“8-р сарын 8. Би Израилын цугларалтад хэрхэн оролцож болох вэ? Сургаал ба Гэрээ 85–87,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021 (2020)
“8-р сарын 8. Би Израилын цугларалтад хэрхэн оролцож болох вэ?” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2021
8-р сарын 8
Би Израилын цугларалтад хэрхэн оролцож болох вэ?
Хамтдаа зөвлөлд
Чуулгын эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн цуглааныг ойролцоогоор 10–20 минут хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа унш. Дараа нь дараах зүйлсийн талаар ярилцлага өрнүүлж, ярилцсан зүйлсээ үйлдэх арга замыг төлөвлө (юуны талаар ярилцахаа ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр шийдэж болно).
-
Манай чуулга болон анги. Бид сүүлийн үед ямар ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Эдгээр нь амжилттай болсон уу? Юу нь сайн болсон бэ, юуг нь сайжруулж болох вэ?
-
Бидний үүрэг, хариуцлага. Хэнд бидний үйлчлэл хэрэгтэй вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бидний амьдрал. Бид хувь хувьдаа ямар зорилго дээр ажиллаж байна вэ? Бид ямар ямар туршлагаасаа хуваалцаж болох вэ? Бид ямар ямар адислал хүлээн авсан бэ?
Боломжтой бол хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө, урилгын талаар чуулга эсвэл ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн хичээлийг ойролцоогоор 25–35 минут заана.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Танай чуулгынхан эсвэл ангийнхан номлогчийн ажил, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд гүйцэтгэдэг үүрэг хариуцлагынхаа талаар мэдэж байгаа байх. Гэхдээ таныг Израилыг цуглуулах талаар яривал тэд таны юу ярьж байгааг мэдэхгүй байж болно. Сайн мэдээг хуваалцах, гэр бүлийнхээ түүхийг судлах, ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэх зэрэг нь Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэн Израилыг цуглуулах гэсэн илүү агуу ажлын нэгэн хэсэг гэдгийг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
Таны заадаг хүмүүс Сургаал ба Гэрээ 86 дээрх эцсийн өдрүүд дэх Израилын цугларалтын тухай өгүүлсэн улаан буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг судалсан байх. Энэ хэсгийг уншихдаа чуулгынхнаа эсвэл ангийнхнаа Их Эзэний талбай дахь ажилчид хэмээн төсөөлөхийг хичээ. Энэхүү агуу ажилд оролцсоноор хүлээн авах баяр баясгаланг мэдрэхэд нь та тэдэнд хэрхэн туслах вэ? Энэхүү сэдвийн талаар илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Вэнди Нэлсон эгч хоёрын Израилын найдвар” захиасыг судал ([өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era болон Ensign сэтгүүлийн хавсралт, ChurchofJesusChrist.org).
Хамтдаа суралц
Та хичээлийн эхэнд ангийн гишүүдэд дараахтай төстэй асуултуудыг тавьж болно. Үүнд: Сургаал ба Гэрээ 86-г гэртээ уншихад юу нь та нарт онцгой санагдсан бэ? Эцсийн өдрүүдэд Бурханы хүүхдүүдийг цуглуулах ажлын талаар та юу мэдэж авсан бэ? Энэ ажилд оролцохын тулд бид юу хийж байгаа вэ? Танай чуулга эсвэл ангийнхныг Израилын цугларалтад оролцоход сүнслэгээр өдөөх нэмэлт санаануудыг доор оруулав.
-
Чуулга эсвэл ангийнхаа гишүүдээс “Израилын цугларалт” гэсэн үгийг сонсоход ямар бодол төрснийг асуу. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах тодорхойлолтыг уншихыг санал болго. “Израилын цугларалт гэдэг нь Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, ёслолуудыг хүлээн аваагүй хөшигний хоёр талд байгаа Бурханы хүүхэд бүрд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг санал болгох гэсэн утгатай. Тэнгэрлэг Эцэгийн маань хүүхэд бүр Есүс Христийг дагах, Түүний сургаалыг хүлээн зөвшөөрөх, … бүх адислалынх нь хамт хүлээн авах эсэхээ сонгох боломжтой. (“Израилын найдвар,” 11–12). Энэхүү тодорхойлолт нь энэ чухал үүрэг даалгаврын талаарх бидний бодолд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Чуулгын эсвэл ангийн гишүүдэд улаан буудай ба зэрлэг өвсний сургаалт зүйрлэл хэрхэн хамааралтайг олж харахад туслахын тулд та Сургаал ба Гэрээ 86 дахь үг хэллэгүүдийг самбарт бичиж болно. Эдгээр хэллэг нь сургаалт зүйрлэл дэх бэлгэдлүүдийг дүрсэлдэг. Жишээ нь, “үр суулгагчид,” “улаан буудайг багалзуурдаж,” “нахиа нь соёолж,” “улаан буудайг цуглуулах” гэх мэт (2–4, 7-р шүлэг). Хэллэгүүд нь мөн “төлөөлөгчид,” “урвалт,” “Сэргээлт,” “номлогчийн ажил” гэх зэрэг бэлгэдлүүдийг тайлбарлаж байж болно. Дараа нь чуулгын эсвэл ангийн гишүүд 86-р хэсгийг хамтдаа уншаад, бэлгэдлүүдийг утгатай нь тааруулж болно. (Тэд мөн Матай 13:36–43-ыг уншиж болно.) Бид энэ сургаалт зүйрлэлээс Израилыг цуглуулах ажлын талаар юу мэдэж авч болох вэ? Бид Бурханы хүүхдүүдэд “гэрэл” болон “аврагч” нь байхын тулд юу хийж чадах вэ? (Сургаал ба Гэрээ 86:11).
-
Чуулгын эсвэл ангийн гишүүд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Израилын найдвар” захиасдаа Израилыг цуглуулахад бэлдэх ажилд туслахын тулд тодорхой зүйлс хийхэд тэднийг урьсныг санаж байгаа байх (14–17-р хуудсыг үзнэ үү). Тэднээс ямар ямар урилгыг санаж байгааг нь асуугаад, шаардлагатай бол урилгуудыг хамтдаа дахин хар. Эдгээрийг хийх нь Израилыг цуглуулах ажлыг илүү үр дүнтэй явуулахад бидэнд хэрхэн тусалж болох вэ? Бид эдгээр урилгыг өөрсдөдөө сануулж, тэдгээрийг гүйцэлдүүлэхэд бие биедээ туслахын тулд юу хийж болох вэ? Чуулгын эсвэл ангийн гишүүдийг бүтээлчээр сэтгэж, санаа бодлоо хуваалцахад урамшуул.
-
Чуулгын эсвэл ангийн гишүүд ахлагч Квинтин Л.Күкийн “Эцэгийнхээ хүүхдүүдийг гэх бидний агуу хайр” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92–97) захиасын удиртгал мөн эхний хоёр хэсгийг уншиж, номлогчийн болон ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд маань хайр яагаад ийм чухал байдаг талаар олж мэдэж болно. Хөшигний хоёр талд байгаа хүмүүст сайн мэдээг хуваалцахыг хичээхдээ хайр хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Чуулгын эсвэл ангийн гишүүдэд өнөөдрийн ярилцлагын улмаас хийхийг хүсэж байгаа зүйлээ бичиж тэмдэглэх цаг өг. Тэдэнд ямар нэгэн санаа бодож олоход нь туслахын тулд таньдаг хүмүүсийнхээ талаар бодохыг санал болгож болно. Бурхан эдгээр хүнд хэрхэн хүрч тусалж байгаа вэ? Бид хэрхэн тусалж чадах вэ?
Нэмэлт эх сурвалж
-
Russell M. Nelson, “The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 79–82
-
Church History Topics, “The Gathering of Israel,” ChurchofJesusChrist.org/study/history/topics