Ирээд, Намайг дага
4-р сарын 13–19. Мозая 1–3: “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв”


“4-р сарын 13–19. Мозая 1–3: ‘Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“4-р сарын 13–19. Мозая 1–3,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Бенжамин хаан хүмүүстээ зааж байгаа нь

Минерва К. Тэйчэрт (1888–1976), Хаан Бенжамины сүүлийн захиас, 1935, масонит дээр тосон будгаар, 36 x 48 инч. Бригам Янгийн Уран Зургийн Их Сургууль

4-р сарын 13–19

Moзая 1–3

“Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайраар дүүргэгдэв”

Хаан Бенжамин сүнслэг туршлагаа бичиж тэмдэглэх нэг шалтгааныг өгсөн. Тэр: “Эдгээр ялтсуудын тусламжгүй аваас бидний эцэг Лихай хүүхдүүддээ сургахын тулд эдгээр бүх зүйлийг цээжилж чадах нь боломжгүй байсан юм” гэж хэлжээ (Мозая 1:4).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хаан гэсэн үгийг сонсоход танд титэм, орд харш, зарц нар болон сэнтий бодогдож болох юм. Мозая 1–3 дээрээс та арай өөр хааны талаар уншина. Хүмүүсийнхээ хөдөлмөрөөр амьдрахын оронд хаан Бенжамин “өөрийн гараар хөдөлмөрлөсөн” юм (Мозая 2:14). Бусдаар үйлчлүүлэхийн оронд тэр өөрийн хүмүүст “Их Эзэн [түүнд] хайрласан бүхий л хүч, оюун мөн чадлаараа” үйлчилж байсан (Мозая 2:11). Энэ хаан хүмүүсээрээ өөрийгөө шүтэн бишрүүлэхийг хүсээгүй. Харин үүний оронд тэрээр “Төгс Хүчит Их Эзэн засаглана” гэдгийг ойлгож байсан тул өөрөөс нь агуу Хааныг шүтэн бишрэхийг тэдэнд заасан (Мозая 3:5). Бурханы хаант улсын бүх агуу удирдагчийн адил хаан Бенжамины үгс мөн үлгэр жишээ бидний анхаарлыг Аврагч, Есүс Христ болох Тэнгэр дэх Хаан руу хандуулдаг. Есүс Христ “тэнгэрээс бууж ирж,” “хүчит гайхамшгуудыг үйлдэн, хүмүүний дунд урагшлан явах болно. … Мөн үз, тэрээр өөрийнхөндөө ирнэ, аврал нь мөн түүний нэрэнд итгэх итгэлээр хүмүүний үрсэд ирж болохын тулд буюу” хэмээн хаан Бенжамин гэрчилсэн (Мозая 3:5, 9).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Moзая 2:1–9

Бурханы үгийг хүлээн авахын тулд бэлтгэгдсэн байх ёстой.

Хаан Бенжамин хүмүүстээ хандан ярихыг хүсэж байгаагаа мэдэгдэн хэл хүргэхэд “тоолшгүй тийм олон” хүн ирсэн байв (Мозая 2:2). Тэдний зарим нь удирдагчдаа баярлан талархаж, түүнийг хайрладаг байсан учраас ирсэн байна. Хамгийн чухал нь тэд Бурханы үгсийг заалгахаар ирсэн байлаа.

Мозая 2:1–9-ийг уншихдаа Бурханы үгийг эрхэмлэн дээдэлдгээ харуулахаар хүмүүс юуг хийсэн болохыг олж мэд. Хаан Бенжамин Бурханы үгийг сонсоход бэлтгэхийн тулд юу хийхийг тэднээс хүссэн бэ? (9-р шүлгийг үзнэ үү). Та хувиараа болон гэр бүлээрээ суралцахдаа, мөн Сүмийн цуглааны үеэр Бурханы үгийг хүлээн авахад өөрийгөө хэрхэн илүү сайн бэлтгэж болох вэ?

Түүнчлэн Матай 13:18–23; Алма 16:16–17-г үзнэ үү.

Moзая 2:10–26

Би бусдад үйлчлэхдээ Бурханд мөн адил үйлчилдэг.

Та үйлчлэхэд илүү их цаг гаргахыг оролддог уу? Аль эсвэл үйлчлэл тань илүү их баяр баясгаланг авчирдаг ч болоосой гэж хүсдэг үү? Та хаан Бенжаминаас яагаад “өөрийн бүх оюун, хүч мөн чадлаараа” үйлчилсэн бэ гэж асуувал тэр танд юу гэж хариулна гэж бодож байна вэ? (Mозая 2:11). Та Мозая 2:10–26-г уншихдаа үйлчлэлийн талаар хаан Бенжамины заасан үнэнүүдийг тодорхойлж, хэрхэн өөрийн амьдралд ашиглаж болох талаар тунгаан бодоорой. Жишээлбэл, бусдад үйлчлэх нь Бурханд мөн адил үйлчилж байгаа хэрэг гэдгийг олж мэдэх нь таны хувьд ямар утга учиртай вэ? (Мозая 2:17-г үзнэ үү). Энэ долоо хоногт хэн нэгэнд үйлчилж болох арга замын талаар бод!

Мөн Maтай 25:40-ийг үзнэ үү.

Тэврэлдэж буй хоёр эмэгтэй

Би бусдад үйлчлэхдээ Бурханд мөн адил үйлчилдэг.

Мозая 3:1–20

Би эгэл хүнээ ялан дийлж, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэгээнтэн болж чадна.

Хаан Бенжамин бүх бошиглогчийн адил хүмүүс нь “нүглүүдийнхээ ангижралыг хүлээн авч, үлэмж агуу баяслаар баярлаж боло[хын]” тулд Есүс Христийн талаар гэрчилсэн (Мозая 3:13). Тэрээр мөн Аврагч Өөрийн Цагаатгалаар дамжуулан биднийг цэвэршүүлэхийн зэрэгцээ “эгэл хүнээ” орхиж, “гэгээнтэн” болох хүчийг өгдөг болохыг заасан (Мозая 3:19 мөн Судруудын удирдамж, “Эгэл хүн,” scriptures.ChurchofJesusChrist.org-ыг үзнэ үү).

Ахлагч Дэвид А. Бэднар: “Есүс Христийн Цагаатгал биднийг нүглээ даван туулахад туслах ариусган аврах хүч ба дан ганц өөрсдийн хүчээр хүрч чадахааргүй сайн хүн болоход минь туслах ариусан хүчирхэгжих хүчийг хоёуланг өгдөг. Цагаатгалын хэмжээлшгүй хүч нь нүгэлтэн ч бай, гэгээнтэн ч бай бидний хүн нэг бүрд зориулагдсан юм” (“Clean Hands and a Pure Heart,” Ensign or Liahona, Nov. 2007, 82) гэж тайлбарласан.

Мозая 3:1–20 дахь хаан Бенжамины Аврагчийн талаарх гэрчлэлийг уншихдаа тунгаан бодож болох зарим асуултыг энд өгөв.

  • Би Аврагч болон Түүний зорилгын талаар эдгээр шүлгээс юу сурсан бэ?

  • Есүс Христ надад нүглийг ялан дийлэхэд хэрхэн тусалж байсан бэ? Тэрээр эгэл хүнээ өөрчилж, гэгээнтэнтэй илүү адилхан болоход надад хэрхэн тусалсан бэ?

  • Би Мозая 3:19-өөс гэгээнтэн болох талаар юу сурсан бэ?

Moзая 3:8

Яагаад хаан Бенжамин Есүсийг “тэнгэр ба газрын Эцэг” хэмээн нэрлэсэн бэ?

Ерөнхийлөгч Жозеф Ф. Смит “Иехова хэмээх нэрээр нь бидний мэдэх Есүс Христ нь бүтээлтийн ажлын үеэр Эцэг Елохимын гүйцэтгэгч байсан. … Есүс Христ бол Бүтээгч учраас тэнгэр, газрын Эцэг хэмээн байнга нэрлэгддэг юм …  мөн Түүний бүтээлүүд мөнхийн шинж чанартай учраас Түүнийг тэнгэр, газрын Мөнхийн Эцэг хэмээн зүй ёсоор нэрлэгддэг” гэж тайлбарлажээ (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 357).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судраас унших үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Мозая 1:1–7

Гуулин ялтаснууд болон Нифайн ялтаснууд хаан Бенжамины хүмүүсийг хэрхэн адисалсан бэ? Судрууд бидний гэр бүлийг хэрхэн адисалдаг вэ?

Moзая 2–3

Гэр бүлээрээ хаан Бенжамины үг хэлсэн нөхцөл орчинг бүрдүүлэх нь зугаатай байж магадгүй. Та нар жижигхэн цамхаг босгоод, гэр бүлийн гишүүд дээр нь ээлжлэн зогсож, хаан Бенжамины үгийг уншиж болно. Харин гэр бүлийн үлдсэн гишүүд өөрсдийн барьсан жижиг майхан дотроос сонсож болно.

Мозая 2:9–19

Бид хаан Бенжамины заасан зүйлс болон үлгэр жишээнээс үйлчлэлийн талаар юу сурч байна вэ? Бид юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Moзая 2:15–25

Гэр бүлээрээ даруу байдлын талаар ярилцах нь тустай байх болов уу? Яагаад хаан Бенжамин хийсэн бүх зүйлээрээ сайрхаагүй вэ? Бид түүний заасан зүйлсээс Бурхан ба бидний хоорондын харилцааны талаар юу сурч болох вэ?

Moзая 2:36–41

Хаан Бенжамин үнэнийг мэдсэн хэрнээ үүнийхээ дагуу амьдрахгүй байхын үр дагаврын талаар юу гэж заасан бэ? Тэрээр жинхэнэ аз жаргалыг хэрхэн олж авах талаар юу заасан бэ?

Moзая 3:19

Бид гэгээнтэн болохын тулд юу хийх ёстой вэ? Бид энэ шүлэг дэх аль зан чанарыг гэр бүлээрээ хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Биелүүлж болохуйц зорилго тавь. Судраас судлахад өдөрт ядаж хэдхэн минут зарцуулах нь таны амьдралыг адислах болно. Өдөр бүр суралцах амлалт өгч, амлалтыг тань сануулах арга замыг хайж ол.

Хаан Бенжамин өөрийн хүмүүст номлож байгаа нь

Хаан Бенжамин үг хэлж байгаа нь, Жэрэми Винборг