“Есүсийн төрөлтийн тэмдгүүд,” Мормоны Номын түүхүүд (2023)
Есүсийн төрөлтийн тэмдгүүд
Бошиглогчийн сургаалд итгэх итгэл
Бошиглогч Самуел Есүс Христийн төрөлтийн тэмдгүүдийн тухай зааснаас хойш тав орчим жил өнгөрчээ. Олон хүн итгэж, өнөөх тэмдгүүдийг хүлээв. Зарим хүн Самуелийн буруу, тэмдгүүд ирэх цаг аль хэдийн өнгөрсөн гэцгээж байв. Тэд итгэсэн хүмүүсийг шоолж, Есүс ирэхгүй гэлээ.
Итгэгчид санаа зовсон ч итгэлтэй хэвээр байв. Тэд тэмдгүүдийг харж хүлээсээр байлаа. Нэг тэмдэг нь харанхуй болохгүйгээр шөнө болох байв. Нар жаргасан ч өдөр мэт гэгээтэй байх байсан аж. Харанхуй болохгүйгээр шөнө болох нь маргааш Есүс өөр нэг газар мэндлэх болно гэсэн тэмдэг байв.
Итгээгүй хүмүүс нэг зүйл төлөвлөжээ. Тэд нэг өдөр сонгоод, хэрэв тэр өдөр өнөөх тэмдэг үзэгдэхгүй бол итгэгчдийг хөнөөхөөр болов.
Тэр үед Нифай гэдэг нэртэй бошиглогч байжээ. Зарим хүн итгэгчдийг хөнөөх гэж байгааг хараад тэр маш их шаналав.
Нифай газарт бөхийн, итгэлийнхээ учир үхэлд хүргэгдэх гэж байгаа итгэгчдийн төлөө Бурханд хандан залбирлаа. Тэр өдөржингөө залбирав.
Нифай залбирлынхаа хариуд Есүсийн дуу хоолойг сонсов. Есүс уг тэмдэг энэ шөнө тохиох ба Тэрээр маргааш нь мэндлэх болно гэжээ.
Тэр шөнө нар жаргасан ч харанхуй болсонгүй. Самуелийн үгэнд итгээгүй хүмүүс ихэд алмайрч газарт унацгаав. Тэд үүнд итгээгүй байсан учраас маш их айжээ. Итгэсэн хүмүүсийг хөнөөсөнгүй.
Дараа өдөр нь нар дахин мандаж тэнгэр гэгээтэй хэвээр байв. Бүх хүн энэ бол Есүсийн мэндлэх өдөр гэдгийг мэдэв.
Хүмүүс өөр нэгэн тэмдгийг харжээ. Тэнгэрт нэгэн шинэ од үзэгдэв. Самуелийн хэлсэн бүх тэмдэг биелсэн аж. Маш олон хүн Есүст итгэж баптисм хүртлээ.