“Есүс хүмүүст заасан нь,” Мормоны Номын түүхүүд (2023)
Есүс хүмүүст заасан нь
Түүний сайн мэдээг сурахад тусалсан нь
Америк дахь хүмүүс Есүс Христийг харж, Түүний заахыг сонсоод баяртай байв. Тэд Аврагчийг ирэхийг олон жил хүлээсэн ажээ.
Есүс Иерусалимын ойролцоо хүмүүст заасантай адил олон зүйлийг тэдэнд заажээ. Тэр тэдэнд итгэлтэй байж, наманчлан, баптисм хүртэхийг заав. Хэрэв хүмүүс эдгээр зүйлийг хийвэл Бурхан тэдэнд Ариун Сүнсийг илгээх болно. Есүс тэдэнд яаж залбирахыг заажээ. Тэр тэднээс бусдыг уучлахыг гуйв. Тэр тэднийг бусдад үлгэр жишээ үзүүлэхийг хүслээ.
3 Нифай 11:31–39; 12:22–24, 44; 13:5–14; 17:8; 18:15–24
Есүс хүмүүсийг гэртээ харьж, Түүний тэдэнд заасан зүйлийг ойлгоход нь туслахын тулд Бурханд хандан залбир гэв. Тэр маргааш нь эргэж ирнэ гэдгээ хэллээ.
Тэр шөнө ард олон Есүсийг харсан гэдгээ хүмүүст хэлэв. Тэд Түүний хэлсэн, хийсэн зүйлийн тухай ярив. Олон хүн Есүсийг харахаар шөнөжин явж иржээ.
Маргааш нь хүмүүс Есүсийн арван хоёр шавьтай хамт цуглав. Шавь нар нь Есүсийн заасан бүх зүйлийг хүмүүст заалаа. Тэд газар өвдөг сөгдөн залбирав.
Тэгтэл Есүс ирэв. Тэр шавь нарынхаа болон хүмүүсийн төлөө залбирчээ. Шавь нар нь ч бас залбирав. Тэд Аврагч шиг гэрэл цацруулж эхэлсэн аж. Есүс баяртай байлаа. Түүнд итгэлтэй байсны улмаас шавь нар нь цэвэр ариун болсон байв. Есүс дахин залбирч, Түүнийг гайхалтай зүйлс хэлэхийг хүмүүс сонсов.
Дараагийн хэдэн өдөр Есүс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай хүмүүст олон зүйлийг заажээ. Тэр бас тэдэнд ариун ёслолыг түгээв. Уг нутгийн бүх хүн Есүс Христэд итгэж, баптисм хүртсэн аж. Тэд Ариун Сүнсний бэлэг хүлээн авчээ.
Хүмүүс бие биедээ тусалж, байгаа бүхнээ хуваалцав. Тэд Есүсийн зарлигласан бүхнийг биелүүлжээ. Тэд Христийн Сүм гэж нэрлэгдэв. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэ хүмүүст маш их баярлаж байлаа.