“Бошиглогч Нифай,” Мормоны Номын түүхүүд (2023)
Бошиглогч Нифай
Их Эзэнээс агуу хүчийг олж авах нь
Гадиантоны дээрэмчид гэх бүлэг хүн Зарахемла хотыг захирав. Тэд бие биедээ муу зүйлс хийхэд нь туслахаа амлажээ. Тэд мөнгөтэй мөн хүчтэй болохын тулд хүмүүсийг дээрэмдэж, зовоож байв. Хүмүүсийн олонх нь дээрэмчидтэй нэгдсэн аж. Тэд баян болохыг хүсэв.
Бошиглогч Нифай Зарахемлад амьдарч байв. Хүмүүс Бурханы зарлигуудыг дагахгүй байгаад Нифай гуниглаж, Бурханд хандан залбирчээ. Нифай хүмүүсээс Бурханы тэдний төлөө хийсэн бүхнийг санахыг гуйв. Гэвч олон хүн сонссонгүй. Тэд Бурханд дуулгавартай байхаас илүү мөнгөтэй, хүчтэй байхад анхаарч байлаа.
Нифай дээрэмчдийн талаар хүмүүст сэрэмжлүүлжээ. Тэд наманчлах хэрэгтэй гэж тэр хэлэв. Нифайчуудын зарим шүүгч дээрэмчидтэй нэгдсэн байлаа. Тэд Нифайд уурлаж, түүнийг худал хэлж байна гэв. Тэд ард түмнийг ч гэсэн Нифайд уурлаасай гэж хүсэв.
Бурхан Өөрийн бошиглогчдод олон зүйлийг ярьдаг хэмээн Нифай хэлэв. Нифай тэдэнд бүх бошиглогч Есүс Христийн ирэлтийн талаар заасан гэж хэллээ. Хэрэв тэд наманчлахгүй бол Иерусалим устгагдах болно гэдгийг бошиглогчид хүмүүст анхааруулсан гэж тэр хэлэв. Тэр тэдэнд Иерусалим устгагдсаныг санахад тусалжээ.
Маргааш нь шүүгчид Нифайг мэхлэхийн тулд түүнээс асуултууд асуув. Нифай тэдэнд өөрсдийнх нь дундах хилэнцийн талаар хэллээ. Зарим хүн Нифайд итгэж, түүнийг бошиглогч гэдгийг мэдэв.
Бусад нь итгэсэнгүй. Бүгд маргалдаад, яваад өгөв. Нифай Их Эзэний өөрт нь заасан зүйлийн тухай бодлоо. Тэр хүмүүсийн муу үйлдлээс болж гашуудав.
Их Эзэн Нифайтай ярьжээ. Тэрээр Нифайг ард түмэнд заасанд нь баярлав. Нифай дуулгавартай байсан учир Их Эзэн түүнд газар дээрх болон тэнгэр дэх зүйлүүдийг захирах онцгой хүчийг өгсөн. Нифай энэ хүчийг зөвхөн хүмүүст наманчлахад туслахын тулд л ашиглах болно гэдгийг Их Эзэн мэдэж байлаа.
Их Эзэн Нифайд хүмүүс рүү эргэн очиж, тэдэнд наманчил гэж хэл гэв. Нифай тэр даруй явлаа. Гэвч ард олон түүнд уурлаж улмаар сонссонгүй.
Тэд Нифайг шоронд хийхийг оролдов. Гэвч Бурханы Сүнс Нифайд зугтахад нь тусалсан.
Нифай Бурханы үгийг заасаар байв. Хүмүүс түүний үгийг сонсохгүй хэвээр байлаа. Тэд бие биетэйгээ маргалдаж, тэмцэлдэж эхлэв. Дээрэмчид дайныг улам дордуулсан аж. Удалгүй хот болгонд дайн дэгдэв. Олон хүн гэмтэж, амиа алдаж байлаа. Нифай гашуудав. Тэрээр хүмүүсийг дайнаас болж сүйтгэгдэхийг хүссэнгүй.
Нифай хүмүүсийг Их Эзэнээ санаж, наманчлаасай гэсэндээ Бурханаас агуу өлсгөлөн ирүүлэхийг хүсжээ. Олон жил бороо орсонгүй. Газар хуурай, тариа ургах боломжгүй байв. Хүмүүс өлсгөлөнд автлаа. Тэд тулалдахаа больж, Их Эзэнийг санаж эхлэв. Ард түмэн наманчилж, дээрэмчдээсээ салжээ.
Хүмүүс Нифайгаас Их Эзэнд хандан залбирахыг хүслээ. Нифай тэдний наманчилсныг мөн дээрэмчид алга болсныг харав. Тэрээр Их Эзэнээс бороо оруулахыг гуйжээ. Их Эзэн Нифайн залбиралд хариулсан аж. Бороо орж, тариа ургаж эхэллээ. Хүмүүс Бурханд талархав. Тэд Нифайг бошиглогч гэдгийг мөн Бурханаас агуу хүч хүлээн авсан гэдгийг мэдэв.