“Жаред ба түүний гэр бүл,” Мормоны Номын түүхүүд (2023)
Жаред ба түүний гэр бүл
Их Эзэнээр удирдуулсан аялал
Жаред ба түүний гэр бүл Есүс Христийг төрөхөөс олон мянган жилийн өмнө Бабелд амьдарч байв. Тэд Их Эзэнийг дуулгавартай дагадаг байлаа. Гэвч Бабелын ихэнх хүн Их Эзэнд дуулгавартай байсангүй. Тэд тэнгэрт хүрэхийн тулд нэгэн цамхаг барьж эхэлжээ. Хүмүүс бие биеэ ойлгохгүй байж болохын тулд Их Эзэн тэдний хэлийг өөрчилсөн аж.
Жаред нэг ахтай байв. Их Эзэн Жаредын ахад итгэдэг байлаа. Жаред ахаасаа Бурханд залбирч тусламж гуйхыг хүсэв. Жаредын ах залбирч, гэр бүл, найз нөхдийнхөө хэлийг өөрчлөхгүй байхыг Их Эзэнээс гуйжээ. Ингэснээр тэд бие биеэ ойлгож чадах байв.
Их Эзэн хайраар дүүрэн, сайхан сэтгэлтэй. Тэрээр Жаредын гэр бүл, найз нөхдийн хэлийг өөрчилсөнгүй. Хожим нь, Их Эзэн тэдэнд зориулан онцгой нутгийг бэлдсэн гэдгээ Жаредын ахад хэлжээ. Их Эзэн тэднийг тийш удирдах болно гэв.
Жаред ба түүний ах гэр бүл, найз нөхдөө цуглуулав. Тэд мөн өөрсдийн мал болон бүх төрлийн үр цуглуулжээ. Тэгээд тэд гэр орноо орхин явж, аглаг буйдаар аялав. Их Эзэн тэдэнтэй үүлэн дундаас ярьж, тэднийг удирдсан аж.
Тэд урт хол аяны эцэст тэнгисийн эрэг дээр хүрч иржээ. Тэд тэнгисийн эрэг дээр дөрвөн жил амьдрав. Жаредын ах удаан хугацааны турш Их Эзэнд хандан залбирсангүй.
Их Эзэн дахин залбирахыг Жаредын ахад хэлэв. Жаредын ах наманчлан, Их Эзэнд залбирлаа. Их Эзэн түүнийг өршөөсөн аж.
Их Эзэн Жаредын ахад хөлөг буюу усан онгоц барихыг заажээ. Гэр бүлүүд далайг гатлан амлагдсан нутаг руу тэдгээр хөлгийг жолоодон явах юм.
Жаредын ах ба түүний гэр бүл хөлгүүдийг хийжээ. Тэрээр хөлгүүд дотор гэрэл байхгүйг олж харав. Тэрээр Их Эзэнээс харанхуйд далайг гатлах хэрэгтэй эсэхийг асуулаа. Их Эзэн Жаредын ахад усан онгоцнуудад гэрэлтэй байх арга замыг бодож ол гэв.
Жаредын ах 16 ширхэг жижиг тунгалаг чулуу хийв. Тэрээр Их Эзэнээс тэдгээрт хүрч, гэрэлтүүлж өгөхийг хүсчээ. Их Эзэн гараа сунган, хуруугаараа чулуунуудад нэг бүрчлэн хүрэв. Жаредын ах Их Эзэний хурууг харж чадав. Тэрээр Их Эзэн өөртэй нь адил биетэй байгаад ихэд цочирджээ.
Их Эзэн Жаредын ахыг агуу итгэлтэй байна гэв. Тэгээд Их Эзэн гарч ирж, сүнсэн биеэ Жаредын ахад үзүүлэв. Их Эзэн “Би бол Есүс Христ” гэлээ. Тэрээр Өөрийгөө Аврагч байхаар сонгогдсон гэж хэлэв. Тэрээр Жаредын ахад өөр олон зүйлийг заасан аж.
Жаредын ах гэр бүл, найз нөхөд рүүгээ буцаж очжээ. Тэрээр Их Эзэнтэй хамт байхдаа сурч мэдсэн зүйлээ бичив. Тэр бас чулуунуудыг хөлгүүдэд байрлууллаа. Одоо тэд аян замдаа гэрэлтэй байх болжээ.
Гэр бүлүүд далайг гатлахаар хөлгүүдэд суув. Их Эзэн тэднийг харж хандана гэдэгт тэд найдав. Давлагаа, шуурга олон байлаа. Ус заримдаа хөлгүүдийг бүрмөсөн бүрхдэг байв. Гэвч тэд залбирч, Их Эзэн тэднийг усны мандал дээр буцаан гаргадаг байлаа. Тэд Их Эзэнд хандан талархлын дуу олныг дуулжээ.
Бараг жилийн дараа тэд Их Эзэний амласан нутагт хүрч ирлээ. Тэд баярласандаа уйлж, Түүнд талархав.