“Алма Мормоны усанд,” Мормоны Номын түүхүүд (2023)
Алма Мормоны усанд
Бурханы хүмүүс болох нь
Алма Ноа гэдэг хааны санваартан байжээ. Алма Абинадай хэмээх Бурханы бошиглогчийг Ноад хөнөөгдөхөөс өмнө аврахыг оролдсон юм. Гэвч Ноа Алмад уурлаж, Алмаг ч бас хөнөөхийг хүссэн юм. Алма Ноагаас зугтан аюулгүй үлджээ. Өдөр нь Алма Мормоны ус гэх газрын ойролцоо нуугддаг байлаа.
Алма Есүс Христийн тухай заасан Абинадайд итгэсэн аж. Тэр Бурханаас өөрийнхөө гэм нүгэл, алдаануудыг өршөөхийг хүсэв.
Алма хүмүүстэй нууцаар уулзаж тэдэнд Есүсийн талаар зааж байв. Тэр өөрийг нь сонсох бүгдэд заажээ.
Олон хүн Алмад итгэжээ. Тэд Алмагийн зааж буйг сонсохоор Мормоны ус руу явцгаав.
Итгэгчид Бурханы хүмүүс гэж дуудагдан, тусламж хэрэгтэй хүмүүст туслан, бусдад Бурханы талаар ярихыг хүсэж байлаа. Тиймээс Алма тэднийг баптисм хүртэхэд урив. Баптисм хүртсэнээр тэд Бурханд үйлчилж, Түүний зарлигуудыг дагана хэмээн Түүнтэй гэрээ байгуулах буюу амлалт өгөх болно. Хариуд нь Бурхан тэднийг Өөрийн Сүнсээр адислах юм.
Хүмүүс маш их баяртай байв. Тэд алгаа ташиж, баптисм хүртэхийг хүсэж байгаагаа хэллээ. Алма тэдний нэг бүрийг Мормоны усанд баптисм хүртээв. Тэд бүгд Бурханы Сүнсээр бялхан тэднийг гэх хайрыг мэдэрчээ. Тэд Христийн сүмийн гишүүд болов.
Ноа зарим хүмүүсээ нутгийг нь орхин явж байгааг харсан аж. Тэр тэднийг ажигла хэмээн зарц нараа илгээв. Хүмүүс Алмагийн сургаалыг сонсохоор Мормоны нутаг руу явахыг зарц нар нь харжээ. Ноа маш их уурлав. Тэр Алма болон Алмагийн зааж буй хүмүүсийг хөнөөхөөр армиа илгээлээ.
Бурхан Алмад уг армийн талаар анхааруулжээ. Бурханы тусламжтайгаар Алма ба түүний хүмүүс тэр нутгийг аюулгүйгээр орхин гарав. Өнөөх арми тэднийг барьж чадсангүй. Тэд найман өдрийн турш аглаг буйдаар алхаж нэгэн үзэсгэлэнт газар ирэв. Тэнд тэд шинэ гэрээ барьжээ. Алма хүмүүст зааж, тэд Бурханд өгсөн амлалтаа биелүүлэв.