“8-р сарын 19–25: ‘Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн.’ Алма 53–63,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)
“8-р сарын 19–25. Алма 53–63,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: 2024 (2023)
8-р сарын 19–25: “Түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн”
Алма 53–63
Леменчүүдийн армитай харьцуулахад нифай залуусаас бүрдсэн Хиламаны “багахан цэрэг” (Алма 56:33) ялалт байгуулах боломжгүй байв. Хиламаны цэргүүд тооны хувьд цөөхнөөс гадна “бүгд … маш залуу” бөгөөд “хэзээ ч тулалдаж байсангүй” (Алма 56:46–47). Тэдний нөхцөл байдал Сатаны болон дэлхийн хилэнцэт хүчнүүдийн эсрэг хожмын өдрүүдийн тулаанд тоо хэмжээний хувьд цөөдөж, цөхөрдөг бидний хувьд зарим талаараа танил санагдаж магадгүй.
Гэвч Хиламаны арми леменчүүдээс тоо хэмжээ эсвэл цэргийн ур чадвартай огтхон ч хамаагүй зарим нэг давуу талтай байжээ. Тэд бошиглогч Хиламаныг удирдагчаараа сонгож (Алма 53:19-ийг үзнэ үү); “хэрэв тэд эргэлзэхгүй аваас, Бурхан тэднийг чөлөөлнө гэдэгт тэд эхчүүдээрээ сургагдсан” (Алма 56:47) бөгөөд “сургагдсан түүндээ итгэх үлэмж итгэлтэй” байсан. Тиймээс тэд “Бурханы гайхамшигт хүчээр” (Алма 57:26) хамгаалагдсан байв. Тиймээс амьдралын дайн тохиоход бид зориг гаргаж чадна. Хиламаны арми “шударга Бурхан гэж буй, мөн эргэлзээгүй хэн боловч тэд түүний гайхамшигт хүчээр хамгаалагдан үлдсэн байна” (Алма 57:26) хэмээн бидэнд заасан.
Гэр орон болон Сүмд суралцах санаа
Алма 53:10–22; 56:43–49, 55–56; 57:20–27; 58:39–40
Бурханд итгэлтэй байх нь надад айдсаа давахад тусалдаг.
Хиламаны залуу дайчдад итгэл байгаагүй бол айх шалтгаан мундахгүй байсан. Гэхдээ тэд итгэлээсээ болоод улам зоригтой байх болсон. Та Алма 53–58 дээрээс тэдний тухай уншихдаа, айдастайгаа Христэд итгэх итгэлээр нүүр тулахад туслах зүйлсийг хайж ол. Дараах шүлгүүд дээр анхаарлаа хандуулахыг бод. Үүнд: Алма 53:10–22; 56:43–49, 55–56; 57:20–27; 58:39–40. Энэ хүснэгт олж мэдсэн зүйлсээ тэмдэглэхэд тусалж болох юм.
Хиламаны залуу дайчдын зан чанарууд: | |
Христэд итгэх итгэл нь ийм хүчтэй байсан шалтгаан: | |
Христэд итгэлээ хөгжүүлэхийн тулд тэдний хийсэн зүйлс: | |
Бурхан тэднийг хэрхэн адисалсан: |
Сүнслэг дайнд ялан дийлэхийн тулд бидэнд ч бас Есүс Христийн хүч хэрэгтэй. Та Түүний хүчийг хэрхэн авч чадах вэ? Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь” (2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 25) хэмээх захиаснаас хариултуудыг хайж ол. Та түүний зөвлөгөөг Хиламаны дайчдын хийсэн зүйлстэй харьцуулж болно.
Эдгээр зүйлийг судалсны дараа өөртөө тулгарч буй сүнслэг дайны талаар бодож үз. Та итгэлээ хөгжүүлэхийн тулд юу хийхээр сүнсээр өдөөгдсөн бэ?
Мөн Нийл Л.Андэрсэны “Шархадсан тэд” захиасыг 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 79-р хуудаснаас; “Итгэлдээ үнэнч бай” дууллыг Дуулал номын д. 134-өөс үзнэ үү;
Есүс Христийн дагалдагчид амархан гомддоггүй.
Хиламан, Пахоран хоёрт гомдох шалтгаан байсан. Хиламаны арми дэмжлэг туслалцаа авч чадахгүй байсан ба Моронай Пахораныг дэмжлэг үзүүлэхгүй байна гэж гүтгэсэн (Алма 58:4–9, 31–32; 60-ыг үзнэ үү). Алма 58:1–12, 31–37 болон Алма 61 дээрх тэдний хариу үйлдлийн юу нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ? Тэд яагаад ийм байдлаар хариулсан гэж та бодож байна вэ?
Ахлагч Дэвид А.Бэднар Пахораныг даруу байдлын жишээ болгон авч үзсэн бөгөөд “номхон дөлгөөн байдлын хамгийн ер бусын бөгөөд утга учиртай жишээнүүд Аврагчийн Өөрийнх нь амьдралд байдаг” хэмээн заажээ (“Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36). Аврагч хэрхэн даруу байдлыг харуулсныг тунгаан бод. Жишээ болгож, Матай 27:11–26; Лук 22:41–42; Иохан 13:4–17-г үзнэ үү. Та Түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Эргэн тойрон дахь хүмүүсийг дэмжиж туслах хариуцлага надад бий.
Хэрвээ Пахоран нифайчуудын их цэргийн хэрэгцээг санаатайгаар үл ойшоосон бол Бурхан түүнд хариуцлага хүлээлгэнэ гэж Моронай бичсэн. Та Алма 60:7–14-өөс гачигдалтай хүмүүсийг халамжлах талаар юу мэдэж авч болох вэ? Та бусдын хэрэгцээг илүү сайн мэдэж, тэдний хэрэгцээг хангахын тулд юу хийж чадах вэ?
Хэрэв бид даруу байх юм бол амьдралын сорилт бэрхшээл миний зүрх сэтгэлийг Бурхан руу хандуулна.
Түүхий өндөг, төмс хоёрыг буцалж буй усанд хий. Энэ нь сорилт бэрхшээл тань таныг “зөөлрүүлэх үү,” “хатууруулах уу” гэдгийг та өөрөө сонгоно гэдгийг авч үзэхэд тань тусална. Өндөг, төмс хоёроо буцалж байх хооронд Алма 62:39–51-ийг судлаад, хүмүүс удаан хугацаанд леменчүүдтэй дайтсаныхаа дараа Хиламаны тохинуулалд хэрхэн хандсаныг ажигла. Дараа нь та үүнийг тэд түүний 13 жилийн өмнөх номлолд хэрхэн хандаж байсантай харьцуулж болно (Алма 45:20–24-ийг үзнэ үү). Яг адилхан зовлон зүдгүүр нифайчуудад хэрхэн өөр өөрөөр нөлөөлсөн бэ? Өндөг, төмс хоёрыг гүйцэд болсны дараа өндгийг хальсалж, төмсийг зүсэж үзээрэй. Буцалж буй ус эдгээрт хэрхэн өөр өөрөөр нөлөөлсөн бэ? Бид зовлон зүдгүүрт хэрхэн хандахаа сонгох талаар та юу сурсан бэ? Та зовлон зүдгүүртэй байхдаа Бурхан руу хэрхэн ханддаг вэ?
Хүүхдүүдэд заах санаа
Би Хиламаны залуу дайчдын адил Бурханд итгэлтэй байж чадна.
-
Та Хиламаны цэргүүдийн түүхийг хуваалцахын тулд энэ тоймын зургуудыг болон “34-р бүлэг: Хиламан ба 2000 залуу дайчид” (Мормоны Номын түүхүүд, 93–94) гэх мэт маш олон эх сурвалжийг ашиглаж болно. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас Хиламаны армитай адилхан байх арга замуудыг бодоход хүүхдүүдэд тань тусалж чадна. Эхлүүлэх үед нь Алма 53:20–21-ээс залуу дайчдын зарим зан чанарыг тэднээр хуваалцуулахыг бод. Та нар мөн “Бид Түүний үнэнийг дэлхийд авчирна” (Хүүхдийн дууны ном, 92–93) дууг хамтдаа дуулж болно.
Би эцэг эхийнхээ зөв шударгаар заасан зүйлсэд үнэнч байж чадна.
-
Хиламаны залуу дайчид асар их сорилттой тулгарах үедээ ээжүүдийнхээ итгэлийг харж байв. Та Aлма 56:46–48-ыг хүүхдүүдтэйгээ хамт уншаад, тэдгээр залуу эрэгтэйн ээжүүд хүүхдүүддээ итгэлийн талаар юу гэж заасныг олж сонсоход тэднийг урь. Та тэднээс эцэг эхээсээ эсвэл итгэл даасан насанд хүрсэн хүмүүсээс Аврагчийн талаар юу сурсан тухай асууж болно. Яагаад эцэг эхээ “яг таг” дагах нь чухал вэ? (Алма 57:21).
-
Залуу дайчдын ээжүүдийн адил та хүүхдүүддээ Бурханд итгэлтэйгээ хэрхэн мэдүүлж чадах вэ? Нэг арга зам бол таны итгэл амьдралд тань хэрхэн нөлөөлж байгааг хуваалцах явдал юм. Жишээ нь: Тэр таныг “эргэлзээгүй” үед хэрхэн “чөлөөлдөг” вэ?
Би Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээнүүдээ сахиж чадна.
-
Танай хүүхдүүд хэн нэгэн тэдэнд амлалт өгөөд, биелүүлсэн талаар ярих боломжтой байж болох юм. Амлалтаа биелүүлсэн үед тэдэнд ямар санагдсан бэ? Та нар Алма 53:10–18-ыг уншаад, хүүхдүүдийг Хиламан, Аммоны хүмүүс болон Аммоны хүмүүсийн хөвгүүд хэрхэн амлалт эсвэл гэрээнд орж, эдгээрийг сахисан талаар хайж олоход урь. Та гэрээгээ сахих үед Тэнгэрлэг Эцэг таныг хэрхэн адисалдаг талаар хуваалц.
Би уурлахгүй байх сонголтыг хийж чадна.
Хийгээгүй ямар нэгэн зүйлийг хийсэн гэж буруутгагдаж байсан үеийнхээ талаар бодоход хүүхдүүдийг урих талаар бод. Ийм зүйлс Пахоранд хэрхэн тохиолдсон талаар тэдэнд ярьж өг (Алма 60–61; мөн “35-р бүлэг: Ахмад Моронай ба Пахоран”-ыг Мормоны Номын түүхүүдийн х. 95–97-оос үзнэ үү). Пахоран хэрхэн хариулсныг олж мэдэхийн тулд Алма 61:3–14-ийг ээлжлэн унш. Моронай Пахораныг буруутгахад тэр юу хийсэн бэ? (Алма 61:2–3, 8–9-ийг үзнэ үү). Бид Аврагчийн үлгэр жишээнээс уучлах талаар юу сурдаг вэ? (Лук 23:34-ийг үзнэ үү).