“Антай-нифай-лихайчууд,” Мормоны Номын түүхүүд (2023)
Антай-нифай-лихайчууд
Дайснуудаа хайрлахыг сонгосон хүмүүс
Олон лемен хүн Аммон ба түүний ах дүүсээс Бурханы талаар мэдэж авсан юм. Тэр леменчүүд Их Эзэнд ихэд итгэлтэй байсан ба Бурханы зарлигуудыг дагаж байв. Тэд шинэ нэртэй болохыг хүсэн өөрсдийгөө леменчүүд гэхийн оронд антай-нифай-лихайчууд гэж нэрлэжээ.
Антай-нифай-лихайчууд Бурханд итгэх итгэлийнхээ учир өөрчлөгджээ. Тэд хийдэг байсан муу зүйлсээ наманчлав. Тэд Бурханыг өөрсдийг нь хайрлаж, уучилсан гэдгийг мэдсэн аж.
Леменчүүд хилэгнэж, антай-нифай-лихайчууд руу дайрахаар бэлтгэв. Антай-нифай-лихайчууд дайтахын оронд Бурханд амлалт өгчээ. Тэд хүмүүсийг дахин хэзээ ч гэмтээхгүй гэв. Тэд үүнийгээ харуулж зэвсгээ газарт буллаа. Тэд дайснуудаа гэмтээж хөнөөхийн оронд хайрлахыг сонгожээ.
Бурханд итгээгүй леменчүүд антай-нифай-лихайчууд руу дайрав.
Антай-нифай-лихайчууд үхсэн ч Бурхантай хамт амьдрах болно гэсэн итгэлтэй байлаа. Тэд Бурханд өгсөн амлалтаа биелүүлж леменчүүдтэй тулалдсангүй.
Антай-нифай-лихайчууд тулалдахын оронд залбирав. Леменчүүд үүнийг хараад олонх нь дайрахаа болилоо. Тэд хүмүүсийг хөнөөсөндөө гэмшив. Тэр леменчүүд ч бас хүмүүсийг дахин гэмтээхгүй байхаар шийджээ. Тэд антай-нифай-лихайчуудтай нэгдэв.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд олон дайралтад өртжээ. Аммон ба түүний ах дүүс антай-нифай-лихайчуудын зовж байгааг хараад шаналав. Тэд хүмүүсээ аваад нифайчуудтай хамт амьдрахыг хаанаас хүссэн аж. Хаан хэрэв Их Эзэн хүсвэл явцгаая гэлээ. Аммон залбирав. Их Эзэн тэднийг явах хэрэгтэй мөн Тэр тэднийг хамгаална гэж хэлжээ.
Нифайчууд антай-нифай-лихайчуудад амьдрах газар өгч, тэднийг хамгаалав. Хариуд нь антай-нифай-лихайчууд нифайчуудад хоол хүнс өгчээ. Антай-нифай-лихайчууд агуу итгэлтэй бас Их Эзэнийг хайртай байв. Тэд хүн бүртэй шударга байж, хэзээ ч дайтахгүй гэсэн амлалтаа биелүүлсэн. Тэд амьдралынхаа туршид итгэлтэй байлаа.