Ирээд, Намайг дага
9-р сарын 2–8: “Их Эзэнийг сана.” Хиламан 7–12


“9-р сарын 2–8: ‘Их Эзэнийг сана.’ Хиламан 7–12,’” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“9-р сарын 2–8. Хиламан 7–12,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Нифай цэцэрлэг дэх цамхагт залбирч байгаа нь

Нифай цэцэрлэгийн цамхаг дээр байгааг харуулсан зураг, Жэрри Томпсон

9-р сарын 2–8: “Их Эзэнийг сана”

Хиламан 7–12

Нифайн эцэг Хиламан “санагтун, санагтун” хэмээн хөвгүүддээ учирлан гуйсан байдаг. Тэр эцэг өвгөдөө болон бошиглогчдын үгсийг, хамгийн чухал нь бүгд “Христ болох бидний Гэтэлгэгчийг” (Хиламан 5:5–14-ийг үзнэ үү) санаасай гэж хүссэн. Олон жилийн дараа Нифай яг энэ захиасыг өөрийн хүмүүст “ядрахаа мэдэхгүй” (Хиламан 10:4) тунхагласан учир үүнийг санаж байсан нь лавтай. “Та нар Бурханаа хэрхэн мартаж чадсан бэ?” хэмээн тэр асуусан (Хиламан 7:20). Номлох, залбирах, гайхамшгуудыг үйлдэх, өлсгөлөнгийн үед Бурханаас гуйх гэх мэт Нифайн гаргасан бүх хичээл зүтгэл хүмүүсийг Бурханд хандаж, Түүнийг санахад туслах оролдлого байсан. Бурханыг мартах нь Түүнийг мэдэхгүй байхаас хамаагүй том асуудал бөгөөд “дэлхийн хоосон зүйлүүд” бидний оюун санааг төөрөгдүүлж, нүгэлд харанхуйлах үед Түүнийг мартах амархан байдаг (Хиламан 7:21; мөн Хиламан 12:2-ыг үзнэ үү). Гэхдээ Нифайн тохинуулалд харуулснаар, Түүнийг санаж, “Их Эзэн Бурханыхаа зүг эргэх” (Хиламан 7:17)-д хэзээ ч оройтдоггүй.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Хиламан 7–11

seminary icon
Бошиглогчид Бурханы хүслийг хүмүүст илчилдэг.

Хиламан 7–11 нь ялангуяа бошиглогчийн хийдэг зүйлсийн талаар мэдэж авах тохиромжтой газар юм. Та эдгээр бүлгийг уншихдаа, Нифайн үйлдэл, бодол санаа мөн Их Эзэнтэй харилцах харилцаанд анхаарлаа хандуулаарай. Нифайн тохинуулал бошиглогчдын үүргийг ойлгоход тань хэрхэн тусалдаг вэ? Энд хэдэн жишээ авч үзье. Та өөр юу олж мэдсэн бэ?

Уншсан зүйл дээрээ үндэслэн та бошиглогч гэж юу болох, тэр юу хийдгийг хэрхэн дүрслэх вэ? Товч тодорхойлолт бичихийг бод. Дараа нь та Судруудын удирдамжаас “Бошиглогч” гэдгийг уншсаны дараа өөрийн тодорхойлолт дээрээ юу нэмж болохоо хараарай.

Та Нифайг Хиламан 7:11–29 дээр хэчнээн зоригтой байсныг анзаарав уу? Бошиглогчид яагаад заримдаа Нифайн адил зоригтой ярих хэрэгтэй байдаг гэж та бодож байна вэ? Хариултуудыг ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн “Бурханы бошиглогч” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28) хэмээх захиасны “Бүү гайхаарай” хэсгээс хайж олохыг бод.

Эдгээр бүх үнэнийг санан, Их Эзэн хэрхэн бошиглогчдынхоо тохинууллаар таныг адисалсан тухай тунгаан бод. Тэрээр бидний амьд бошиглогчдоор дамжуулан хамгийн сүүлд юу заасан бэ? Та Их Эзэний удирдамжийг сонсож, дагахын тулд юу хийж байна вэ?

Хиламан 9; 10:1, 12–15

Миний Есүс Христэд итгэх итгэл зөвхөн тэмдгүүд болон гайхамшгууд дээр суурилагддаг байх ёсгүй.

Хэрэв тэмдэг, гайхамшгууд нь хүний зүрх сэтгэлийг өөрчлөхөд хангалттай байсан бол Хиламан 9 дээрх Нифайн өгүүлсэн гайхалтай тэмдгүүдийн ачаар бүх нифай үндэстэн хөрвөгдөх байсан биз ээ. Гэвч ийм зүйл тохиолдоогүй. Хүмүүс Хиламан 9–10 дээрх гайхамшигт олон янзаар хандаж байгааг анзаар. Жишээ нь: Та Хиламан 9:1–20 дээрх таван эр мөн ерөнхий шүүгчийн хариултуудыг харьцуулж болно (мөн Хиламан 9:39–41; 10:12–15-ыг үзнэ үү). Та Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэх талаар эдгээр туршлагаас юу сурч мэдсэн бэ?

Мөн 3 Нифай 1:22; 2:1–2-ыг үзнэ үү.

Хиламан 10:1–12

Их Эзэн Өөрийнх нь хүслийг эрэлхийлж, зарлигуудыг нь сахихыг хичээдэг хүмүүст хүч чадал өгдөг.

Та нар Хиламан 10:1–12-ыг судлахдаа, Нифай Их Эзэний итгэлийг олж авахын тулд юу хийж байгааг анзаар. Тэр өөрийн хүслээс илүү Их Эзэний хүслийг эрэлхийлсэн гэдгээ хэрхэн харуулсан бэ? Нифайн туршлага юу хийхэд таныг сүнслэгээр өдөөж байна вэ?

Хиламан 10:2–4

Бурханы үгийг тунгаан бодох нь илчлэлтийг урьдаг.

Та сэтгэлээр унаж, санаа зовж эсвэл төөрч будилахдаа Хиламан 10:2–4 дээрх Нифайн жишээнээс чухал сургамж авч болно. Тэр “гутарсан” (3-р шүлэг) үедээ юу хийсэн бэ?

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Бид тунгаан бодсоноор Сүнсээр илчлэлтийг авдаг” (“Сүнсээр үйлчлэх нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 63). Та тунгаан бодох дадал хэвшлийг өөртөө хэрхэн суулгаж болох вэ?

Хиламан 12

Их Эзэн надаас Өөрийг нь санаасай гэж хүсдэг.

Та гэр бүлийн гишүүний төрсөн өдөр, шалгалтын мэдээлэл зэрэг чухал мэдээллээ хэрхэн санадаг вэ? Энэ нь “Их Эзэнийг санадаг” байхад шаардлагатай хичээл зүтгэлтэй юугаараа төстэй вэ? (Хиламан 12:5). Энэ хоёр юугаараа ялгаатай вэ?

Хиламан 12-т хүмүүсийг Их Эзэнийг мартахад хүргэдэг хэдэн зүйлийг дүрслэн харуулдаг. Та эдгээрийг жагсаан бичээд, эдгээр нь таныг Их Эзэнээс холдуулж болох эсэхийг тунгаан бодож болно. Есүс Христийг санахад танд юу тусалдаг вэ? Та мэдэж авсан зүйл дээрээ үндэслэн юу хийх өдөөлтийг хүлээн авсан бэ?

Мөн Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү;

Үзүүлэнт хичээлийг ашигла. Аврагч сайн мэдээний зарчмуудыг хүмүүсийн танил болсон өдөр тутмын зүйлстэй байнга холбодог байв. Хиламан 12:1–6-г заах гэж эсвэл суралцах гэж хичээж байхдаа та “хүмүүний үрсийн тогтворгүй байдлыг” нэг хөл дээрээ тогтох гэж хичээдэг бидний мэдрэмжтэй харьцуулж болно. Бид сүнслэг байдлын хувьд хэрхэн тогтвортой хэвээр байж болох вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Хиламан 7:20–21

Их Эзэн Өөрийг нь дурсан санаж байхыг надаас хүсдэг.

  • Их Эзэнийг санах талаар ярилцлага өрнүүлэхийн тулд та хүүхдүүддээ ямар нэг зүйл мартаж байсан талаараа ярьж болно. Тэдэнд ч гэсэн адил боломж олго. Дараа нь Хиламан 7:20–21-ийг хамт уншаад, Бурханыг мартах гэдэг нь ямар утгатай болохыг хүүхдүүдээс асууж болно. Танай хүүхдүүд бидэнд Их Эзэнийг мартахад нөлөөлж болох зүйлсийг зураад, эдгээр зургаа Есүсийн зургийг халхлахад ашиглаж болно. Дараа нь тэд Түүнийг санахын тулд хийж болох зүйлсээ бодож болно. Бодлоо хуваалцаж байх үедээ тэд Аврагчийн зургийг бүрэн гарч иртэл зургуудыг нэг нэгээр нь авч болно.

Хиламан 8:13–23

Бошиглогчид Есүс Христийг гэрчилдэг.

  • Есүс Христийн талаар заасан бошиглогчдын нэрсийг олохын тулд Хиламан 8:13–23-ыг судлахад хүүхдүүдэд тусал. Тэд нэг нэр олмогц Есүсийн зургийг тойруулан дамжуулж болох юм. Манай амьд бошиглогч Аврагчийн талаар юу гэж заасан бэ?

  • Та нар “Бошиглогчийг дага” (Хүүхдийн дууны ном, 68) гэх мэт бошиглогчийн тухай дууг хамтдаа дуулж болно. Та болон танай хүүхдүүд дууны түлхүүр хэсгийг сонгоод, хэд хэдэн хөлийн мөрөн дээр түлхүүр хэсгээс нэг үгийг бичиж болно. Та дараа нь хөлийн мөрнүүдээ Аврагчийн зураг руу чиглүүлэн шалан дээр тавиад, хүүхдүүд зурган дээр очихдоо хөлийн мөрнүүдийг дагаж болох юм. Бошиглогчийг дагах нь биднийг хэрхэн Есүс Христ рүү хөтөлдөг вэ?

Хиламан 10:1-4

Бурханы үгийг тунгаан бодох нь илчлэлтийг урьдаг.

  • Хүүхдүүддээ тунгаан бодох гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь туслахын тулд та нар Судруудын удирдамжаас “Тунгаан бодох” гэдгийг хамтдаа уншиж болно. Тунгаан бодохтой төстэй өөр ямар үгнүүд байдаг вэ? Та нар Хиламан 10:1–3-ыг хамт уншихдаа тунгаан бодох гэдэг үгийг эдгээр үгээр орлуулж болох юм. Тунгаан бодохыг судраас судлахын нэг хэсэг болгох арга замуудын тухай хүүхдүүдтэй ярилц.

Хиламан 10:11–12

Би Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагана.

  • Хэцүү зүйл хийх байсан ч Нифай Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагасан. Үүний жишээ болгон та болон танай хүүхдүүд Хиламан 10:2, 11–12-ыг уншиж болно. Магадгүй танай хүүхдүүд өрөөний нэг тал руу очоод (гэртээ харьж байгаа мэт) зогсож, эргээд нөгөө тал руу очин (тэд хүмүүст заахаар эргэж очиж байгаа мэт) Нифайн хийсэн зүйлсийг жүжигчлэн тоглож болно. Тэнгэрлэг Эцэгийн биднээс хийхийг хүсдэг зарим зүйл юу вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Сийнтум алуурчин болох нь мэдэгдсэн

Бошиглолын бэлгээр дамжуулан Нифай ерөнхий шүүгчийн аллагын хэргийг шийджээ.

© The Book of Mormon for Young Readers, Сийнтумыг алуурчин гэдгийг илрүүлсэн нь, Бриана Шоукрофтын бүтээл; хуулбарлаж болохгүй