“3-р сарын 12. Айдсаа давахад минь Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ? Матай 9–10; Mарк 5; Лук 9,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“3-р сарын 12. Айдсаа давахад минь Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ? Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
3-р сарын 12
Айдсаа давахад минь Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа эсвэл Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид амьдралдаа Их Эзэний мутрыг хэрхэн харж байсан бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бид тулгарсан асуудлуудаа туулахад нь нэг нэгнээ хэрхэн дэмжиж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид сайн мэдээг хуваалцахын тулд технологийг хэрхэн илүү сайн ашиглаж болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид гэр бүлдээ Христэд ирэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү.
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Маркийн номын 5-р бүлэгт айх шалтгаантай байсан гурван хүн Есүст хандсан талаар цэдэглэсэн байдаг. Хүмүүсээс тусгаар амьдрах болсон “бузар сүнстэй” хүн “булшин дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө балбах аж” (Марк 5:2, 5). Синагогийн ахлагч Иаир “үхлийн ирмэгт” (Марк 5:23) буй охиноо алдахаас айж байв. “Арван хоёр жилийн турш, цус алддаг өвчтэй байсан” нэгэн эмэгтэй “олон эмчийн гарт” “өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч” эдгэрээгүй (Марк 5:25–26). Таны зааж байгаа хүн бүр онцгой бөгөөд өөр өөрийн айдастайгаа тулгарч яваа. Гэвч Аврагч бузар сүнсийг зайлуулж, үхсэнийг босгож, аймшигт өвчнийг арилгаж чаддаг шигээ биднийг айх үед тусалж чадна. “Бүү ай, гагцхүү итгэ” (Марк 5:36) хэмээх Иаирт өгсөн Түүний зөвлөгөө бидний амьдралд гайхалтай хүчийг өгдөг билээ.
Та заахаар бэлтгэхдээ ахлагч Роналд А.Расбандын “Бүү тэвдэн сандар” (2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21), Лиза Л.Харкнэсс эгчийн “Амар амгалан байг” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–88) хэмээх захиаснуудыг судалж болно.
Хамтдаа суралц
Та анги, чуулгын нэг гишүүнийг Марк 5 дахь Есүсийн Иаирыг “бүү ай” (22–24, 35–43-р-шүлгийг үзнэ үү) хэмээн урьсан түүхийг товч ярихад урьж эсвэл бүлгээрээ энэ түүхийг уншиж болно. Энэ бүлэгт гардаг бузар сүнстэй эр, цус алддаг өвчтэй эмэгтэйн талаарх түүхүүдийг мөн дээрх аргаар дүгнэн ярилцаж болно. Эдгээр айдастай нөхцөл байдал нь бидний амьдралд тулгарч буй айдастай юугаараа төстэй вэ? Эдгээр түүхээс бид Аврагчийн тухай мөн Түүний тусламжийг хэрхэн эрэлхийлэх талаар юу сурч мэдэж болох вэ? Дараах үйл ажиллагаанууд нь Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхөд мөн “Бүү ай, гагцхүү итгэ” (Марк 5:36) гэсэн Түүний зөвлөгөөний талаар сурахад өсвөр үеийнхэнд тусалж чадна.
-
Судруудад олон удаа давтагдсан бүү ай хэмээх Их Эзэний урилга өсвөр үеийнхнийг айх үед нь адислах болно. Тэднийг “Нэмэлт эх сурвалж” дахь судруудыг уншаад, уншсан судрууд дээрээ тулгуурлан гэртээ өлгөж болох зурагт хуудас эсвэл онлайнаар хуваалцаж болох цахим зурагт хуудас хийхэд урь. Хийсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах үед тэдний сурч мэдсэн зүйл айх үед нь хэрхэн тусалж болох талаар хуваалцахад тэднийг урь. Хэзээ Аврагч бидэнд айсан ямар үед маань тусалж байсан бэ?
-
Шуургыг намжааж буй Аврагчийн зургийг үзүүлж болно. Жишээлбэл: цахим хэлбэрээр Лиза Л.Харкнэсс эгчийн “Амар амгалан байг” хэмээх захиас дээрх зураг байж болно (Сайн мэдээний зургийн цуглуулга [2009], 40-р зураг-ийг үзнэ үү). Дараа нь та өөрөө эсвэл таны томилсон хэн нэгэн Марк 4:35–41 дээрх эсвэл Харкнэсс эгчийн захиас дээрх, шуургыг намжааж буй Аврагчийн түүхийг хуваалцаж болно. Бид заримдаа хэрхэн завин дээр буй хүмүүстэй адилхан байдаг вэ? Биднийг айх үед Аврагч хэрхэн бидэнд тусалдаг талаар энэхүү түүхээс бид юу сурч мэддэг вэ? Өсвөр үеийнхнийг Харкнэсс эгчийн захиасыг уншаад, Есүс Христэд илүү их итгэхэд туслах үг хэллэг, өгүүлбэрийг олоход урь. Тэд эдгээрийг самбар дээр бичиж болно. Бидний амьдрал дахь шуургыг намжаах нь Түүний хүсэл биш байх үед Аврагчид итгэх итгэл маань бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
“Та байнга хэрэгтэй”, “Надтай хамт үлдээч!” (Сүмийн дуулал-ын 48, 85-р хуудас) зэрэг сүмийн хэд хэдэн дуулалд хүнд бэрх, эргэлзээтэй цаг үед тайтгарал, хүч өгдгийнх нь төлөө Аврагчийг магтан дуулдаг. Та нар эдгээр дууллын цөөн хэдэн мөрийг хамт дуулж, уншиж, Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах талаар эрж олж болно.
-
Амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарах үед айдас, түгшүүр мэдрэх нь хэвийн зүйл юм. Зарим хүний хувьд эдгээр мэдрэмж нь хүчийг нь сулруулж буй мэт байдаг. Янз бүрийн түвшинд сэтгэл нь түгшиж, зовж шаналж буй хүмүүст Аврагч хэрхэн тусалж чадах тухай ярилцах нь анги, чуулгынханд тустай байж болох юм. Анги, чуулгын гишүүд хамтдаа ахлагч Роналд А.Расбандын “Бүү тэвдэн сандар” эсвэл ахлагч Эрик В.Копишкэгийн “Сэтгэцийн эрүүл мэндийн талаар хөндөн ярихад” (2021 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 36–38) зэрэг захиаснуудыг уншаад, тэдний хувьд утга учиртай байгаа үнэнүүдийг эрж хайн, олж мэдсэн зүйлээ хуваалцаж болох юм. Өсвөр үеийнхнийг тусламж хэрэгтэй байгаа бол итгэлтэй эцэг эх юм уу удирдагчтайгаа ярилцахад урамшуул.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.