“9-р сарын 10. Хайртай нэгнээ нас барахад би хэрхэн Есүс Христээс тайтгарлыг олох вэ? 1 Коринт 14–16,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“9-р сарын 10. Хайртай нэгнээ нас барахад би хэрхэн Есүс Христээс тайтгарлыг олох вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
9-р сарын 10
Хайртай нэгнээ нас барахад би хэрхэн Есүс Христээс тайтгарлыг олох вэ?
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Их Эзэнд хандах нь бидэнд сорилт бэрхшээлээ туулахад хэрхэн тусалж чадах вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Бидний залбирал, нөхөрлөл хэрэгтэй байгаа хэнийг бид мэддэг вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурлаар сайн мэдээг хуваалцах ямар төлөвлөгөөг ярилцсан бэ? Манай чуулга, ангийнхан хэрхэн оролцож болох вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Гэр бүлийн түүхийн ажлыг хийх нь бидний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Бидний хайрлаж халамжилдаг хүн нас барахад аймшигтай хүнд хэцүү байж болно. Хайртай хүнээсээ салах нь гүн гүнзгий уй гашуу, гунигтай мэдрэмжийг авчирдаг. Гэхдээ Паул Есүс Христийн Амилалтын ачаар “үхэл ялалтад залгигдлаа” (1 Коринт 15:54) хэмээн заасан. Өөрөөр хэлбэл “үхлийн гашуун нь” буюу мөнх бус амьдралд бидний мэдэрдэг өвчин, найдваргүй байдал нь “Христээр залгигдсан” юм (Мозая 16:7–8; 1 Коринт 15:54–57-г мөн үзнэ үү).
Хэзээ нэгэн цагт хүн бүр хайртай хүнээ алдах болно. Та заадаг хүмүүстээ Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан тэр хүнд хэцүү үед тайтгарлыг олоход нь хэрхэн туслах вэ? Заахаар бэлтгэх үедээ 1 Коринт 15, Мозая 16:7–9 болон Сургаал ба Гэрээ 42:44–46-г уншин, энэхүү асуултыг тунгаа.
Хамтдаа суралц
Та анги, чуулгын гишүүдийг ямар нэг зүйлд хатгуулж байсан мэдрэмжээ хуваалцахыг урьж болно. Дараа нь та тэднээс Паул үхлийг дүрслэхдээ “гашуун” гэдэг үгийг яагаад ашигласан гэж бодож байгааг асууж болно (1 Коринт 15:54–56-г үзнэ үү). Тэдэнд 1 Коринт 15-ыг унших хэдэн хором гаргаж өгөөд, үхлийн гашууныг хэрхэн даван туулах тухай олж мэдсэн үнэнээ хуваалц. Дараа нь бидний хайртай хүн нас барахад Аврагч биднийг хэрхэн тайвшруулж болохыг илүү сайн ойлгоход нь өсвөр үеийнхэнд туслахын тулд доорхтой адил үйл ажиллагаануудыг бодож үзээрэй.
-
Та анги, чуулгын гишүүдийг хоёр хоёроор нь баг болгон хувааж, баг бүрээс “Нэмэлт эх сурвалж” дээрх судрын зарим хэсгийг хамтдаа дүгнэн ярилцахыг хүсэж болно. Тэд “Хайртай нэгнээ алдахдаа би ямар чухал үнэнийг санана гэж найдаж байна вэ?” гэх мэт асуултын хариултыг бичиж болно. Тэднээс хариултдаа судрын хэсгүүдийн мэдээллийг оруулахыг хүс. Дараа нь тэдний хувьд хамгийн их утга учиртай үнэнийг мөн яагаад энэ нь хамгийн утга учиртай гэдэг талаар ангийнхантайгаа хуваалцахад урь.
-
Хайрлаж халамжилдаг хүн нь нас барахад хэрхэн Есүс Христээс найдварыг олж авсан тухай өгүүлдэг Ерөнхий чуулганы захиасыг хамтдаа уншиж болох юм. Жишээ нь, Рэйна И.Абурто эгчийн “Булшинд ялалт гэж үгүй” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 85–86) болон ахлагч С.Марк Палмэрын “Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–89) захиаснуудыг судалж болно. Та өөрийн туршлагаасаа хуваалцахаар эсвэл хайртай хүнээ нас барсны дараа Есүс Христээс хэрхэн тайтгарал, найдварыг олж авсан тухай хуваалцахад өсвөр үеийнхнийг урихаар өдөөгдөж болох юм.
-
Анги, чуулгынхаа гишүүдийн хэрэгцээг харгалзан үзсэний дараа “Нэмэлт эх сурвалж” дахь видеоноос нэг юм уу хэд хэдийг үзүүлж болно. Өсвөр үеийнхнийг сэтгэгдлээ хуваалцахад урь. Есүс Христ амилсан гэдгийг мэдэх нь үхлийн талаарх бидний үзэл бодолд хэрхэн нөлөөлдөг вэ? Анги, чуулгынхаа гишүүдийг Аврагчийн талаар мөн Түүний Амилалтын талаарх гэрчлэлээ болон энэхүү мэдлэг нь тэдэнд хэрхэн найдвар төрүүлдэг тухай хуваалцахад урь.
-
Иохан 11-д, хайртай найз Лазар нь нас барсан талаарх Аврагчийн туршлагыг дүрсэлжээ. Магадгүй анги, чуулгынхан 1–45-р шүлгийг хамтдаа уншиж болно мөн уншиж байхдаа Аврагчийн үлгэр жишээнээс сур мэдсэн зүйлээ хуваалцаж болох юм. Хайртай хүн маань нас барахад, биднийг тайвшруулах энэ түүхээс бид юу сурч мэдэж болох вэ? Бид Аврагчийн “гашуудах тэдний хамт гашуудаж, … мөн тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулдаг” гэх үлгэр жишээг хэрхэн дагах вэ? (Moзая 18:9). Бид үүнийг үйлдэхэд туслах юуг Сургаал ба Гэрээ 42:45–46-аас сурч мэдэж болох вэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Исаиа 25:8; 1 Коринт 15:20–22; Мозая 16:7–9; Алма 7:11–12; 11:42–44; 22:14; 28:12–14; 40:11–12
-
Даллин Х.Өүкс, “Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–76
-
Моисэс Вилланүэва, “Амьдралынхаа бүхий л өдөр Их Эзэний ээл хишгийг хүртсэн,” Лиахона, 2021 оны 11-р сар, 44–46
-