“2-р сарын 26. Зөв шударгаар шүүхэд маань Аврагчийн сургаал хэрхэн тусалдаг вэ? Матай 6–7,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“2-р сарын 26. Зөв шударгаар шүүхэд маань Аврагчийн сургаал хэрхэн тусалдаг вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
2-р сарын 26
Зөв шударгаар шүүхэд маань Аврагчийн сургаал хэрхэн тусалдаг вэ?
Хамтдаа зөвлөлд
Ангийн,, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал дээр бишопын зөвлөл ямар сэдвээр ярилцсан бэ? Анги, чуулгаараа хэлэлцсэн зүйлсийн дагуу бид юу хийж болох вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тусламж хэрэгтэй хүмүүсийг олж хараад юу хэлэхээ мэдэхгүй тохиолдолд Христийнхтэй адил арга замаар хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид Есүс Христийн сайн мэдээнээс баяр баясгалан авчирдаг юуг олж мэдсэн бэ? Бид тэрхүү баяр баясгаланг бусадтай хэрхэн хуваалцаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид ариун сүмийн ёслолуудыг нь гүйцэтгэх шаардлагатай өвөг дээдсийнхээ нэрсийг олохын тулд юу хийж байна вэ? Бид өвөг дээдсийнхээ нэрсийг олоход нь бусдад туслахын тулд юу хийж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бидний хүн нэг бүрд уналтаас үүдсэн зан чанарынхаа улмаас бусдыг заримдаа шударга бусаар эсвэл өөрийгөө зөвтгөж дүгнэх хандлага байдаг. Гэвч Аврагч “Та нар шүүгдэхгүйн тулд шударга бусаар бүү шүү; харин шударга шүүгч адил шүү” хэмээн заасан (Иосеф Смитийн орчуулга, Матай 7:1 [Матай 7:1 дэх зүүлт тайлбар а]). Энэхүү зөвлөгөө нь хэрхэн таныг болон таны заадаг хүмүүсийг адисалж болохыг тунгаан бод. Аврагч “шударга шүүлт” гэж юу болохыг Өөрийн үлгэр жишээгээр харуулсан. Жишээлбэл: Завхайрч байгаад баригдсан эмэгтэйд Тэр хэрхэн хандсан талаар тунгаан бод. Тэр түүнийг буруутгаагүй ч нүглийг нь зөвтгөөгүй. Тэрээр түүнийг “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:11) хэмээн урьдаг. Та зөв шударга шүүлтийн талаар Аврагчаас юу сурч мэдсэн бэ?
Та шударга шүүлтийн талаар ойлгоход нь өсвөр үеийнхэнд хэрхэн туслахаа тунгаан бодох үедээ Матай 7:1–2 болон ахлагч Линн Ж.Роббинсын “Зөв шударга шүүгч” (2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89–92) захиасыг судалж болно.
Хамтдаа суралц
Та анги, чуулгын гишүүдээс бусдаар буруугаар шүүгдсэн үеэ бодохыг хүссэнээр шударга шүүлтийн талаарх яриагаа эхлүүлж болно. Энэ нь ямар мэдрэмж төрүүлж байсан бэ? Бид Матай 7:1–5 (1а зүүлт тайлбар дахь Иосеф Смитийн орчуулга) дээрх Аврагчийн сургаалаас шүүлтийн талаар юу сурч мэддэг вэ? “Шударга шүүлт” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? Та анги, чуулгын гишүүдийг шүлэг бүрийг өөрсдийн үгээр дахин хэлэхийг урих замаар эдгээр шүлгийн талаар ярилцаж болно. Дараахтай адил үйл ажиллагаанууд нь таны зааж байгаа хүмүүст шударгаар шүүхэд нь тусалж чадна.
-
Maтай 6–7 дээрх Аврагчийн сургаал нь “шударгаар шүүхэд” бидэнд тусалж чадна. Эдгээр сургаалыг олж мэдэхэд нь анги, чуулгын гишүүдэд туслахын тулд дараах хэсгүүдээс нэг нэгийг хүн бүрд тунгаан бодох зорилгоор өг: Матай 6:14–15; 7:3–5; 7:12; 7:15–20. Эдгээр шүлэг дэх Аврагчийн үг шударгаар шүүх гэдэг нь юу гэсэн үг болох талаар юу зөвлөж байна вэ? Бид Иохан 8:1–11, Матай 9:10–13 дээрх Аврагчийн үлгэр жишээнээс юу сурч мэдэж болох вэ? Аврагчийн биднийг шүүдэг арга, бидний бие биенээ байнга шүүдэг арга хоёрын хооронд ямар ялгаа байгааг бид анзаардаг вэ?
-
Бид бүгд сонгох эрхтэй учраас юу хийх, юу хийхгүй байх талаар байнга дүгнэлт хийх ёстой. Бид Аврагчийг дагагчдын хувьд, бусад хүнийг шүүхгүй мөн шүүмжлэхгүй байхыг хичээдэг. Өсвөр үеийнхэнд ялгааг нь ойлгоход туслахын тулд тэдэнтэй “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг хуваалц. Анги, чуулгаараа, оролцож байгаа хүнийг бус үйл ажиллагаа, арга хэмжээ, харилцан яриа зэргийг шүүх нөхцөл байдлын жишээг хамтдаа бодоорой. Хүнийг шүүхээс илүү нөхцөл байдлыг шүүх нь яагаад илүү дээр вэ? Өсвөр үеийнхэнд шударгаар шүүх талаар өөр асуулт байж болно (“Нэмэлт эх сурвалж” дахь жишээнүүдийг үзнэ үү). Тэдний асуултыг хамтдаа хэлэлцэж, “Нэмэлт эх сурвалж” дахь мэдээллийг ашиглан хариулт ол. Хүүхдүүдийг суралцаж буй зүйлсийнхээ ачаар юу хийхээр урамшуулагдсан талаараа хуваалцахад урь.
-
“Бусдыг шүүмжлэхгүй байж, зөв шүүлтийг хөгжүүлэх нь” (2010 оны 4-р сарын Лиахона) захиас дээрээ ахлагч Грэгори А.Швицэр нэг хүнд тусалсан тухайгаа мөн Есүсийн найз Мартагийн тухай түүхийг ярьдаг. Эдгээр түүх нь бусдыг хэрхэн харах, тэдэнтэй хэрхэн харьцах талаар юу зааж байна вэ? Ямар ямар зарчим бидэнд Христтэй илүү адил болж, шударгаар шүүхэд тусалж чадах вэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодож тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Бусдыг шүүх талаарх жишээ асуултууд: “Надад найз нөхдөө болгоомжтой сонгох хэрэгтэй гэж заасан. Гэвч би бусдыг шүүхгүйгээр найз нөхдөө хэрхэн зөв сонгох вэ?” “Намайг сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх үед бусдыг шүүж байна гэж буруутгадаг. Би хэрхэн итгэдэг зүйлдээ үнэнч байж, санал нийлдэггүй хүмүүст хайраа үзүүлэх вэ?”
-
-
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бид аль болох хүмүүсийг шүүхээс зайлсхийж, зөвхөн нөхцөл байдлыг шүүх ёстой. Гэртээ, ажил дээрээ эсвэл олон нийттэй харьцах үедээ бусдаас өөр жишиг баримтлахыг эрмэлзэх бүрд энэ нь чухал юм. Бид өөрөөр үйлдэж байгаа тэднийг буруутгахгүйгээр өөрсдөдөө эсвэл гэртээ өндөр жишиг тогтоож, үүнийгээ мөрдлөг болгож болно” (“‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 11) хэмээн заасан.