“12-р сарын 24. Есүс Христ намайг хайрлах хайраа хэрхэн харуулдаг вэ? Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023 (2022)
“12-р сарын 24. Есүс Христ намайг хайрлах хайраа хэрхэн харуулдаг вэ?,” Ирээд, Намайг дага—Аароны санваарын чуулгад болон Залуу эмэгтэйчүүдийн ангид зориулав: Сургаалын сэдвүүд 2023
12-р сарын 24
Есүс Христ намайг хайрлах хайраа хэрхэн харуулдаг вэ?
Христийн мэндэлсний баяр
Хамтдаа зөвлөлд
Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн ойролцоогоор 10–20 минут цуглааныг хөтлөн явуулна.
Цуглааны эхэнд Аароны санваарын чуулгын уриа, Залуу эмэгтэйчүүдийн уриаг хамтдаа хэлнэ. Дараа нь доорх асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг, аль эсвэл өөрийн асуултуудыг ашиглан авралын болон өргөмжлөлийн ажлын талаар ярилцлага өрнүүл (Ерөнхий гарын авлага, 10.2, 11.2-ыг үзнэ үү). Ярилцсан зүйлсийнхээ дагуу үйлдэх арга замыг төлөвлө.
-
Сайн мэдээний дагуу амьдар. Бид Есүс Христийг дагахдаа хэрхэн баяр баясгаланг олж байна вэ?
-
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Тойрог эсвэл орон нутагт маань хэнд туслалцаа хэрэгтэй байна вэ? Бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Бид номлолд үйлчлэхээр бэлдэхэд нь нэг нэгдээ хэрхэн тусалж чадах вэ?
-
Гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэ. Бид тойргийнхныхоо гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлыг хийх хүчин чармайлтад хувь нэмрээ хэрхэн оруулж чадах вэ?
Тохиромжтой гэж үзвэл, энэ хичээлийн төгсгөлд дараах зүйлсийг хийнэ үү. Үүнд:
-
Заасан зарчмуудыг гэрчил.
-
Цуглааны үеэр гаргасан төлөвлөгөө болон урилгын талаар чуулга, ангийн гишүүдэд сануул.
Сургаалыг заа
Насанд хүрсэн удирдагч эсвэл өсвөр үеийнхэн цуглааныг ойролцоогоор 25–35 минут хөтлөн явуулна.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Есүс Христ төрөхөөсөө өмнө агуу Иехова гэдгээрээ алдартай байсан. Тэр Эцэгийн “эхлэлээс Сонгогдсон Хайрт Хүү” (Мосе 4:2), алдар суу, ач ивээл, үнэнээр дүүрэн Тэр юм (Иохан 17:5; Сургаал ба Гэрээ 93:11-ийг үзнэ үү). Гэвч Түүнийг төрөхөд Мариа “тэжээлийн тэвшин дотор тавив. Учир нь дэн буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй” (Лук 2:7). Есүс Христ яагаад хамгийн дорд байдлаар дэлхий дээр ирэх байсан ч Аврагчийн үүргээ хүлээн авахад бэлэн байсан бэ? Энгийн хариулт нь Тэр бидэнд хайртай учраас юм. Нифай үзэгдэлд Аврагчийн төрөлтийг харахдаа тэрээр “хүмүүний үрсийн зүрхэнд хааяагүй түгэх Бурханы хайр; иймийн тул, энэ нь бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч буюу” (1 Нифай 11:22) хэмээн гэрчилсэн.
Христийн мэндэлсний баяр бол Аврагчийн төрөлтийг болон Түүний цагаатгагч золиос таныг хайрлах Түүний хайрыг хэрхэн харуулж байгааг тунгаан бодох онцгой цаг юм. Та өөрийн заадаг өсвөр үеийнхэнд Аврагчийн хайрыг мэдрэхэд нь туслахаар бэлдэж байхдаа, Лук 4:16–21; Иохан 3:16–17; 3 Нифай 27:13–16; ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Бурханы хайр” (Лиахона, 2021 оны 11-р сар, 16–19) захиасыг уншиж болох юм.
Хамтдаа суралц
Энэ жил танай анги, чуулгын Шинэ Гэрээг судлах хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед та тэднээс Аврагч эргэн тойрныхоо хүмүүст хайраа харуулсан Шинэ Гэрээний дуртай түүхүүдээс нь хуваалцахыг хүсэж болно. Та эдгээр түүхийн заримыг хамтдаа уншиж болно. Эдгээр түүх Аврагчийн биднийг хайрлах хайрын талаар бидэнд юу заадаг вэ? Аврагчийн хайрын талаар цаашид ярилцахад тань туслах дараах үйл ажиллагаануудыг ашигла.
-
Анги, чуулгынхаа гишүүдийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг хайрлах хайрыг гоёмсог цэцгийн баглаа мэт бодоход урь. Хүн бүрд цаас хайчилж хийсэн цэцэг өгч, “Нэмэлт эх сурвалж” дээрх судрын хэсгүүдийн аль нэгийг уншихыг тэднээс хүс. Тэднээс Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын биднийг хайрлах хайрын талаар олж мэдсэн зүйлээ цэцгэн дээрээ бичихийг хүс. Тэд сурч мэдсэн зүйлээ хуваалцахдаа цэцгүүдээ нийлүүлж баглаа болгож болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын биднийг хайрлах хайраа харуулдаг арга замуудыг бид хэрхэн илүү сайн таньж мэдэх вэ?
-
Хэд хэдэн дуулалд Аврагч биднийг хайрлах хайраа харуулсан арга замуудыг дүрсэлдэг (жишээлбэл: “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ,” Сүмийн дуулал, 70-р дуу). Анги, чуулгын гишүүд нэг дуулал сонгож, уг дуулалд дүрсэлсэнтэй төстэй байдлаар Аврагчийн хайрыг мэдэрсэн туршлагаа хуваалцаж болно. Аврагч биднийг хайрлах хайраа харуулсан өөр ямар ямар арга зам байна вэ? Христийн дагалдагчдын хувьд бид бусдад Түүний хайрыг мэдрэхэд хэрхэн тусалж чадах вэ?
-
Бурханы биднийг хайрлах хайрын тухай олон худал санаа энэ дэлхийд байдаг. Жишээлбэл: Зарим хүн баян чинээлэг, хөрөнгөтэй байвал энэ нь Бурхан тэднийг бусдаас илүү хайрладаг учраас тэр гэж боддог. Зарим хүн хэрвээ Бурхан биднийг үнэхээр хайрладаг бол Тэр биднийг байгаагаар нь хүлээн авч, биднээс өөрчлөгдөхийг шаардахгүй гэж бодож магадгүй. Бурханы хайрын тухай ямар хуурамч мэдээг бид сонссон бэ? Эдгээр худал мэдээллийг эсэргүүцэхийн тулд та өсвөр үеийнхнээс ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Бурханы хайр” захиасыг эсвэл ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн “Хайр ба хууль” (2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28–32) захиасыг уншихыг хүсэж болно. Бурханы биднийг хайрлах хайрыг ойлгоход туслах ямар ямар үнэнийг бид эдгээр захиаснаас олж мэдсэн бэ?
Итгэлээр үйлд
Өнөөдөр хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэхийн тулд юу хийхээ эргэцүүлэн бодоод, тэмдэглэхэд анги, чуулгын гишүүдийг урь. Хүсвэл анги, чуулгын гишүүд санал бодлоо хуваалцаж болно. Хүлээн авсан мэдрэмжийнхээ дагуу үйлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хэрхэн хүчирхэгжүүлдэг талаар бодоход тэднийг урь.
Нэмэлт эх сурвалж
-
Иохан 3:16–17; 15:9–13; Ром 8:35–39; Еврей 12:5–6, 9–11; 1 Нифай 11:21–23; Алма 7:11–12; 3 Нифай 11:13–17; Моронай 7:45–48
-
Майкл Жон Ү.Тэ, “Бидний хувийн Аврагч,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 101–103
-
Ахлагч Таниэла Б.Ваколо, “Бурхан хүүхдүүдээ хайрладаг,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96–98