Ирээд, Намайг дага
9-р сарын 9–15: “Үлэмж баярлуулах сайн мэдээ.” Хиламан 13–16


“9-р сарын 9–15: ‘Үлэмж баярлуулах сайн мэдээ.’ Хиламан 13–16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Мормоны Ном 2024 (2023)

“9-р сарын 9–15. Хиламан 13–16,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2024 (2023)

Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр зааж байгаа нь

Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр, Арнолд Фрайбэрг

9-р сарын 9–15: “Үлэмж баярлуулах сайн мэдээ”

Хиламан 13–16

Лемен үндэстэн Самуел Зарахемлад “баярт мэдээг” эхний удаа хуваалцах гэж оролдоход (Хиламан 13:7) хатуу зүрх сэтгэлтэй нифайчууд түүнийг эсэргүүцэн, хөөжээ. Тэд зүрх сэтгэлээ тойруулан, нэвтэлж болшгүй хана босгосон байсан нь Самуелын захиасыг хүлээн авахад саад болсон гэж хэлж болно. Самуел гэрчилсэн захиасныхаа ач холбогдлыг ойлгосон ба “Түүнийг дахин эргэн очиж, бошигло” (Хиламан 13:3) гэсэн Бурханы зарлигийг даган, итгэлээ харуулсан. Самуелын нэгэн адил бид ч гэсэн “Их Эзэний замыг бэлтгэ[ж]” (Хиламан 14:9), Түүний бошиглогчийг дагахыг хичээхдээ хана мөргөдөг. Бид бас Самуелын адил “гарцаагүй ирэх” Есүс Христийг гэрчилж, бүх хүнийг “түүний нэрэнд итгэхэд” (Хиламан 13:6; 14:13) урьдаг. Хүн бүр сонсохгүй төдийгүй зарим хүн биднийг идэвхтэй эсэргүүцэх болно. Гэвч энэхүү захиасанд Христэд итгэсэн хүмүүс энэ нь үнэхээр “агуу их баяслын баярт мэдээ[ний]” (Хиламан 16:14) захиас болохыг мэдэж авдаг.

Гэр орон болон сүмд суралцах санаа

Хиламан 13

Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан сэрэмжлүүлдэг.

Судруудад заримдаа бошиглогчдыг хэрэм эсвэл цамхаг дээрх аюулаас сэрэмжлүүлдэг харуултай зүйрлэдэг (Исаиа 62:6; Езекиел 33:1–7-г үзнэ үү). Та Хиламан 13 дээрх Самуелын үгсээс судлахдаа, тэр хэрхэн таны харуул болж чадах талаар бодож үз. Тэр өнөө үед хамаатай юу хэлсэн бэ? (ялангуяа 8, 21–22, 26–29, 31, 38-р шүлгийг үзнэ үү). Жишээ нь: Самуел наманчлалын талаар болон даруу байдал, эд баялгийн талаар мөн “алдсыг үйлдэж” аз жаргал эрэлхийлэх тухай юу гэж заасан бэ?

Та бас хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиаснуудаас Их Эзэний орчин үеийн бошиглогчдоороо дамжуулан өгсөн, адил төстэй сэрэмжлүүлгүүдийг судалж болно. Эдгээр сэрэмжлүүлэгтэй холбоотойгоор та юу хийхээр сүнсээр өдөөгдөж байна вэ?

Хэв загварыг олж хар. Загвар гэдэг нь ямар нэгэн ажлыг гүйцэтгэх заавар болгон ашигладаг төлөвлөгөө буюу загвар юм. Их Эзэн хүмүүст сэрэмжлүүлэхээр үйлчлэгчдээ илгээдэг гэх мэт Өөрийн ажлыг хэрхэн хийж гүйцэлдүүлдгийг үзүүлсэн загварыг судруудаас олж болно.

Ерөнхий чуулган үзэж буй гэр бүл

Биднийг бошиглогчдыг сонсох үед тэд биднийг Есүс Христ рүү чиглүүлэх болно.

Хиламан 13–15

seminary icon
Бурхан намайг наманчлахад урьдаг.

Самуелын Бурханы шүүлтүүдийн талаарх сэрэмжлүүлэг нь үргэлж наманчлах нигүүлсэнгүй урилгыг багтаасан байдаг. Хиламан 13–15 (ялангуяа Хиламан 13:6–11; 14:15–19; 15:7–8-ыг үзнэ үү) дээрээс эдгээр урилгыг хайж ол. Та эдгээр шүлгээс наманчлалын талаар юу мэдэж авч болох вэ? Зарим хүн наманчлалыг зайлсхиймээр хатуу шийтгэл мэт үздэг. Таны бодлоор Самуел нифайчуудыг наманчлалыг юу гэж хараасай гэж хүссэн бэ?

Улам гүнзгий судлахын тулд та ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна” захиасыг уншиж болно (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77–80). Тэр наманчлалыг хэрхэн тодорхойлсон бэ? Та түүний захиаснаас чин сэтгэлээсээ наманчилснаар ирэх ямар адислалуудыг олж мэддэг вэ? Та бас бошиглогчийн биднээс өөрчлөхийг хүсдэг тодорхой зүйлсийг хайж олж болно. Ариун Сүнс таныг юуг өөрчлөх хэрэгтэй гэж хэлж байна вэ? Хүлээн авсан хувийн илчлэлтээ тэмдэглэн бичиж бай.

Наманчлал нь зөвхөн зан чанараа өөрчлөхөөс юугаараа өөр вэ? Бурханы наманчлах урилгыг хүлээн авах нь яагаад чухал вэ? Та үүнийг тунгаан бодохдоо “Бурханы зарлиг зөөлөн” (Дуулал, д. 65) гэх мэт энэ урилгыг илэрхийлж буй дууллыг дуулах юм уу сонсохыг бод.

Мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөчийн 6–9-р хуудсан дахь “Есүс Христ танд туслах болно” хэсгийг үзнэ үү.

Хиламан 14; 16:13–23

Бурхан Аврагчийн төрөлт, үхлийн талаар гэрчлэхийн тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг илгээсэн.

Хиламан 14-т Самуел хүмүүс “түүний ирэлтийн тухай … мэдэж” мөн “түүний нэрэнд итгэж” (Хиламан 14:12) болохын тул Их Эзэн Аврагчийн төрөлт болон үхлийн тэмдгүүдийг өгсөн гэдгийг тайлбарлажээ. Та Хиламан 14-ийг судлахдаа, 1–8-р шүлэгт байх Аврагчийн төрөлтийн тэмдэг, 20–28-р шүлэгт байх Түүний нас баралтын тэмдгүүдэд анхаарлаа хандуул. Есүс Христийн төрсөн, нас барсныг мэдэгдэхэд яагаад эдгээр тэмдгийг ашиглах нь үр дүнтэй арга байсан гэж та бодож байна вэ?

Үүнээс илүү хувь хүн рүү чиглэсэн, ийм нүсэр том биш, өөр бусад тэмдэг “[Аврагчийн] нэрэнд итгэхэд” тань тусалдаг. Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд тань Тэр юу хийсэн бэ?

Хиламан 16:13–23 дээр тэмдгүүдийн талаар ямар анхааруулга өгсөн бэ? Та эдгээр шүлэгт өгүүлсэн хүмүүсийн хандлагаас хэрхэн зайлсхийж болох вэ?

Түүнчлэн Алма 30:43–52-ыг үз мөн Роналд А.Расбандын “Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу” захиасыг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 48–51-ээс үзнэ үү.

Хиламан 15:3

Их Эзэний зэмлэл Түүний хайрын тэмдэг болдог.

Самуелын үгсэд олон хатуу зэмлэл агуулагддаг ч Хиламан 15:3 нь Их Эзэний зэмлэлийн талаарх ойлголтыг бидэнд өгдөг. Их Эзэний зэмлэл хэрхэн Түүний хайрын тэмдэг байж болох вэ? Самуелын бошиглол, сэрэмжлүүлгээс та Их Эзэний хайр, нигүүлслийг харуулсан ямар ямар нотолгоог харж байна вэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм” (2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган) захиасыг судлахдаа бурханлаг зэмлэлийн гурван зорилгыг олж мэд. Хэзээ та амьдралдаа Бурханыг ийм байдлаар ажилладгийг харсан бэ?

Хиламан 16

Бошиглогчид намайг Есүс Христ рүү чиглүүлдэг.

Хиламан 16-д Самуелын заасан зүйлсийг хүлээн авсан хүмүүсээс та юу ойлгож авч болох вэ? Та түүнийг эсэргүүцсэн хүмүүсээс юу ойлгож болох вэ? Амьд бошиглогчийг дагаснаар Есүс Христэд хэрхэн улам ойртсон талаар бодож үз.

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдүүдэд заах санаа

Хиламан 13:2–5

Бурхан зүрх сэтгэлд минь надтай ярьж чадна.

  • Бурхан Самуелд хандан ярьсан шиг бидний зүрх сэтгэлд ч гэсэн ярьж чадна гэдгийг та хүүхдүүдэд хэрхэн зааж чадах вэ? Та үг хэлэлгүй харилцах янз бүрийн аргуудыг үзүүлэхийг тэднээс хүсэж болох юм (дохио зангаа, нүүрний хувирал гэх мэт). Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн бидэнтэй харьцдаг янз бүрийн арга замуудын талаар ярилцлага өрнүүлэхэд хүргэж болно. Ярилцлагын нэг хэсэг болгон, Самуелд хэлэх гэсэн зүйлээ Бурхан хэрхэн хэлж байгааг хүүхдүүдийг олж сонсох үед та болон танай хүүхдүүд лемен үндэстэн Самуелын зургийг харж (энэ тоймд хоёр байгаа) мөн Хиламан 13:2–5-ыг уншиж болно.

  • Бидний ихэнхэд, ялангуяа хүүхдүүдэд Бурхан бидэнтэй хэзээ мөн хэрхэн ярьдгийг ойлгож сурахад тусламж хэрэгтэй байдаг. Ариун Сүнс Бурханы танаар хийлгэж эсвэл хэлүүлэхийг хүссэн зүйлийг зүрх сэтгэлд тань мэдүүлэн тусалж байсан үеийн тухай хүүхдүүдэд ярьж өгч болно. Энэ үед Бурхан тантай харилцаж байсан гэдгийг та хэрхэн мэдсэнээ тайлбарла. Танай хүүхдүүд өөрсдөд нь тохиолдсон ижил төстэй туршлагаасаа хуваалцаж болно.

Хиламан 14:2–7, 20–25

Бошиглогчид Есүс Христийн талаар заадаг.

  •   “40-р бүлэг: Лемен үндэстэн Самуел Есүс Христийн тухай ярьсан нь” (Мормоны Номын түүхүүд, 111–113)-ийг хуваалцах нь тохиромжтой арга юм. Самуел Аврагчийн тухай юу заасан бэ? Та бас орчин үеийн бошиглогчид Түүний тухай юу гэж заадгийг хуваалцаж болно. Тэдний үгс бидний Түүнд итгэх итгэлийг хэрхэн хөгжүүлдэг вэ?

Хиламан 16:1–6

Би бошиглогчийг дагаснаар адислагддаг.

  • Та итгэлтэй хүмүүсийн жишээг хүүхдүүддээ үзүүлснээр тэдний бошиглогчдод итгэх итгэлийг нэмэгдүүлж чадна. Зарим жишээг Хиламан 16:1, 5-аас олж болно. Таныг унших үед хүүхдүүд хүмүүсийн Самуелын үгсэд итгээд хийсэн ямар нэгэн зүйлийг сонсох үедээ босож зогсож болно. Тэгээд таныг 2 болон 6-р шүлгийг уншихад, хүүхдүүд хүмүүсийн итгээгүй үедээ хийсэн ямар нэгэн зүйлийг сонсохдоо доош сууж болно. Бид амьд бошиглогчийн үгэнд итгэдэг гэдгээ хэрхэн харуулж болох вэ? Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн зөвлөгөөг дагаснаар хэрхэн адислагдаж байснаа хүүхдүүдэд ярьж өг.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Лемен үндэстэн Самуел

Лемен үндэстэн Самуел, Лэстэр Ёкум