“Абинадай ба Ноа хаан,” Мормоны Номын түүхүүд (2023)
Абинадай ба Ноа хаан
Бошиглогчийн захиас
Ноа хаан Нифайн нутагт амьдарч буй нифайчуудыг захирдаг байв. Ноа хүмүүсээсээ маш их мөнгө хураан, түүгээрээ өөртөө зориулан гоё чамин зүйлс авдаг байлаа. Тэр өөртөө удирдахад туслуулахаар бардам санваартнуудыг дууджээ. Ноа Бурханы зарлигуудыг дагасангүй. Оронд нь тэр маш олон ёс бус зүйл хийдэг байв.
Ноа хүмүүсээ ч бас ёс бус байхад удирджээ. Тэд Их Эзэнийг дагадаггүй байв.
Тэр нутагт Абинадай гэх Бурханы бошиглогч амьдардаг байлаа. Их Эзэн Ноа болон түүний хүмүүст наманчил гэж хэлүүлэхээр Абинадайг илгээв.
Абинадай хүмүүст Их Эзэн тэднийг наманчлаасай хэмээн хүсэж байгааг хэлжээ. Хэрэв тэд наманчлахгүй бол дайснууд газар нутагт нь ирж тэднийг захирахыг Их Эзэн зөвшөөрөх байв. Дайснууд нь Ноа болон түүний хүмүүсийн амьдралыг тун хэцүү болгох байлаа.
Абинадайн хэлсэн үгэнд хүмүүс уурлав. Тэд түүнийг алахыг хүсэж байлаа. Гэвч Их Эзэн Абинадайг аюулгүй байлгаж, зугтахад нь тусалжээ.
Ноа ч мөн Абинадайг алахыг хүсэж байв. Ноа Их Эзэнд итгэдэггүй байсан. Тэр бас түүний хүмүүс наманчилсангүй.
Хоёр жилийн дараа Их Эзэн хүмүүст анхааруулахаар Абинадайг буцаан илгээв. Тэд наманчлаагүй учраас дайснууд газар нутгийг нь эзлэх болно гэдгийг Абинадай хэлжээ. Хүмүүс Абинадайд уурлав. Тэд ямар ч буруу зүйл хийгээгүй ба наманчлахгүй гэдгээ хэлжээ. Тэд Абинадайг хүлж, Ноад аваачив.
Ноа болон түүний санваартнууд нэгэн төлөвлөгөө гаргажээ. Санваартнууд Абинадайг бүдрүүлэхийн тулд түүнээс олон асуулт асуув. Гэсэн ч Абинадай зоригтойгоор тэдэнд хариулж байв. Санваартнууд Абинадайн хариултуудад ихэд гайхжээ. Тэд түүнийг үгэнд нь бүдрүүлж чадсангүй. Абинадай санваартнуудад зөв зүйлийг хийхээс илүүтэй мөнгийг анхаарсан гэдгийг нь хэлэв.
Ноа санваартнууддаа Абинадайг алахыг тушаажээ. Гэвч Абинадай өөрт нь хүрэхгүй байхыг тэдэнд анхааруулав. Түүний царай Бурханы хүчний улмаас гэрэлтлээ. Абинадай санваартнуудыг Бурханы хуулийг заагаагүй гэдгийг хэлэв. Абинадай тэдэнд Есүс Христ мэндэлж, бидний төлөө нас барж, мөн амилах болно гэж заалаа. Хэрэв тэд наманчилбал Есүс тэднийг уучлах болно гэж тэр хэлэв.
Абинадай Их Эзэний хэл гэсэн захиасыг дуусгалаа. Ноа ууртай хэвээр байв. Тэр санваартнууддаа Абинадайг авч яваад хөнөө гэж хэлэв.
Алма гэх нэгэн санваартан Абинадайд итгэсэн аж. Алма Абинадайг аврахыг оролдлоо. Гэвч Ноа Алмад ч бас уурлаж түүнийг хөөж зайлуулав.
Санваартнууд Абинадайг заасан зүйлсээ худал гэж хэлбэл амьд үлдэж болох юм гэв. Гэсэн ч Абинадай үнэнийг заасан гэдгээ хэллээ. Ноа болон түүний санваартнууд түүнд дахин уурлав. Тэд Абинадайг шатааж хөнөөв. Ноагийн харуулууд Алмаг ч бас хөнөөхийг оролдов. Гэвч Алма нуугдан, Абинадайн хэлсэн бүх зүйлийг бичиж авчээ.