“Ахмад Моронай ба Зарахемна,” Мормоны Номын түүхүүд (2023)
Ахмад Моронай ба Зарахемна
Дайн ба энх тунх амьдрах амлалт
Зарахемна леменчүүдийн армийн удирдагч байв. Тэр нифайчуудын дээр засаглаж, тэднээр өөрийн хүмүүст үйлчлүүлэхийг хүсэж байлаа. Зарахемна нифайчууд руу дайрахаар армиа удирдав.
Нифайчууд гэр орноо, гэр бүлээ, шашнаа хамгаалахыг хүсэж байлаа. Тэд хэрэв леменчүүд тэднийг удирдвал тэд Их Эзэнийг шүтэж чадахгүй болно гэдгийг мэдэж байв. Нифайчууд дайснуудтайгаа тулалдахыг сонгосон аж.
Моронай гэдэг нэгэн эр нифайчуудын армийн ахмад байлаа. Моронай армиа байлдахад бэлдэв.
Моронайн цэргүүд зэвсэг агссан байсан ба Моронай тэдэнд өөрсдийгөө хамгаалах хуяг бамбай өгчээ.
Моронай леменчүүдтэй тулалдахаар армиа авчрав. Гэвч леменчүүд нифайчуудын хуяг дуулгыг хараад дайтахаасаа айжээ. Леменчүүд нимгэн хувцаснаас өөр зүйлгүй байсан ба тэдэнд өөрсдийгөө хамгаалах хуяг байсангүй.
Леменчүүд явав. Тэд нифайн өөр нэг нутаг руу гэтэхээр оролджээ. Тэд Моронай өөрсдийг нь хаашаа явсныг мэдэхгүй гэж бодсон аж.
Гэвч леменчүүдийг явангуут Моронай тэднийг мөрдүүлэхээр тагнуулуудаа илгээв.
Тэгээд Моронай Алма бошиглогч руу зурвас илгээв. Тэр Алмагаас леменчүүдийн юу хийхээр төлөвлөж байгааг Их Эзэнээс асуухыг хүсжээ. Их Эзэн Алмад леменчүүд Мантай хэмээх сул дорой нутаг руу дайрахаар төлөвлөж байна гэж хэллээ. Моронай Алмаг сонсов. Тэр леменчүүдийн эсрэг тулалдахаар армиа залав.
Хоёр арми дайтлаа. Леменчүүд их хүчтэй мөн ууртай байв. Нифайчууд леменчүүдээс айгаад зугтах гэж байлаа. Гэвч Моронай тэдэнд гэр бүлүүдийг нь мөн итгэлийг нь сануулсан тул тэд үргэлжлүүлэн тулалдав.
Нифайчууд Их Эзэнээс тусламж гуйн залбирав. Их Эзэн тэдний залбирлуудад хариулж тэдэнд агуу хүчийг өгсөн аж. Одоо харин леменчүүд айж эхэллээ. Тэд гацаанд орж зугтаж чадахгүй болов. Моронай леменчүүдийн айхыг хараад цэргүүддээ тулалдахаа боль гэж хэлэв. Моронай леменчүүдийг хөнөөхийг хүссэнгүй.
Моронай Зарахемнад хэрэв леменчүүд нифайчуудын эсрэг дахин хэзээ ч байлдахгүй гэж амлавал тэднийг зүгээр явуулна гэлээ. Зерахемна уурлан үргэлжлүүлэн байлдахыг оролдсон ч Моронайн цэргүүдийг дийлж чадсангүй. Тэгээд Зарахемнагийн арми дайн тулаангүй амьдрахаа амлаж, Моронай тэднийг явуулав.