“Залуу арми,” Мормоны Номын түүхүүд (2023)
Залуу арми
Бурханд итгэсэн хөвгүүд
Нифайчууд леменчүүдтэй байлдаж, тэдэнд тусламж хэрэгтэй болов. Антай-нифай-лихайчууд туслахыг хүсжээ. Гэвч тэд дайтахгүй хэмээн Их Эзэнд амласан байв. Тэдний хоёр мянган залуу хөвгүүн энэ амлалтыг өгөөгүй байлаа. Харин тэдгээр хөвгүүн гэр бүлээ хамгаална гэж амласан аж. Тэдгээр хөвгүүд залуу цэргүүд гэж нэрлэгдэв.
Залуу цэргүүд бошиглогч Хиламанаар удирдуулахыг сонгожээ. Тэд леменчүүдийн армитай харьцуулбал цөөхүүлээ байлаа. Гэвч Хиламан залуу дайчдыг үнэнч, зоригтой, итгэлтэй гэдгийг мэдэж байв. Хиламаны удирдлага доор тэд нифайчуудад тусалсан аж.
Алма 53:19–22; 56:9–10, 17, 19
Нифайн цэргүүд ядарч байлаа. Гэвч залуу дайчдыг ирэхэд нифайчууд баярлав. Залуу арми тэдэнд итгэл найдвар, хүч чадлыг өгчээ. Тэд хамтдаа леменчүүдтэй тулалдахад бэлтгэв. Залуу дайчдын эцэг эхчүүд тэдэнд хоол хүнс, хангамж авчран тусалжээ.
Леменчүүд олон хотыг эзэлж, тэндээ цэргүүдээ байрлуулсан байжээ. Нифайн удирдагчид леменчүүдийг тухайн хотуудын нэгээс гаргахыг хүсэж байв. Тэд төлөвлөгөө гаргаж, залуу дайчдаас тусламж хүссэн аж.
Залуу цэргүүд ойролцоох хотод амьдардаг нифайчууд руу хоол хүнс зөөж буй дүр үзүүлэв. Леменчүүд тэрхүү цөөн хүмүүсийг хараад хотоо орхин залуу дайчдын араас хөөлөө. Тэднийг олзлох нь хялбар байна гэж леменчүүд бодсон аж.
Залуу цэргүүд леменчүүдээс зугтлаа. Тэгээд нифайн арми леменчүүдийг элдэж эхлэв. Леменчүүд нифайчуудыг өөрсөд дээр нь ирэхээс өмнө залуу дайчдыг барихыг хүссэн аж. Нифайчууд залуу дайчдыг аюулд орсныг хараад тэдэнд туслахаар яаравчлан жагслаа.
Хэсэг хугацааны дараа залуу цэргүүд леменчүүдийг харж чадахаа болив. Тэд нифайчууд леменчүүдийг гүйцээд тулалдаж байж магад гэж боджээ.
Хиламаны санаа зовов. Тэр леменчүүдийг өөрсдийг нь урхинд оруулж магад гэж бодлоо. Тэр залуу цэргүүдээсээ леменчүүдтэй тулалдах эсэхийг нь асуув.
Залуу цэргүүд эхчүүдийнхээ өөрсдөд нь заасан зүйлсийг санаж байлаа. Эхчүүд нь тэдэнд Бурханд итгэхийг мөн Бурхан тэднийг хамгаалах учраас эргэлзэхгүй байхыг заажээ. Энэ хөвгүүд Бурханд итгэж, гэр бүлээ хамгаална гэсэн амлалтаа биелүүлэхийг хүсэж байлаа. Тэд Хиламанд явж тулалдахад бэлэн байгаагаа хэлэв.
Тэдний эр зориг Хиламаныг гайхшируулав. Тэр тэднийг буцаад леменчүүдтэй байлдахад удирдлаа.
Залуу цэргүүд леменчүүд ба нифайчуудын хоорондоо дайтахыг харав. Нифайчууд ядарсан байлаа. Залуу цэргүүдийг ирэх үед тэд бараг бууж өгөх гэж байжээ.
Залуу цэргүүд Бурханы хүчээр тулалдав. Леменчүүд тэднээс айн байлдахаа зогсоолоо. Залуу цэргүүд тулаанд ялалт авчрахад тусалжээ.
Тулаанд нифайчууд болон леменчүүд олноороо үрэгджээ. Хиламан залуу цэргүүдээс амь эрсэдсэн хүн байж магад хэмээн санаа зовлоо. Тулааны дараа Хиламан хүн бүрийг тоолов. Залуу дайчдаас нь нэг ч хүн үхээгүй байгааг мэдээд тэр маш их баярлажээ. Бурхан тэднийг хамгаалсан байлаа.
Залуу цэргүүдтэй олон хөвгүүн нэгдэв. Тэд нифайчуудад тулалдахад нь тусалсаар байлаа. Өөр тулаануудад залуу цэргүүд гэмтэж шархадсан ч гэсэн нэг нь ч амь эрсэдсэнгүй. Тэд эхчүүдийнхээ өөрсдөд нь заасан зүйлсийг мартаагүй юм. Тэд Бурханд итгэсэн тул Бурхан тэднийг хамгаалжээ.