“Эрх чөлөөний туг,” Мормоны Номын түүхүүд (2023)
Эрх чөлөөний туг
Бурхан итгэх эрхээ хамгаалсан нь
Амаликая том биетэй, хүчирхэг нифай үндэстэн байв. Тэр хаан байхыг хүссэн аж. Тэр өөрт нь тусалсан хүмүүст эрх мэдэл олгох болно гэв. Тэр олон хүнд таалагдсан ба хүмүүс түүнийг дагахыг бусдад уриалж байлаа. Амаликая хүмүүсийг муу зүйл хийхэд удирдав. Тэр болон түүний дагагчид Есүс Христийн тухай заасан хүмүүсийг хөнөөхийг хүсэж байлаа.
Нифайн армийн ахмад Моронай Есүст итгэдэг байв. Нифайчууд Бурханы зарлигуудыг дагасан учир адислагдсан гэдгийг тэр мэдэж байлаа. Амаликаяа хүмүүсийг Бурханаас холдуулж, хаан болохыг эрмэлзэн, бусдыг гэмтээхийг оролдож байгаад тэр маш их уурлав.
Моронай нөмрөгөө урав. Тэр үүн дээрээ хүмүүс Бурханаа, эрх чөлөөгөө, мөн гэр бүлээ санах ёстой гэж бичлээ. Тэгээд тэр үүнийг саваа модонд уяж эрх чөлөөний туг гэж нэрлэв. Моронай Бурханы адислалыг гуйн залбирсан аж. Тэр нифайчуудад эрх чөлөөний тугийг үзүүлж тэднээс Амаликаяагийн эсрэг тулаанд нэгдэхийг хүсэв.
Хүмүүс хуяг дуулгаа өмсөн Моронай руу очив. Тэд Бурхан, гэр орон, гэр бүл, эрх чөлөөнийхөө төлөө тулалдахад бэлэн байв. Тэд үргэлж Бурханыг дагах болно хэмээн гэрээ байгуулж амлалт өглөө. Тэгээд тэд Амаликаяатай тулалдахад бэлэн болжээ.
Моронайн арми олуулаа байлаа. Амаликая айв. Тэр дагагчидтайгаа хамт зугтахаар оролдлоо. Гэвч нь тэдний олон нь Амаликаяаг буруу зүйлийн төлөө байлдаж байна гэж сэрдэв. Олон хүн түүнийг дагахаа больж байлаа. Моронайн арми Амаликаяаг дагасаар байсан хүмүүсийг зогсоохыг оролдсон боловч Амаликая цөөн хэдэн хүний хамт зугтаж чаджээ.
Амаликая леменчүүдийн нутагт ирэв. Тэр леменчүүдээс нифайчуудын эсрэг тулалдахад туслахыг хүслээ. Тэгээд тэр илүү том, илүү хүчирхэг армитай болжээ. Тэр олон лемен хүнийг нифайчуудын эсрэг уурлуулж чадав. Леменчүүдийн хаан леменчүүдэд нифайчуудын эсрэг байлдахад бэлтгэ гэж хэлэв.
Амаликая хааны тааллыг хүртэв. Хаан Амаликаяаг леменчүүдийн армийн удирдагчдын нэг болгожээ. Гэвч Амаликая илүү их эрх мэдэл хүсэж байлаа.
Амаликая леменчүүдийг удирдлагадаа авахаар төлөвлөлөө. Тэр леменчүүдийн армийг бүхэлд нь өөрийн удирдлага доор авав. Дараа нь тэр зарцаараа хааныг алуулж, хэн үүнийг хийсэн талаар худал хэлүүлсэн аж.
Хааныг алуулсанд Амаликая уурлаж буй дүр үзүүллээ. Амаликая леменчүүдэд таалагдав. Тэр хатантай гэрлэж, шинэ хаан болжээ. Тэр нифайчуудыг ч бас захирахыг хүслээ. Тэр леменчүүдийг нифайчуудын эсрэг хилэгнүүлэхийн тулд нифайчуудыг муулав. Удалгүй леменчүүд тэдэнтэй байлдахыг хүсжээ.
Амаликая худал хэлж, эрх мэдэл олж авч байх үед Моронай нифайчуудыг Бурханд итгэхийг уриалав. Тэр тус нутгийн цамхаг бүр дээр эрх чөлөөний тугийг байрлуулж тэдэнд амлалтыг нь сануулжээ. Моронайн арми нифайн хотуудыг дайнд бэлтгэв. Тэд хотуудыг аюулгүй мөн бат бөх байлгахын тулд хэрэм босгож, нуувч ухжээ.
Леменчүүд тулалдахаар ирсэн ч нифайн хотууд руу орж чадсангүй. Моронайн армийн барьсан хэрмүүд, жалгууд тэднийг зогсоожээ. Олон лемен нифайчууд руу дайрах үедээ үхэв. Амаликая маш их уурлажээ. Тэр Моронайг алахаар тангараглав.
Нифайчууд өөрсдөд нь туслан хамгаалсан Бурханд талархав. Тэд хотуудаа улам аюулгүй болгож, нэмж хотууд барьжээ. Леменчүүдтэй хийсэн дайн үргэлжилсэн ч Бурхан Моронай болон түүний армид нифайчуудыг хамгаалахад туслав. Нифайчууд баяртай байлаа. Тэд Бурханд дуулгавартай байж, Түүнд итгэлтэй хэвээр үлдэв.