“Бошиглогч Моронай,” Мормоны Номын түүхүүд (2023)
Бошиглогч Моронай
Есүс Христийн цэвэр хайртай байх нь
Моронай нифайчуудын сүүлчийн бошиглогч байв. Тэрээр нифайчууд болон леменчүүдийн хоорондох томоохон дайнд тулалджээ. Түүний гэр бүл, таньдаг бүх хүн дайнд нас барав. Уг нутгийн ард түмэн ёс бус байлаа. Тэд Есүс Христэд итгэсэн хэнийг ч болов хөнөөжээ. Моронай Есүст итгэдэг байв. Тэрээр Есүс бол Аврагч гэдгийг үгүйсгээгүй.
Моронайн эцэг Мормон хүмүүсийнхээ түүхийг төмөрлөг ялтаснууд дээр бичиж байжээ. Мормон нас барахынхаа өмнө ялтаснуудыг Моронайд өгсөн аж. Моронай өөрийн амийг болон ялтаснуудыг хамгаалахын тулд нуугдах хэрэгтэй болов.
Мормон 6:6; 8:1–5, 13; Моронай 1:1–3
Моронайн амьдрал хэцүү байсан ч тэр итгэлтэй хэвээр үлдсэн юм. Тэрээр Мормоны заасан энэрэл буюу Христийн цэвэр хайрын тухай бичиж авав. Хүмүүс энэхүү хайрыг хүлээн авахын тулд зүрх сэтгэлийнхээ бүхий л эрч хүчээр Бурханд хандан залбирах ёстой гэж Мормон хэлжээ. Есүсийг үнэхээр дагадаг хүмүүст Бурхан энэрлийг өгдөг гэж тэр хэлсэн.
Moронай 7:32–33, 40–48; 10:20–21, 23
Леменчүүд Моронайн мэддэг хүн бүрийг хөнөөж, түүнийг ч мөн алахыг эрэлхийлж байсан ч тэр тэднийг хайрласаар байв. Тэрээр ирээдүйд леменчүүдэд туслахын тулд төмөрлөг ялтаснууд дээр олон зүйлийг бичжээ. Тэд нэгэн өдөр уг цэдгийг уншиж, Есүст дахин итгэнэ гэж тэр найдаж байв.
Мормон 8:1–3; Moронай 1:1–4; 10:1
Моронай уг цэдгийг уншсан бүх хүнийг хайраар дүүрэн Бурхан хүүхдүүдээ хэрхэн хайрлаж халамжилж байсныг дурсан санахад урьсан. Тэр уг цэдэг үнэн эсэхийг Бурханаас залбирч асуухыг тэднээс хүссэн. Хэрэв тэд Есүст итгэлтэй байж, үнэхээр мэдэхийг хүсвэл Бурхан тэдэнд үнэнийг мэдүүлэх болно гэжээ. Тэд үүнийг Ариун Сүнсний хүчээр мэдэх болно.
Мормоны Номын удиртгал; Моронай 10:1–5
Моронай цэдгийг бичиж дуусгав. Тэгээд тэрээр төмөрлөг ялтаснуудыг газарт булжээ. Есүс Моронайд ялтаснууд дээр бичигдсэн түүх хэзээ нэгэн өдөр дэлхий даяарх Бурханы хүүхдүүдийн амьдралыг адислах болно гэж хэлэв.
Олон жилийн дараа төмөрлөг ялтаснуудыг булсан газрыг Иосеф Смит хэмээх залуу хөвгүүнд үзүүлэхээр тэнгэр элч Моронайг Бурхан илгээжээ. Иосеф бошиглогч байхаар Бурханаар дуудагдсан. Бурхан Иосеф Смитэд ялтаснуудыг орчуулахад тусалж, хүмүүс тэдгээр дээр бичигдсэн зүйлсийг унших боломжтой болов. Энэхүү цэдгийг эдүгээ Мормоны Ном гэж нэрлэдэг.