“Бошиглогч Самуел,” Мормоны Номын түүхүүд (2023)
Бошиглогч Самуел
Есүсийн төрөлт ба үхлийн тухай заасан нь
Самуел хэмээх лемен үндэстэн бошиглогч Зарахемла дахь нифайчуудад заахаар ирэв. Тэрээр наманчлалын талаар заажээ. Нифайчууд түүнийг сонсоогүй бөгөөд түүнийг хотоос хөөв.
Самуел ард түмэн рүүгээ буцах гэж байв. Гэвч Их Эзэн түүнд нифайчуудад заахаар эргээд яв гэж хэлжээ.
Их Эзэн Самуелд юу гэж хэлэхийг нь зааж өгнө гэлээ. Самуел Их Эзэнийг дуулгавартай дагав. Тэрээр Зарахемла руу буцжээ. Гэвч нифайчууд түүнийг хотод орохыг зөвшөөрсөнгүй.
Самуел хотын хэрмэн дээр авирч гарав. Тэрээр Их Эзэний зүрх сэтгэлд нь суулгасан зүйлсийг хэлжээ. Тэд муу зүйлс хийж байгаа учраас устгагдах болно гэдгийг тэрээр хүмүүст анхааруулав. Тэр зөвхөн наманчлал, мөн Есүс Христэд итгэх итгэл тэднийг аварч чадна гэдгийг хэлжээ. Тэрээр Бурханы Хүү Есүс таван жилийн дараа төрөх болно гэж хэлэв.
Хиламан 13:4–11; 14:2, 8, 12–18
Самуел Есүсийн төрөлтийн тэмдгүүд байх болно гэв. Тэрээр хүмүүст тэр тэмдгүүдийг олж хараарай гэжээ. Нэг тэмдэг нь шөнө болсон ч харанхуй болохгүй байх болно. Өөр тэмдэг нь тэнгэрт шинэ од үзэгдэж, олон гайхамшигт зүйл харагдах болно.
Самуел хүмүүсийг Есүст итгэлтэй байгаасай гэж хүсэв. Хэрэв хүн бүр наманчилбал тэд аврагдаж болохын тулд Есүс үхэж, мөн амилах болно гэж тэр хэлжээ.
Самуел Есүсийн үхлийн тэмдгүүд байх болно гэв. Хүмүүс нар, сар, оддыг харж чадахгүй байх болно. Гурав хоногийн турш гэрэлгүй байх болно.
Аянга бууж, цахилгаан цахих болно. Газар хөдөлж, хотууд сүйрэх болно.
Зарим хүн Самуелд итгэсэн боловч олон нифай хүн түүнд уурлав. Тэд түүн рүү чулуу шидэж, нум сум харвалаа. Их Эзэн Самуелыг хэрмэн дээр зогсож байхад нь хамгаалжээ. Чулуу, сумны аль нь ч түүнийг онож чадсангүй.
Хэн ч Самуелыг онож чадахгүй байсан учир өөр олон хүн түүний үгэнд итгэжээ. Гэвч хүмүүсийн ихэнх нь уурласан хэвээр байв. Тэд Самуелыг барьж авч, хүлэхийг оролдлоо. Самуел зугтаж, гэртээ харьсан аж. Тэрээр ард түмэндээ заасаар байлаа.
Самуелд итгэсэн нифайчууд наманчилж, бошиглогч Нифай тэдэнд баптисм хүртээжээ. Тэд Есүст итгэж, Самуелын тэдэнд хэлсэн Есүсийн төрөлтийн тэмдгүүдийг харж хүлээв.