“Есүс арван хоёр шавиа сонгосон нь,“ Мормоны Номын түүхүүд (2023)
3 Нифай 11; 13; 18
Есүс арван хоёр шавиа сонгосон нь
Зааж мөн баптисм хүртээх хүч
Есүс Христ Өгөөмөр хотод ирээд, арван хоёр хүнийг сонгож, тэдэнд зааж, баптисм хүртээх хүчийг өгчээ. Тэрээр мөн тэдэнд Ариун Сүнсний бэлэг өгөх хүчийг өгсөн аж. Тэр тэднийг Өөрийнхөө шавь нар гэж нэрлэв. Есүсийн шавь нартаа хийхийг заасан зүйлсийг тэд хийв.
3 Нифай 11:1, 18–22, 41; 12:1; 15:11–12; 18:36–37
Есүс шавь нартаа хэрхэн баптисм хүртээхийг заажээ. Тэр тэдэнд хэлэх үгийг нь зааж өгөв. Тэр тэдэнд тухайн хүнийг усанд умбуулж , эргээд дээш гарахад нь туслахыг заалаа. Есүс тэдэнд үргэлж Түүний заасан аргаар баптисм хүртээ гэв. Тэр мөн тэдэнд Ариун Сүнсний тухай заажээ.
Есүс шавь нараа эвтэй байж, маргалдахгүй байгаасай гэж хүсэв. Тэд маргалдвал Түүний сургаалыг дагахгүй байна гэж Тэр хэлэв.
Есүс хүмүүст Өөрт нь итгэж, наманчилж, баптисм хүртэхийг, тэгснээр Тэнгэрлэг Эцэгтэй дахин амьдрах боломжтой болно гэдгийг заав.
Есүс шавь нартаа хандан хэрэв тэд Түүнд итгэдэг бол Тэнгэрлэг Эцэгт ч гэсэн итгэнэ гэж хэлэв. Ариун Сүнс тэдэнд Есүс, Тэнгэрлэг Эцэг хоёр бодитой гэдгийг мэдэхэд туслах болно.
Есүс шавь нартаа зааж дуусаад, тэднийг явж бүх хүнд заа гэв. Тэр тэднийг юу идэх, уух, өмсөх талаар санаа бүү зов гэжээ. Тэр тэдэнд хэрэв Тэнгэрлэг Эцэгт үйлчилбэл Тэнгэрлэг Эцэг тэднийг халамжлах болно гэлээ.