Ирээд, Намайг дага
4-р сарын 20–26. Мозая 4–6, “Хүчит өөрчлөлт”


“4-р сарын 20–26. Мозая 4–6, ‘Хүчит өөрчлөлт,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“4-р сарын 20–26. Мозая 4–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Бенжамин хаан хүмүүстээ зааж байгаа нь

Бурхандаа үйлчилж байгаа нь, Волтэр Рэйн

4-р сарын 20–26

Moзая 4–6

“Хүчит өөрчлөлт”

Мозая 4–6-г уншиж, тунгаан бодохдоо Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул. Та ямар сайн зүйлсийг хийхээр өдөөгдсөн бэ? (Moзая 5:2-ыг үзнэ үү).

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэн нэгний ярихыг сонсоод, амьдралаа өөрчилье гэсэн сэдэл танд төрж байсан уу? Магадгүй та сонссон зүйлээсээ болж арай өөрөөр, бүр огт өөрөөр амьдрахаар шийдсэн байж болох юм. Хаан Бенжамины заавар ийм л үг байсан бөгөөд түүний заасан үнэнүүд сонссон хүмүүстээ үүний адил нөлөөлж байсан юм. Хаан Бенжамин тэнгэр элчийн өөрт нь заасан зүйлсийг буюу “Христийн цагаатгагч цус[аар]” дамжуулан гайхамшигт адислалуудыг хүлээн авах боломжтой гэдгийг өөрийн хүмүүстэй хуваалцсан (Мозая 4:2). Түүний захиас өөрсдийгөө харах байдлыг нь бүрмөсөн өөрчилсөн төдийгүй (Мозая 4:2-ыг үзнэ үү), хүслийг нь өөрчилж (Мозая 5:2-ыг үзнэ үү), Бурханы хүслийг үргэлж дагах болно гэсэн гэрээнд Түүнтэй ороход өдөөсөн юм (Мозая 5:5-ыг үзнэ үү). Хаан Бенжамины үгс хүмүүст ийнхүү нөлөөлжээ. Тэдгээр нь танд хэрхэн нөлөөлөх вэ?

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Мозая 4

Есүс Христээр дамжуулан би нүглүүдээсээ ангижирч мөн үүнийгээ хадгалж чадна.

Эгэл хүнээ ялан дийлэх амар биш. “Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн бол[оход]” асар их хүчин чармайлт шаардагддаг (Мозая 3:19). Заримдаа нүглээсээ өршөөгдсөн хэмээн бодогдсон ч уг мэдрэмжээ хадгалан, зөв шударга байх зам дээрээ үлдэхэд хэцүү байх үе танд гарч болох юм. Хаан Бенжамин өөрийн хүмүүст хэрхэн нүглийнхээ ангижралыг хүлээн авч мөн хадгалах тухай заасан. Та Мозая 4-р бүлгийг судлахдаа өөртөө дараахын адил асуултуудыг тавьж болно.

1–12-р шүлэг:Нүглүүдээсээ ангижирснаар хаан Бенжамины хүмүүс хэрхэн адислагдсан бэ? Хаан Бенжамин нүглийнхээ ангижралыг хадгалахад нь туслах ямар зүйлийг тэдэнд заасан бэ? Бид хэрхэн аврал хүлээн авдаг талаар тэр юу гэж заасан бэ? Хаан Бенжамин юуг “үргэлж дурсан санаасай” хэмээн хэлснийг онцлон анхаар (11-р шүлэг). Эдгээр зүйлийг санахын тулд та юу хийхээр өдөөгдөж байна вэ?

12–16-р шүлэг:Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хэрвээ бид 11-р шүлэгт дүрсэлсэн зүйлсийг хийвэл амьдралд маань юу тохиох вэ? Та эдгээр өөрчлөлтийг амьдралдаа мэдэрч байсан уу? Тэдгээр нь Мозая 3:19-д дүрсэлсэн өөрчлөлтүүдтэй ямар холбоотой вэ?

16–30-р шүлэг:Ядуустай хуваалцах нь хэрхэн бидэнд нүглийнхээ ангижралыг хадгалахад тусалдаг вэ? Та 27 -р шүлгийг Христтэй адил болохын тулд гаргах хичээл зүтгэлдээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Мөн Дэвид A.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45–48; Дэйл Г.Рэнланд, “Зүрх сэтгэлийнхээ хүчирхэг өөрчлөлтийг хадгалах нь,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 112–114-ийг үзнэ үү.

Мозая 5:1–7

Их Эзэний Сүнс зүрх сэтгэлд минь хүчит өөрчлөлтийг авчирч болно.

Хүмүүс “Би өөрчлөгдөж чадахгүй. Би ийм л хүн” гэж хэлэх нь олонтоо. Эсрэгээрээ, хаан Бенжамины хүмүүсийн туршлага Их Эзэний Сүнс хэрхэн зүрх сэтгэлийг үнэхээр өөрчилдгийг харуулсан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бид гаргадаг зан авир, үйлдлүүдээ өөрчилж чадна. Тэр ч байтугай хүсэл эрмэлзлээ ч мөн өөрчилж чадна. … Жинхэнэ өөрчлөлт болох мөнхийн өөрчлөлт нь зөвхөн Есүс Христийн Цагаатгалын эдгээх, ариусгах, хүчирхэгжүүлэх хүчээр л ирдэг. … Есүс Христийн сайн мэдээ бол өөрчлөлтийн сайн мэдээ юм!” гэж заасан (“Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” Ensign, Nov. 2013, 108 эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 123).

Та хаан Бенжамины хүмүүсийн мэдэрсэн өөрчлөлтийн талаар уншихдаа жинхэнэ хөрвөлтөд хүргэсэн “хүчит өөрчлөлт” амьдралд тань хэрхэн гарсан эсвэл гарч болох талаар бод. Хэдэн “хүчит” цаг мөч зүрх сэтгэлийг тань өөрчилсөн үү эсвэл та алгуурхан хөрвөгдсөн үү?

Түүнчлэн Езекиел 36:26–27; Алма 5:14; Дэвид  A.Бэднар, “Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign, Nov. 2012, 106–9 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133-ыг үзнэ үү.

Христ өвчтэй эмэгтэйг эдгээж байгаа нь

Аврагч бидний зүрх сэтгэл, амьдралыг өөрчилж чадна. Эдгээгч мутар, Адам Абрам

Moзая 5:5–15

Би гэрээ байгуулахдаа Христийн нэрийг өөр дээрээ авдаг.

Хаан Бенжамины хүмүүстээ хандан үг хэлэхийг хүссэн бас нэг шалтгаан бол “тэдэнд нэр өгөх” явдал байсан юм. Зарим нь нифайчуудын мөн бусад нь Мюлекийн үр удам байсан ч тэдгээр нь түүний бодож байсан нэр биш байв. Тэрээр Бурханд дуулгавартай байх гэрээнийхээ нэг хэсэг болгон өөрсөд дээрээ “Христийн нэрийг” авахад хүмүүсийг урьсан (Мозая 1:11; 5:10). Христийн нэрийг өөр дээрээ авах гэдэг нь юу гэсэн утгатай болох талаар та Мозая 5:7–9-өөс юу сурсан бэ?

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “[Ёс суртахуун болон сүнслэг байдлын хүчийн] эх сурвалж нь Бурхан юм. Бид энэ хүчийг Түүнтэй хийсэн гэрээнүүдээрээ дамжуулан олж авч чадна” хэмээн заасан (“Гэрээнүүдийн хүч,” Ensign, May 2009, 20 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган,  19). Мозая 5:5–15-ыг уншихдаа, Бурхантай хийсэн гэрээгээ дагаснаар амьдралд тань ирэх адислалуудыг жагсааж бич. Гэрээгээ дагах нь Есүс Христ болон Түүний Цагаатгалаар дамжин ирсэн “хүчит өөрчлөлтийг” хадгалан үлдэхэд тань хэрхэн тусалдаг вэ?

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Мозая 4:9–12

Гэр бүл тань хэрхэн илүү бүрэн дүүрэн “Бурханд итгэж,” (Мозая 4:9) “Бурханы агуу ихийг үргэлж дурсан санаж” болох вэ”? (Мозая 4:11). Гэр бүлийн гишүүд Мозая 4:9–12-ыг уншаад, Бурханд итгэх итгэлийг нь хөгжүүлэх хэллэгийг тодорхойлж болно. Дараа нь тэдгээр хэллэгээ бичээд, гэртээ сануулга маягаар энд тэнд тавьж болно. Эдгээр зүйлийг санах нь хэрхэн бидэнд “үргэлж баяс[аж],” мөн “нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгалах[ад]” туслах вэ? (Мозая 4:12).

Moзая 4:14–15

Бид эдгээр шүлгээс маргах, хэрэлдэх талаар юу мэдэж авсан бэ?

Moзая 4:16–26

Бид ямар утгаараа бүгд гуйлгачид байдаг вэ? Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Бурханы бүх хүүхдэд хэрхэн хандах ёстой вэ? (Мозая 4:26). Хэнд бидний туслалцаа хэрэгтэй вэ?

Moзая 4:27

Гэр бүлийнхэн тань өөрсдөд буй хүчнээс илүү хурдан гүйж байна уу? Та гэр бүлийнхнийгээ өөрсдийн үйл ажиллагааг үнэлж цэгнэн, ажилч хичээнгүй байхын зэрэгцээ ухаалаг хандаж байгаа эсэхээ дүгнэхэд урьж болно.

Moзая 5:5–15

Өөрсөд дээрээ Христийн нэрийг авах нь Түүний болон бидний хоорондын харилцааны талаар юуг харуулж байна вэ? Яагаад заримдаа хүмүүс өөрсдийн эд зүйлс дээр нэрээ бичдэг талаар ярилцах нь тустай байж болох юм. Бид Аврагчид “харьяалагддагаа” ямар байдлаар үзүүлж болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Хайрын уур амьсгалыг бий болго. Гэр бүлийн гишүүдийн бие биедээ хандах хандлага гэр орны сүнслэг уур амьсгалд гүнзгий нөлөөлж болдог. Хайраар дүүрэн, хүндэтгэлтэй орчинг үүсгэхийн тулд гэр бүлийнхээ бүх гишүүнд тус тусынхаа үүргийг гүйцэтгэхэд нь тусал. Тэгснээр хүн бүр туршлага, асуулт, гэрчлэлээ санаа зоволгүй, чөлөөтэй хуваалцах боломжтой байх болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 15-ыг үзнэ үү.)

Христ хашаан доторх шувуудыг хооллож байгаа нь

Түүний байнгын халамжинд, Грэг К.Өүлсэн