаар.

18:59

Үүний нэгэн адил, бид өөрсдийн сүнслэг байдлын суурийг бэхжүүлэхийн тулд урьд өмнө хэзээ ч авч байгаагүй онцгой арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэх цаг болжээ. Урьд өмнө тохиогоогүй цаг үе урьд өмнө байгаагүй арга хэмжээг авахыг шаарддаг.

Хайрт ах, эгч нар минь, тэр үе бол энэ хожмын өдрүүд юм. Та бидний хүн нэг бүр ирж буй аюул, дарамтыг даван гарахын тулд Есүс Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр сүнслэг сууриа бат бөх тавьсан байх нь зайлшгүй чухал.

Тиймээс би та нарын хүн нэг бүрээс “Таны суурь хэр бат бөх вэ?” гэж асууя. Сайн мэдээний талаарх таны гэрчлэл, ойлголтод ямар шинэчлэл хэрэгтэй вэ?” (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” 2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган,)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс юу таны анхаарлыг татсан бэ?

Суралцагчдыг ерөнхийлөгч Нэлсоны асуултуудыг тунгаан бодож, бичиж байх үед тэдгээр асуултыг самбар дээр харуулах юм уу бич.

Таны сүнслэг байдлын суурийн тухай ерөнхийлөгч Нэлсоны тавьсан асуултуудад хэрхэн хариулах талаараа тунгаан бод. Ариун Сүнсний нөлөөллийг эрэлхийлж, асуултаа бич.

Хиламан санаж явахыг хөвгүүдээ урамшуулсан нь

Шүүгчдийн засаглалын 54 дэх онд нифайчуудын олон нь завхарч эхлэн, сайнаас илүү хилэнцтийг сонгож байв. Үр дүнд нь Нифай ерөнхий шүүгчийн ажлаа өгч, яг л 60 орчим жилийн өмнөх өөрийн элэнц өвөө Залуу Алма шиг (Алма 4:15–20-ийг үзнэ үү) Бурханы үгийг хүмүүст номлохоор дүү Лихайтайгаа нэгдэв (Хиламан 5:1–4-ийг үзнэ үү). Лихай, Нифай хоёр эцэг Хиламаныхаа заасан сургаалыг санаж байсан учраас үнэнч хэвээр үлдэж чаджээ.

Санагтун, санагтун гэсэн үгсийг самбар дээр гарчиг болгон бич. Суралцагчдыг Хиламан 5:5–11-ийг уншаад, самбарт гарч ирээд, Нифай, Лихай хоёрын санаж явах ёстой гэж хэлсэн нэг зүйлийг бичихэд урь. Хэрэв суралцагчийн бичихийг хүссэн зүйл аль хэдийн самбарт байвал тэд хажууд нь зөв тэмдэг тавьж болно. Хэрэв суралцагчид самбар дээр бичиж чадаагүй бол жагсаалтаас ямар нэг зүйлийг сонгож, тэр зүйлийг санах нь сүнслэг байдлын сууриа бэхжүүлэхэд хэрхэн тусалдаг талаар хуваалцаж болно.

Бидний бат бөх суурь

Хиламан 5:12-ыг уншаад, Хиламаны санаж явахыг хөвгүүдээсээ хүссэн нэмэлт үнэнүүдийг олж мэд.

Хиламан 5:12 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэ. Та дараагийн хичээл дээр энэ хэсэгт заасан сургаалыг асуултад хариулах эсвэл нөхцөл байдалд хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой болно.

Суралцагчид суралцагчийн бэлтгэлд оролцсон бол Хиламан 5:12-ыг цээжилж буй тэдний ахиц дэвшлийг шалга. Тэднийг утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг хуваалцахад урь.

Хиламан 5:12-т агуулагдаж буй хоёр чухал үнэн бол Есүс Христ бол бидний бат бөх суурь бөгөөд хэрэв бид сууриа Есүс Христ дээр тавивал чөтгөр биднийг эрхшээлдээ оруулж чадахгүй гэсэн үнэн юм.

  • Есүс Христ хэрхэн хад шиг байж, бидний амьдралын бат бөх суурь болдог вэ?

  • Таны итгэл рүү дайрах чөтгөрийн дайралт хэрхэн шуурга эсвэл хуй салхи шиг байж болох вэ?

Чөтгөр нийгэм, Сүм, гэр бүл, хувь хүн рүү дайрч буй янз бүрийн арга замын талаар ярилцаж болно. Хичээлийн эхэнд самбар дээр жагсаан бичсэн сорилт, асуудлууд хэрхэн шуурга мөн хуй салхитай адил болохыг та нар ярилцаж болох юм. Суралцагчдыг өөрт тулгарч болох аливаа хувийн шуурга эсвэл хуй салхины талаар эргэцүүлэн бодоход урь.

Хэрэв боломжтой бол ChurchofJesusChrist.org дээрээс “Сүнслэг шуурганууд” (2:24) видеог үзэж, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэнаас чөтгөрийн хуй салхийг хэрхэн даван туулах талаар суралц.

2:24

Самбар дээр Есүс Христ бол бидний бат бөх суурь гэж бич. Суралцагчдыг доорх эхний асуултын хариултыг мэдэгдлийн хажууд бичихэд урь. Суралцагчдад Христ дээр сууриа тавьж болох хэд хэдэн арга замыг хуваалцахад бэлэн байж, олон хариу үйлдэл үзүүлэхийг урамшуулан дэмж. Зарим арга замд Түүний хэрхэн Эцэгтээ залбирдаг, мөн дайснуудаа хайрладаг эсвэл зүрх сэтгэлд нь бичигдсэн байхын тулд судруудыг судлахад цаг зарцуулдаг зэрэг Түүний үлгэр жишээг дагах гэх зэрэг орж болно. Суралцагчдыг хариултаа жагсааж бичсэний дараа тэднээс шинжлэн судлах цөөн хэдийг сонгохыг хүс. Тухайн хэсэгт тэдний хийж болох тодорхой арга хэмжээний талаар ярилц.

  • Сүнслэг байдлын сууриа бидний “Гэтэлгэгчийн хадан” дээр тавих зарим арга зам юу вэ?

  • Эдгээр арга замаар Аврагч дээр өөрсдийн суурийг тавихад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

  • Эдгээрийг хийх нь чөтгөр биднийг эрхшээлдээ оруулахаас хэрхэн сэргийлж чадах вэ?

Хувьдаа хэрэгжүүлэх

Одоо өөрт тань тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарч болзошгүй хувийн шуурга буюу сорилтын талаар бодож үз. Есүс Христ дээр сууриа тавих эсвэл бэхжүүлэх нь эдгээр сорилтыг даван туулахад танд хэрхэн туслах талаар залбирч бод.

Өөрийгөө бат бөх суурь дээр зогсож буйг харуулсан зураг зур. Суурийг “Есүс Христ” гэж тэмдэглэ. Галт сум (хөнгөн жад гэх мэт) эсвэл хуй салхи зурж, сумыг эсвэл хуй салхийг өөртөө тулгарч буй тодорхой уруу таталт, сорилтуудаар тэмдэглэ.

Суурийн дээр эсвэл ойролцоо Есүс Христ дээр сууриа тавихын тулд хийж байгаа эсвэл хийж эхэлж болох тодорхой ямар нэг зүйлийг бич.

Жишээлбэл: Гэр бүлийн түүхийн ажил хийхэд цаг зарцуулах эсвэл ариун сүмд орох зэрэг хувийн зорилго байж болно. Мөн судраас Аврагчийн сайн мэдээг өдөр бүр судлах эсвэл хувийн залбиралдаа илүү чин сэтгэлээсээ хандах байж болно. Төгс эзэмших сургаалыг судлах нь сууриа бэхжүүлэхэд мөн тусалж чадна.

Даван туулах хэрэгтэй байгаа аливаа саад бэрхшээлийнхээ талаар бодож, тэдгээрийг даван туулахын тулд юу хийхээ бич.

Боломжтой бол энэ хичээлийн үеэр өгсөн амлалтаа биелүүлэхэд тань туслах сануулагчийг утсан дээрээ тавь. Гэр бүлийн итгэлт гишүүн, Сүмийн удирдагчтай эсвэл найзтайгаа амлалтаа хуваалцаж, тэднээс амлалтаа биелүүлэхэд тань туслахыг хүс.

Боломжтой бол амласан зүйлээ эхлүүлэх цагийг суралцагчдад ангид гаргаж өг. Суралцагчдыг гэртээ үргэлжлүүлэн хийхэд урамшуулан дэмж. Аврагчийг бидний бат бөх суурь хэмээн гэрчилж, суралцагчдыг мөн адил зүйл хийхэд урь.

  • Есүс Христ дээр сууриа тавихын тулд таны хийж эхлэх эсвэл үргэлжлүүлэн хийж болох нэг зүйл юу вэ?