“Алма, Амюлек, Зиезром нар,” Мормоны Номын түүхүүд (2023)
Алма, Амюлек, Зиезром нар
Бурханд итгэж, Түүнийг дуулгавартай дагахыг сонгох нь
Алма Сүмийн олон гишүүн Бурханы зарлигуудыг дагахгүй байгааг харжээ. Тиймээс Алма Бурханы үгийг зааж хотоос хот руу явав. Олон хүн наманчлав. Тэгээд Алма Аммонайха хэмээх хотод ирлээ. Тэндхийн хүмүүс түүнийг сонссонгүй. Тэд түүн рүү нулимж, түүнийг хотоос хөөн гаргажээ.
Алма хотоос явахдаа гунигтай байлаа. Тэр хүмүүсийн төлөө шаналж байв. Дараа нь тэнгэр элч түүн дээр ирэв. Алма Бурханд дуулгавартай байсан тул аз жаргалтай байх болно хэмээн тэнгэр элч түүнд хэлжээ. Тэнгэр элч Алмад хот руу буцаж очоод, хүмүүст сэрэмжлүүл гэж хэлэв. Хэрэв тэд наманчлахгүй бол устгагдах байлаа. Алма яаран буцаж очив.
Алма хотод ирээд маш их өлсөж байв. Тэр олон өдрийн турш мацаг барьсан байлаа. Алма Амюлек хэмээх нэгэн эрээс хоол гуйсан аж.
Амюлек үзсэн үзэгдлийнхээ талаар Алмад хэлжээ. Уг үзэгдэлд, Алмаг Бурханы бошиглогч гэдгийг тэнгэр элч Амюлект хэлсэн байв. Амюлек Алмад туслахыг хүсжээ.
Амюлек Алмаг гэртээ оруулж, түүнд идэх хоол унд өгөв. Алма Амюлекийн гэрт олон өдөр байлаа. Бурхан Амюлекийг болон түүний гэр бүлийг адислав. Дараа нь Бурхан Алма, Амюлек хоёрт тэр хотын хүмүүст наманчил гэж хэл гэжээ . Алма, Амюлек хоёр дуулгавартай дагав. Бурхан тэдэнд заахад туслах Өөрийн хүчийг өгчээ.
Тэдний зааж байгаа зүйлийг сонссон хүмүүсийн нэгийг Зиезром гэдэг байв. Тэр маш ухаантай хүн байсан ба Алма, Амюлек хоёрыг хуурахыг хүсэж байлаа. Зиезром Амюлект хэрэв Бурхан байдаггүй гэж хэлбэл өөрт нь их мөнгө өгнө гэж хэлэв. Тэр хүмүүсийг Амюлек, Алма хоёрын заасан зүйлд итгүүлэхгүйн тулд Амюлекаас худал хэлэхийг хүссэн аж.
Алма 10:29–32; 11:21–25; 12:4–6
Гэвч Амюлек Бурханы тухай худал хэлэхээргүй байв. Тэр Бурхан байдаг гэж хэлэв. Амюлек, Алма хоёр Зиезромын бодлыг мэдэж байлаа. Зиезром гайхширч, тэднээс олон асуулт асуув. Тэд Зиезромд Бурханд бүх хүнд зориулсан төлөвлөгөө байгаа гэдгийг заажээ. Бурхан, Есүс Христ хоёрын тухай Алма, Амюлек хоёрын заасан зүйлд Зиезром итгэв.
Алма 11:23–46; 12:1–18, 24–34; 14:6–7; 15:6–7
Зиезром хийсэн муу зүйлүүддээ үнэхээр их гэмшжээ. Тэр өвчин тусав. Алма, Амюлек хоёр түүн дээр очлоо. Есүст итгэх итгэлийнхээ улмаас Зиезром эдгэрэх болно гэж Алма хэлэв. Алма Бурханаас түүнийг эдгээж өгөхийг гуйлаа. Зиезром хөл дээрээ үсрэн босов. Тэр эдгэрсэн байв! Тэр баптисм хүртэж, үлдсэн амьдралынхаа турш хүмүүст заасан юм.