“8-р сарын 27. Миний бие махбод Бурханы өгсөн ариун нандин бэлэг гэдгийг мэддэгээ би хэрхэн харуулах вэ? 1 Коринт 1–7,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“8-р сарын 27. Миний бие махбод Бурханы өгсөн ариун нандин бэлэг гэдгийг мэддэгээ би хэрхэн харуулах вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
8-р сарын 27
Миний бие махбод Бурханы өгсөн ариун нандин бэлэг гэдгийг мэддэгээ би хэрхэн харуулах вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Сүүлийн үед ямар туршлага биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулсан бэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Ойрын хугацаанд хэн нэгэн манай тойрогт шилжиж ирсэн үү эсвэл Сүмд нэгдсэн үү? Тэд халуун дотно хүлээн авсныг маань мэдрэхийн тулд бид тэдэнд хэрхэн тусалж болох вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Найзуудаа урьж оролцуулж болох ямар үйл ажиллагаа ойрын хугацаанд болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид өөрсдийн түүхийг бичихийн тулд ямар хүчин зүтгэл гаргаж болох вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Хожмын үеийн гэгээнтнүүд сайн ч бай, муу ч бай хийдэггүй зүйлээрээ сайн танигдсан байдаг. Тэдгээр “хийдэггүй” зүйлсийн ихэнх нь бидний бие махбодоо авч явах арга барилтай холбоотой байдаг. Юу хийх тухай эдгээр сонголт бүрийн ард бидний мэддэг мөнхийн үнэн байдаг. Мөнхийн үнэн бидний сонголтыг удирдан чиглүүлэх үед эдгээр сонголтыг хийхэд хялбар, илүү баяр баясгалантай, илүү тэсвэр тэвчээртэй болдог. Мөнхийн үнэнүүд нь найз нөхдөдөө сонголтоо тайлбарлахад тусалдаг. Магадгүй бид хийдэггүй зүйлээрээ танигдахаас гадна мэддэг зүйлээрээ илүү танигдсан болов уу.
Бидэнд яагаад бие махбод байгаа, Бурхан үүнд хэрхэн ханддаг, мөн Тэр биднийг бие махбодынхоо талаар хэрхэн бодоосой гэж хүсдэг зэрэг бидний бие махбодын тухай мөнхийн үнэнүүдийн талаар хэрхэн мэдрүүлэхийг хүсдэг талаар бод. Эдгээр үнэнийг мэдэх нь таныг хэрхэн адисалж, сонголтод тань нөлөөлсөн бэ? Энэ мэдлэг танай анги, чуулгын гишүүдийг хэрхэн адислах вэ? Үүнийг тунгаан бодохдоо Эхлэл 1:27; 1 Коринт 6:19–20-ийг унш.
Хамтдаа суралц
Танай анги, чуулгын гишүүд энэ долоо хоногт судруудыг судалж байхдаа 1 Коринт 6 дахь бидний биеийн тухай Паулын сургаалын талаар бодож байсан байж магадгүй. Тэднийг эдгээр бодлоо хуваалцахад урих нэг арга бол хүн тус бүрд нэг цаас өгч, “Бидний бие ямар талаараа ариун сүмтэй төстэй байдаг вэ?” гэсэн асуултад дор хаяж гурван боломжит хариулт бичихийг хүсэх явдал юм. Тэднийг энэ асуултыг тунгаан бодож байхдаа 1 Коринт 6:19–20-ийг уншихад урамшуулан дэмж. Дараа нь тэд хариултаа бие биетэйгээ хуваалцаж болно. Бидний бие махбодын талаарх Аврагчийн сургаал бидний хийх сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ сэдвээр зарим нэмэлт үйл ажиллагааны санаанууд энд байгаа бөгөөд эдгээрээс сонгож эсвэл өөрөө төлөвлөж болно.
-
Хэрэв та бие махбод, ариун сүм хоёрыг харьцуулсан Паулын харьцуулалтын талаар дэлгэрэнгүй ярилцахыг хүсвэл хэд хэдэн өөр сүмийн зураг үзүүлэх талаар бодож үзээрэй. Та temples.ChurchofJesusChrist.org дээрээс зарим зургийг олж болно. Анги, чуулгын гишүүд эдгээр ариун сүмээс олж харсан ялгаа, нийтлэг зүйлийн талаар ярилцаж болно. Тэд ариун сүмд байхдаа юу мэдэрдэг тухайгаа ярьж болно. Ариун сүмийг ийм сүнслэг, ариун газар болгодог зүйл юу вэ? Дараа нь та анги, чуулгынхныг ариун сүмүүдийн талаар ярилцсан зүйлсээ бие махбодтойгоо хамааруулж ойлгоход урамшуулж болно. Сургаал ба Гэрээ 97:15–16; 109:8, 12 дээрх ариун сүмийн тухай сургаал нь хэрхэн бидний бие махбодтой хамаардаг вэ?
-
Танай анги, чуулгын гишүүд яагаад бие махбоддоо анхаарал халамж тавих талаарх Аврагчийн сургаалыг дагадгаа тайлбарлах боломжтой эсвэл тийм боломж олдох болно. Та тэдний заримаас, жишээлбэл: хэн нэгэн тэднээс -Яагаад архи, цай, кофе уудаггүй юм бэ? Яагаад зарим төрлийн хувцас өмсдөггүй юм бэ? гэж асуувал юу гэж хэлэхийг асууж болно. Бие махбодоо хэрхэн авч явахад маань нөлөөлдөг Есүс Христийн сайн мэдээний зарим үнэн юу вэ? Анги, чуулгын гишүүд эдгээр үнэний заримыг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс хайж болно.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг бие махбодынхоо талаар юу гэж бодоосой хэмээн хүсдэг вэ? Мөн бие махбодоо дутуу үнэлж, бүр үзэн ядахад биднийг ятгахыг оролддог Сатаны арга замуудын талаар ярилцаж болно. Түүний худал хуурмаг, уруу таталтыг даван туулахын тулд бид юу хийж чадах вэ? Ямар үнэн бидэнд туслах вэ? “Нэмэлт эх сурвалж” дахь зарим эх сурвалж тус болж болно.
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Эхлэл 1:27; 1 Коринт 6:19–20; Алма 11:42–44; 40:23; Сургаал ба Гэрээ 89; 130:22
-
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” ялангуяа эхний гурван догол мөр
-
“Их Эзэн надад ариун сүм өгсөн,” Хүүхдийн дууны ном, 73
-
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бурхан бидэнд бие махбодын бэлгийг хүртээхдээ Өөртэй нь адил болоход хэрэгтэй чухал алхмыг хийх боломжийг олгосон. Сатан үүнийг ойлгодог. … Тиймээс түүний бидний замд тавьдаг бүх биш юм аа гэхэд ихэнх уруу таталт өөрсдийнхөө болон бусдын бие махбодыг зүй бус ашиглахад хүргэдэг. … Таны бие махбод бол мөнхийн сүнс дотор тань оршихоор бүтээгдсэн хувийн ариун сүм юм [1 Коринт 3:16–17; 6:18–20-ийг үзнэ үү]. Энэ ариун сүмээ арчлах нь маш чухал. … одоо та нар Бурханы хүсэлд нийцүүлэхийн оронд дэлхийнхний таалалд нийцүүлэхээр биеэ арчилж тордон, хувцасладаг уу? Энэ асуултад өгөх таны хариулт Түүний танд өгсөн гайхамшигт бэлгийн талаар ямар бодолтой явдгийг тань шууд илэрхийлдэг” (“Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 78) гэж заасан.
-
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Бидний бие махбод нь хувьсах чадварын үр дүнгээс өөр юу ч биш гэдэгт итгэдэг хүмүүс нь өөрсдийнхөө бие махбодод яаж хандахад эсвэл мөн өөрсдийн бие махбоддоо хийсэн зүйлийхээ төлөө Бурханы өмнө мөн бусдын өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй хэмээн боддог. Өмнөх амьдрал, энэ амьдрал, мөн энэ амьдралын дараах мөнхийн байдлын талаар илүү өргөн бодит байдлын талаар гэрчлэлтэй бидний хувьд Бурханы хамгийн дээд зэргийн бүтээлийн төлөө Түүний өмнө хариуцлага хүлээх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. … Бие махбод маань бидний сүнсний зэмсэг учраас чадлынхаа хэрээр үүнд анхаарал хандуулдаг байх нь амин чухал юм. Бид өөрсдийн бие махбодынхоо хүчийг Христийн ажлыг үргэлжлүүлэн мөн үүнд үйлчлэхэд өргөл болгох ёстой” (“Өргөл болгосон амьдралын тухай бодол эргэцүүлэл” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19) хэмээн заасан.